Орон сууцны буцаан олголтыг зургаан сая болгохоор хуулийн төсөлд тусгажээ
Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас сарын хугацаанд улс орон даяар 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Шинэчилсэн найруулгаар "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд" өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм байна. Мөн программ хангамжийг хөгжүүлэн нэвтрүүлж, цахим татварын алба болох бөгөөд Татварын удирлагын нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Татварын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгүүлж байгаа талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тэрээр “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд болон байнгын хорооны хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын даргаар захирамжаар байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүдээс ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж тасралтгүй ажилласаар байна.
Татварын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61, ААН-ийн орлогын албан татварын хуулийн төслийн талаар 10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслөөр нийт зургаа, хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар 27, УИХ-ын бусад шийдвэртэй холбоотой асуудлаар холбогдуулан нийт 11 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгээд байна" гэв.
Татварын багц хуулийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Татварын багц хуулийн төслийн хүээнд Бизнесийн орчныг сайжруулах, олон улсын татварын харилцааг боловсронгуй болгох зэрэг зорилтыг тавьсан. Монгол Улсын гадаад дотоод худалдаа нэмэгдсэн. Олон улсын төвшинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг Олон улсын татварын тухай хуультай нийцүүлэх, татвартай холбоотой мэдээллийг авдаг байх орчныг хуульд суулгах зайлшгүй шаардлагатай. Тиймээс татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах өөрчлөлтүүдийг уг хуульд оруулж өгсөн.
Сангийн яамнаас 2019 онд гааль татварын шинэчлэлийг хийхэд голлон анхаарч ажиллаж байна. Тус хуулийг УИХ-д өргөн бариад 10 орчим сар өнгөрлөө. Хэрэв Татварын багц хууль батлагдвал 30 орчим журам гарах бөгөөд уг хуулиудыг тайлбарласан ном хийх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, хуулийг нэг л янзаар тайлбарладаг орчныг бүрдүүлнэ. Мөн Татварын багц хуультай холбогдуулан 39 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Хөрөнгө оруулагч, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллага зэрэг байгууллагуудтай уулзаж ярилцсан. Судлаач, эрдэмтэн, бүх аймгийн татварын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Олон санал дэвшүүлсэн ч бүх саналыг уг хуульд тусгах боломжгүй. Хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих чиглэлээр таван зүйл бий. Тухайлбал, Жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр оруулж өгсөн.
Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бол төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авна. Аж ахуйн орлогын албан татварын босго гурван тэрбумыг зургаан тэрбум төгрөг болгож өсгөсөн. Хөрөнгө оруулалт нөхөх боломжийг бий болгосон.
Эх үүсвэрийн зардлыг бууруулахад дэмжлэг болох заалтыг оруулсан. Арилжааны банкны зээлийн хүүгийн орлогод ногдох татварыг таван хувьд болгож, буулгасан. Татварын багц хуулий. төсөлд НӨАТ-ыг улирал тутамд олгодог болох саналыг тусгасан” гэв.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Баялгийг шударгаар хуваарилахад ямар ч улс оронд татварын хууль хамгийн чухал байдаг. Харин манай оронд баялгийн тэгш хуваарилалт алдагдаад байгаа учраас үүнийг засахын тулд татварын бодлогоороо дамжуулан төр оролцох ёстой. Тухайлбал, иргэдээс хамгийн их ирсэн санал нь хувь хүний албан татварын тухай хуулийг хөнгөлөх. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэнцэх хэмжээгээр хөнгөлөх заалтыг тусгасан.
Хэрвээ ингэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх хэрээр хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдээд явах юм. Манай улсын сая гаруй иргэн цалин хөлсний орлогоороо амьдарч байна. Эдгээрт ямар татварын хөнгөлөлт байх вэ гэдэг талаас нь МҮЭХ харж байгаа. НӨАТ гэж бий. Үүний сугалааг болиод буцаан олголтыг таван хувьд хүргэе гэсэн саналыг иргэдээс маш их ирүүлж байгаа учраас энэ саналыг оруулж өгсөн.
Мөн орон сууц худалдан авсан иргэн гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт өгдөг байсныг 10 саяас доошгүй хүргэе гэж байгаа. Энэ бол орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээнд ч хүрэхгүй байгаа. Сангийн яамнаас зургаан сая болгож хуулийн төсөлд тусгасан” гэлээ.