“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хүнсний хямралын талаар хэлэлцэнэ
“Долоогийн бүлэг”-ийн орнууд Украины үр тарианы импортоос ихээхэн хамааралтай Африк тэргүүтэй бүс нутаг дахь хүнсний хомсдолын талаар хэлэлцэх сайд нарын түвшний уулзалтыг ирэх долоо хоногийн сүүлээр Германд хийхээр төлөвлөж байна гэж дипломат эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
Энэхүү уулзалтаар Германы өмнөд нутагт зургаадугаар сарын 26-наас эхлэх “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын үндэс суурийг тавих төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх сэдэвт хүнсний хямрал мөн багтах төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд хэлжээ.
Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн хувьд уг хэлэлцээнд цахимаар оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд хүнсний хямралыг НҮБ, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагуудын тусламжтайгаар зохицуулахыг дэмжих Японы Засгийн газрын хүчин чармайлтын талаар тайлбарлах төлөвтэй байна.
Мөн Х.Ёшимаса экспортын үндэслэлгүй хязгаарлалт тогтоох, хүнсийг хэт ихээр нөөцлөхөөс зайлсхийж, хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн салбарын үр өгөөжийг сайжруулахад туслах арга замыг эрэлхийлэхийг уриална гэж эх сурвалжууд мэдээлжээ.
“Долоогийн бүлэг”-ийн сайд нар мөн Оросын түрэмгийллийн улмаас хүнсний хямрал үүсэж байгааг зэмлэн буруушааж, Украины үр тариаг хуурай замаар тээвэрлэх нөхцөлийг баталгаажуулах зэрэг тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын дунд үеэс эхэлсэн Оросын цэргийн түрэмгийлэл намжих төлөвгүй байгаа тул хүнсний хомсдолд орох вий гэх болгоомжлол Африк, Ойрхи Дорнод зэрэг Украины улаан буудайн импортоос ихээхэн хамааралтай бүс нутгуудад үүсэх болоод байгаа юм.
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/