CBS: АНУ Киевээс бүх албан хаагчаа хоёр хоногийн дотор гаргахаар төлөвлөж байна
АНУ-ын эрх баригчид Киевт байгаа бүх албан хаагч нь 24-48 цагийн дотор тус хотоос гарах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж “CBS” телевизийн компани ням гарагт твиттер хуудсандаа мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ойрын 24-48 цагийн дотор Киевээс бүх албан хаагчаа гаргахаар бэлтгэж байгаа аж. Гэхдээ чухам ямар байгууллагын ажилтнууд болохыг “CBS” дурдаагүй байна. Үүнээс гадна, энэ нь тэд Украинаас гарна гэсэн үг үү гэдгийг тайлбарлаагүй байна.
Украин дахь АНУ-ын хэргийг түр хамаарагч Кристина Куинн болон Америкийн бусад дипломатчид Киевээс Львов руу нүүж байгаа тухай Украины "Европын үнэн" сонин ням гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн энэ өдөр “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө, Америкийн эрх баригчид Киевт суугаа тус улсын Элчин сайдын яамны бүх ажилтныг шаардлагатай бол явахыг үүрэг болгоход бэлэн байгаа гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь АНУ-ын Төрийн департамент "ОХУ цэргийн ажиллагаа явуулах аюул заналхийлж байгаатай холбогдуулан" Киев дэх ихэнх дипломат ажилтнуудаа Украины нутаг дэвсгэрээс гарахыг үүрэг болгосон тухай мэдээлэл гарч байв. Элчин сайдын яамны ихэнх ажилтныг нүүлгэн шилжүүлж байгаа нь Элчин сайдын яамны үйл ажиллагааг зогсоож байгаа эсвэл яамыг хааж байгаа гэсэн үг биш болохыг бямба гарагт АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгджээ. Киев дэх АНУ-ын Элчин сайдын яам ихэнх консулын үйлчилгээг түр зогсоож байгаа боловч "Львовоос хязгаарлагдмал хэмжээний яаралтай консулын үйлчилгээг үзүүлнэ” гэж албаны хүн цохон тэмдэглэсэн байна.
Сүүлийн үед барууны орнууд, түүнчлэн Киевт Оросууд Украин руу довтолж болзошгүй тухай мэдэгдэл гарах болсон юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээллийг түгшүүртэй байдлыг хурцатгасан хоосон, үндэслэлгүй мэдээлэл гэж мэдэгдээд Орос улс хэнд ч аюул занал учруулахгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/