БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сок Ёл сонгогджээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгуулжээ.

Бүх саналын хуудсыг тоолсны дараах байдлаар Иргэний хүч намын нэр дэвшигч Юн Сок Ёл 48.56 хувийн санал авсан бол Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83 хувийн санал авсан байна.

Ийнхүү хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү 0.73 хувьтай байсан нь урьд бүртгэгдэж байгаагүй бага үзүүлэлт болжээ. Шударга ёс намаас нэр дэвшигч Сим Сан Жоны хувьд сонгогчдын 2.37 хувийн саналыг авсан байна.

“Бид, БНСУ-ын ард түмэн бол нэгэн цул юм. БНСУ-ын иргэд бүс нутаг, анги давхаргаас үл хамааран тэгш эрхтэй бөгөөд хаана ч байсан тэдэнд шударга хандах хэрэгтэй. Миний бие үндэсний нэгдмэл байдлыг эн тэргүүнд тавих болно” гэж тэрбээр Үндэсний ассамблейн намын төлөөлөгчдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Өдгөө 61 настай, ерөнхий прокурор асан тэрбээр сонгуульд ялснаа “агуу ард түмний ялалт” хэмээн тодорхойлсон байна. Эрх баригч намын нэр дэвшигч Ли Жэ Мёний хувьд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, Юн Сок Ёлд баяр хүргэжээ.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 44 197 692 сонгогчийн 34 071 400 нь санал өгснөөр сонгогчдын ирц 77.1 хувьд хүрчээ. Энэ нь 2017 оны сонгуулийнхаас /77.2 хувь/ үл ялиг буурсан үзүүлэлт болсон байна.

Харин 2013 онд баталж, 2014 оны сонгуулиас нэвтрүүлсэн урьдчилсан санал хураалтад сонгогчдын 36.93 хувь нь саналаа өгсөн нь түүхэн дээд үзүүлэлт болсноос гадна өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийнхаас 10 гаруй хувиар өсжээ. Энэхүү санал хураалт гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болсон юм.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёл ирэх тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөнө. 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.169.122)