Хичээл хийхэд тохиромжтой тухтай газрууд

Танхимаар хичээллэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Бие даалтууд, гэрийн даалгавар ихсэж байгаа энэ үед хичээл хийх тухтай газар олно гэдэг тун хэцүү асуудал. Цахимаар хичээллэж байсан нөхцөл байдлаасаа салж чадахгүй гэртээ төвлөрч өгөхгүй, номын санд олон цагаар суухаар нэг л тухгүй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ Улаанбаатар хотод хичээл хийхэд тохиромжтой, олон цагаар суух боломжтой газруудыг танилцуулж байна.

LEARNING OFFICE 

Цагийн хуваарь:  9:00- 21:00

Хаяг: Багшийн дээр гурван замын уулзварын чанх урд талд UBH центр 13 давхар 1314 тоот

Уг “Student office”-д оюутан залуус маань ганцаараа болон багаараа хичээл хийх, ном уншиж цагийг өнгөрөөх боломжтой. Нийт 20 хүний суудалтай. Одоогийн байдлаар 30 гаруй номтой ба хоёр сар тутамд номын сангаа шинэчилдэг аж. Мөн хятад хэлний бүх шатны сурах бичиг, гарын авлага, толь бичгийн сантай. Бичиг баримтаа үлдээгээд номоо түрээслэн авч явж болно.  Хэдэн ч цаг сууж болох ба хонож хичээлээ хийх ч боломжтой. Wi Fi, цай, ус зэрэг үнэгүй бөгөөд чихэвч, цэнэглэгч, принтерийг ашиглаж болно. 7 хоног, 14 хоног, 1 сарын эрхийн картууд гаргадаг ба хүссэн үедээ очиж суун цагаа хасуулж болдог аж. Өөрөөр хэлбэл 7 хоногийн картыг аваад хэдэн ч сар дамнан ашиглаж болно.Үнийн мэдээллээс сонирхуулахад нэг цагийн 2 мянган төгрөг, нэг өдрийн 10 мянган төгрөг, долоо хоногийн 50 мянган төгрөг, нэг сарын 180 мянган төгрөг юм байна.

MIND OFFICE

Цагийн хуваарь: 07:30-22:00

Хаяг: Бөхийн өргөөний баруун талд "Эрхэт оффис"-ын 8 давхарт 803 тоот

2021 оны дөрөвдүгээр сарын 8-наас оюутан залууст чөлөөт цагийг зөв өнгөрөөх, хичээл хийх тухтай орчныг бүрдүүлэх зэрэг зорилготойгоор Монголын хамгийн анхны “Student office” болон үйл ажиллаагаа явуулж эхэлжээ. Багаараа хичээл хийх 12 хүний суудалтай хурлын өрөө ба 19 хүний суудалтай заалтай. Өдрийн төлбөрөө төлөөд хэдэн ч цаг суух боломжтой ба интернэт, цэвэр ус үнэгүй. Принтер, утасны цэнэглэгч, бичиг хэргийн хэрэгсэл зэргийг ашиглах боломжтой. 50 орчим номын сантай бөгөөд тогтмол номоо шинэчилдэг. Мөн оюутан сурагчдад урт хугацаагаар суухад тухтай байлгах үүднээс ширээ, сандлыг чанартай, тухтай байхаар шийдэж өгсөн. Уг оффис нь Япон хэлний сургалт явуулдаг бөгөөд цагаа урьдчилж тохирон Япон хэл сурах талаар, явж ажиллах, Японы их сургуульд суралцах тухай ганцаарчилсан үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Энэ оны гуравдугаар сарын 1-нээс 10-12 хүүхдийн суудалтай ангиараа хичээл хийх боломжтой шинэ танхим нээх гэж байгаа аж. Үнийн мэдээллээс дурдахад өдрийн 5 мянган төгрөг, сарын 80 мянган төгрөг, 5 өдрийн карт 20 мянган төгрөг. Нэгэн таатай мэдээг дуулгахад нийтлэл гарснаас хойш 7 хоногийн хугацаанд манай нийтлэлийг уншсанаа хэлээд хурлын өрөөг 50 хувиар хямдруулах боломжтой шүү.

TOM N TOMS

Цагийн хуваарь: 07:00-23:00

Хаяг: Багшийн дээд салбар

Удаан хугацаагаар ном уншиж хичээл хийн суухад тохиромжтой тухтай, өнгөлөг орчинтой. Найзтайгаа зөвлөлдөж хамтарч ярилцан хичээл хийх буюу бага зэрэг чимээ гаргах боломжтойгоороо номын сан зэрэг газруудаас илүү давуу талтай юм. Ном унших, цонхтой цагаараа хичээлээ давтан суух, найз нөхөдтэйгөө хамтдаа суугаад хичээлээ хийх газар хайж байгаа бол TOM N TOMS-д зочлоорой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.96.17)