Өөртөө итгэлтэй хүний хэзээ ч гаргадаггүй 8 үйлдэл

Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийн үнэ цэн, ямар амжилтад хүрч чадахаа сайн мэддэг. Тиймдээ ч тавьсан зорилгодоо тууштай байж түүндээ хүрэх нь элбэг. Ийм хүмүүс бусдын сэтгэлийг татаж, эргэн тойрныхондоо сайн үлгэр дуурайлал үзүүлэх чадвартай бөгөөд олон хүмүүс өөртөө итгэлтэй болохыг хүсдэг нь нууц биш юм. 
Хэдий хэрэгжүүлэх нь хүсээд өнгөрөхөөс хэцүү боловч өөртөө итгэлтэй, сэтгэл татам хүн болох боломж бид бүгдэд бий. Энэ боломжийг атган авч, цаашид өсөж хөгжихөд чинь туслахын тулд өөртөө итгэлтэй хүний хийдэггүй зүйлсийг жагсаан хүргэж байна. 

1.Тухгүй байдалд орохоос айх

“Ууланд авирахын тулд эхлээд орноосоо бос” гэдэг үг бий. Дассан, тухтай газраа орхин гарч байж л өсөж хөгжих боломжтой нүүр тулна шүү дээ. Эвгүй, тухгүй газар байна гэдэг нь “буруу газар”-т байна гэсэн үг огтхон ч биш. Эхэндээ шинэ бүхэн хэцүү санагдаж, танил дасал болсон газар руугаа эргэн тэмүүлэх нь байдаг л зүйл. Харин өөртөө итгэлтэй нэгэн ямар ч сорилтыг давахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэх учир “тухтай бүс”-ээ орхин гарахад хэзээд бэлэн байдаг. 

 2.Аливааг хойш нь тавих 

Цагийн юм цагтаа. Хийх ёстой зүйлээ маргааш, нөгөөдөр, ирэх Даваа гарагт гэж хойшлуулна гэдэг тун хортой зуршил. Чухал ажлаа хойшлуулсан хүн сэтгэл амар байх нь юу л бол. Цаг минут тутамд санаа зовниж, амарсан амраагүй хоёрын хооронд байхаар эртхэн хийж дуусгачхаад маадайж суух сайхан биш үү? 

3.Хөдөлмөрөө үнэлэхгүй байх

 

Сайн чаддаг зүйлээ бүү үнэгүй хийж өг. “Чамд бол амархан”, “Арван минутын дотор хийчихэд ямар үнэтэй юм” гэх үгсийг сонсож байсан уу? Амжилттай хүний амнаас энэ үгс хэзээ ч унахгүй. Тухайн чадварыг эзэмшихийн тулд хэчнээн хол зам туулсныг чинь тэд үргэлж ойлгох болно. Өөрсдөө ижил зам туулсан учраас шүү дээ.

4.Анхаарал татахыг хичээх 

Тайзны гэрэл хаана тусна тийш гуяа алгадан гүйх нэгэн хэрхэвч өөртөө итгэлтэй хүн биш. “Дутуугийн мэдрэмжтэй” хүмүүс л дутуугаа дүүргэж, дундуураа нөхөхийн тулд бусдаас анхаарал гуйх нь олонтаа. 

5.Үгэнд өс санаж, маргах

Тэдгээр хүмүүс хэн нэгний сөрөг сэтгэгдэлд төдийлөн “хотойхгүй”. Өөрийн бодол өөртөө зөв гэдгийг мэдэж эвлэрсэн тул өөрчлөх гэж ч хичээхгүй. Гагцхүү шүүмжлэл, доромжлол хоёрын заагийг ялган шүүмжлэлийг тусган авч, доромжлолыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сурсан байдаг. 

6.Бусдыг шүүмжлэх

Шийдэлгүй шүүмж бол доромжлол. Бүгд тус тусын амьдралын замыг туулж явааг тэд сайн мэднэ. Тиймдээ ч өөрийн амьдралыг өрөөлтэй харьцуулж, “кайф” авахын тулд хэн нэгэн дээр гишгэлж буйг нь анзаарахгүй л болов уу. 

7.Бүхнийг мэддэг мэт аашлах

Хорвоогийн түмэн асуултын хариулт ганц хүний цээжинд багтана гэдэг үлгэр. Өөртөө итгэлтэй хүн байнга шинэ мэдээлэлд нээлттэй байж, өдөр тутам суралцаж байдаг. Мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, аливааг асууж байгаа хүн хэзээд бурууддаггүй. 

8.Хохирогчийн дүрд тоглох

Шийдэл биш шалтаг хайдаг нь бидний хамгийн том алдаа. Шийдэл ирээдүй цагт оршиж байхад шалтаг үргэлж өнгөрсөнд тоосонд дарагдан үлдэж байдаг. Заримдаа зүгээр л алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээх шиг сайхан зүйл хаана байх вэ. Өөртөө итгэлтэй хүмүүс яг л үүнийг хийдэг. Тэд хэн нэгний эсвэл аль нэг хүчин зүйлийн хохирогч мэт аашлахгүйгээр үргэлж ирээдүйг харж шийдлийг амжилттай олдог.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.210.173)