БНАСАУ хоёр далавчит пуужин харважээ

БНАСАУ лхагва гарагт Шар тэнгис рүү хоёр далавчит пуужин харвасан талаар “Yonhap” агентлаг БНСУ-ын цэргийн төлөөлөгчийн мэдээлснийг эш татан уламжилжээ.

АНУ, БНСУ ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлүүлэх цэргийн жил тутмын сургуулилалтынхаа өмнөх урьдчилсан сургуулийг мягмар гарагт эхлүүлсэнтэй зэрэгцэн БНАСАУ-ын төвийн нутгаас пуужингуудыг харвасан байна.

Өмнөд Пёнган мужийн Ончон хэмээх газраас пуужин харвасан болохыг БНСУ-ын цэргийхэн тогтоосон гэж нэрээ нууцалсан төлөөлөгч мэдээлжээ.

БНАСАУ хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард далавчит пуужин туршсан бөгөөд зургаадугаар сарын эхэн үеэс хойш баллистик пуужин туршсан талаараа албан ёсоор мэдээлээгүй юм.

Далавчит пуужингууд нь баллистик пуужингаас ялгаатай бөгөөд БНАСАУ-ыг баллистик пуужинтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хамаарахгүй.

Ийм пуужингууд нь нам өндөрт нисэх чадалтай тул илрүүлэхэд хэцүү, БНСУ болон Японы хувьд хүндрэл учруулж болзошгүй байна.

Эх сурвалж: ПЁНЬЯН. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.2.242)