“COVID-19”-өөр өвдсөн хүмүүст урт хугацаанд зовуурь илэрч байгааг тогтоожээ

“COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн ойролцоогоор 30 хувьд нь урт хугацаанд зовуурь илэрч байгааг АНУ-ын Лос Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн /UCLA/ шинэ судалгаагаар тогтоожээ.

Тус их сургуулийн судлаачид “UCLA COVID Ambulatory Program” хэмээх хөтөлбөрт 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 2021 оны хоёрдугаар сарын хооронд 1038 хүнийг хамруулан судалсан байна.

Судалгаанд дурдсанаар, тэдгээр хүмүүсийн 309-д нь урт хугацаанд зовуурь илэрсэн байна. Түүнээс хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдгүүдийг дурдвал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн хувьд ядарч сульдах, амьсгаа давчдах, гадуур эмчлүүлсэн өвчтөнүүдэд үнэрлэх мэдрэхүй алдагдах зовуурь илэрчээ.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, чихрийн шижин өвчтэй, биеийн жингийн индекс өндөртэй хүмүүст урт хугацаанд зовуурь илрэх магадлал өндөр байсан гэж судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Сонирхолтой нь, угсаа гарал, өндөр нас, нийгэм-эдийн засгийн байдал зэрэг нь хүндээр өвчлөх, улмаар нас барахад холбоо хамааралтай байгаа ч уг хам шинжтэй холбоогүй байжээ.

Калифорнийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн доктор Сун Югийн хэлснээр, энэхүү судалгаа нь “COVID-19”-ийн урт хугацааны эмгэгийн талаар нарийвчлан судлахын тулд илүү олон хүнийг хамруулж, хавсарсан өвчнүүд, нийгэм хүн ам зүйн хүчин зүйл, вакцинжуулалтын байдал, вирусний хувилбарын төрөл зэрэг хүчин зүйлүүд нь шинж тэмдгүүдийн төрөл, үргэлжлэх хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх шаардлагатай байгааг харуулсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.195.127)