Л.Батдэмбэрэл: ‘КАЖУГ’ монгол арьсан тэлээг Дэлхийд гаргана

Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж буй хамт олныг бид онцолдог. Тэгвэл энэ удаад гүн боловсруулсан үхрийн ширээр бүх төрлийн бүс, тэлээ, цүнх үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг “Кажуг” брэндийг танилцуулж байна.

“Кажуг” компани Монголын арьсан урлалын зах зээлд арав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний баялаг бүтээгч “Кажуг” брэндийн үүсгэн байгуулагч Л.Батдэмбэрэлтэй ярилцлаа.

-Танайх 100 хувь гүн боловсруулсан арьсаар бүтээгдэхүүн хийж байна. Арьсаа өөрсдөө боловсруулдаг уу?

–Монголын арьс ширний холбооны гишүүн байгууллагууд боловсруулалт хийх, бүтээгдэхүүн болгох хоёр чиглэлээр ажилладаг. Бид боловсруулалт хийдэг компаниас 100 хувь боловсруулсан арьсыг авч хэрэглэдэг. Гүн боловсруулалт хийгдсэн арьс бол эдэлгээ удаан, торгомсог зөөлөн, хаанаас ч зүссэн тухайн өнгө нь гардаг давуу талтай.

-Өнөөдөр “Кажуг” нэрийн хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Бид зургаан үндсэн өнгө хэрэглэдэг. За тэгээд цүнхний 25 нэр төрөл бэлэн гарч байна. Мөн бүх төрлийн бүс, тэлээний эрэгтэй 10 загвар, эмэгтэй 6 загвар, хэтэвч хийдэг. Дээрээс нь тендерээр, захиалгаар арьсаар хийж болох бүхнийг хийнэ. Жишээ нь, арьсан сандал, буу жадны гэр гэх мэт.

-“Кажуг”онцгой чанар нь юу вэ?

-100 хувь гүн боловсруулсан гэдэг арьс өөрөө 100 хувь чанарын баталгаа шүү дээ. Бид цүнхэн дээр цахилгаан, далд хэрэгсэл, бүсэн дээр арал, толгойнд баталгаа өгдөг. Үнэгүй засварлаад солиод өгнө, асуудал гарвал эргээд ирээрэй гэж хэлдэг.

-Үйлдвэрийн хүчин чадал, одоо хэдэн хүн ажиллаж байна вэ?

Найман хүн тогтмол ажилладаг. Ачаалал ихтэй үе буюу цагаан сар, наадам, тендерийн захиалгын үед 12-16 хүн ажиллана. Үйлдвэрээ бүрэн ашиглавал өдөрт 1000 бүс гаргах боломжтой. Борлуулалт, захиалгаасаа шалтгаалаад өнөөдөр хүчин чадлынхаа 60 -70 хувийг ашиглаж байна.

-Анх бизнесээ эхлэхэд ямар байв?

–Солонгост сүүлийн таван жил бол бараг зүүдэлж байсан. Монголдоо очий, үүнийг л хийе гээд л.Анх үйлдвэрээ нээгээд шууд л брэнд бүс хийх гэж үзлээ. LV энэ тэр гэсэн баахан бичигтэй. Тэгээд Япон руу үзэсгэлэн худалдаанд дээж өгөөд явуулсан чинь “Монголд үйлдвэрлэв биш байна. Үндэсний хэв шинж агуулсан нэг ч зүйл алга” гэсэн. Тэгэхээр нь үндэсний хээгээ судалж бүсэндээ бага багаар оруулаад явсан.

-Монгол бахархал, монгол чанар агуулсан“Кажуг” брэндийг бид хаа хаанаас ямар үнээр авч болох вэ?

-Үйлдвэр дээрээ нэрийн дэлгүүртэй. Мишээл экспо, Улаанбаатар палас т манай өөрийн худалдагч нар үйлдвэрийн үнээрээ борлуулалт хийж байна. Их дэлгүүр, Номин, Хүннү молл, Емарт, Монголд үйлдэрлэв, Мөнгөн завьяад манай нэрийн цэгүүд бий. Мөн Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Увс аймагт өөрийн нэрийн дэлгүүртэй. Монголд хамгийн чанартай хэрнээ хамгийн хямд 100 цэвэр арьсан бүтээгдхүүнийг бид үйлдвэрлэж байна. Хятадын цаасан шахмал бүсний үнээр л зарж байна шүү. Үнээ нэмэлгүй гурван жил боллоо. Манай бүс 15-25 мянган төгрөгний үнэтэй.

-Цаашдын зорилго зорилтоо хэрхэн харж байна вэ?

-Бүтээгдхүүний төрөлжүүлж үйлдвэрлэх зорилготой. Кажугийн бүсний үйлдвэр, цүнхний үйлдвэр гээд л. Бүр цаашлаад монгол арьсыг дэлхийд гаргах мөрөөдөлтэй. Монголчууд уул уурхайгаа ухахаас илүүтэй малаа эрүүл өсгөж арьсаа сайн боловсруулбал энэ чинь өөрөө алт, баялаг. Монгол арьс дэлхийн хаана ч очсон нүүр бардам үзүүлж болох тийм л том баялаг юм.

– Та хэрэглэгч, худалдан авагчдад хандаад юуг хэлмээр байна вэ?

-Кажуг чанарыг амлаж чадна. 100 хувь гүн боловсруулсан үхрийн ширээр урласан манай төрөл бүрийн бүс, цүнх, хэтэвчийг хайртай дотны хүмүүстэй баяр ёслолоор бэлэг болгон өгөөрэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)