Вьетнам ирэх долоо хоногоос олон улсын нислэгт тавьсан хязгаарлалтаа цуцална
Вьетнам ирэх мягмар гарагаас эхлэн олон улсын нислэгт тавиад байсан хязгаарлалтаа цуцалж, нислэгийн тоог хязгаарлахгүй хэмээн тус улсын төрийн “Tuoi Tre” агентлаг мэдээлэв.
“Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн олон улсын нислэгийн хязгаарлалтыг цуцалж, нислэгийн давтамж цар тахлын өмнөх түвшиндээ хүрнэ” гэж Вьетнамын Иргэний нисэхийн газрын дэд дарга Дин Виэт Сон мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Вьетнам улс аль хэдийн өөрийн түншүүддээ хязгаарлалтыг цуцалж буйгаа мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар зөвхөн БНХАУ л арилжааны нислэгээ сэргээх зөвшөөрөл олгоогүй байгаа аж.
Цар тахал дэгдсэнээс хойш Вьетнам хилийн хатуу хориг тавьж, хязгаарлалтын арга хэмжээ аваад байсан ч энэ нь аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болжээ.
Тус улс энэ оноос эхлэн аажмаар 15 улсын нислэгийг сэргээж, ирсэн зорчигчдыг тусгаарлах арга хэмжээг зөөлрүүлсэн байна. Одоогийн байдлаар вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг зөвхөн гурав хоног тусгаарлах бодлого хэрэгжиж байгаа юм.
Ташрамд дурдахад, Вьетнамд халдварын нийт тохиолдлын тоо 2.5 саяд хүрч, 39 мянган хүн нас бараад байна. Тус улсын 98 сая хүн амын 98 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагджээ.
Эх сурвалж: ВЬЕТНАМ. /Tuoi Tre/