Германы Канцлер Киевт айлчилна

Германы Канцлер Олаф Шольц даваа гарагт Киев айлчилна. О.Шольц Украинд айлчилсныхаа дараа ОХУ-ыг зорих бөгөөд Украины эрх баригчид Москвад айлчлахынх нь өмнө аюулгүй байдлынхаа асуудлаар байр сууриа нэгтгэнэ гэж найдаж байна.

Москвад хоёрдугаар сарын 15-нд хийхээр товлосон айлчлалынхаа өмнө О.Шольц Украинд айлчлахаар болсныг Киев нааштай үнэлж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өмнө нь мэдэгдсэн байна.

"Бидэнд хэт их хүлээлт байхгүй, гэхдээ энэ нь Германы Канцлер ба Украины Ерөнхийлөгч нарын хоорондох анхны бодитой яриа хэлэлцээ байх бөгөөд Москвад айлчлахаас нь өмнө Канцлер О.Шольцтой байр сууриа нэгтгэнэ" гэж сайд онцлон тэмдэглэжээ.

Харин Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ, В.Зеленский, О.Шольц нар Германы төлөөлөгчид болон Украины тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн сайд Юлия Свириденко тэргүүтэй тус улсын төлөөлөгчидтэй “Нормандын дөрвөл”-ийн удирдагчдын (Герман, Орос, Украин, Франц) улс төрийн зөвлөхүүдийн уулзалттай зэрэгцэн хэлэлцсэн эдийн засгийн асуудлыг эцэслэн тохиролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Берлинд болсон энэхүү уулзалтад оролцсон юм.

О.Шольцын Украинд хийх анхны айлчлалын өмнө Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хоёрдугаар сарын 7-8-нд Киевт айлчилсан юм. Украинд тэрбээр Д.Кулебатай уулзсаны зэрэгцээ Донбасст очсон байна. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мөн хоёрдугаар сарын 12-нд  аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал болон Германы Канцлерын удахгүй хийх айлчлалын талаар утсаар ярилцжээ.

Хоёр талын харилцаа ийхүү эрчимжиж байгаа нь Берлин Украины хямралыг зохицуулах хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаагийн нотолгоо гэж Украины шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: КИЕВ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.239)