Ё.Баатарбилэг: Соёлын биет бус өвийг хамгаалахад 24.2 тэрбум төгрөг шаардлагатай
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнээс БСШУС-ын яамнаас оруулсан Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөдөлбөр, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг баталжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Соёлын биет бус өвийн талаар олон жил ярьсан. ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Үүнд морин хуур, монгол ардын дуу, монгол хөөмий, монгол баяр наадам, бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлал, шагайн харваа гээд долоо соёлын өв хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Мөн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв гэж байдаг. Энэ өвийн жагсаалтад мөн долоон соёлын биет өв орсон байна.
Монгол бүжиг, монгол цуур, монгол туйл, монгол лимбэ, монгол уран бичлэг, ботго авахуулах зан үйл, уул овоо тахих соёлын өвд бүртгэгдсэн. Эдгээрийг цаашид хамгаалах, олон нийтэд сурталчлах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, аялал жуучлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болгон хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан.
Энэ хөтөлбөрийн 2023 он хүртэл хэрэгжүүлнэ. Мөн Чулуун соёлын өв хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эртний улсуудын үеийн чулуун хөшөө дурсгал, хадны бичээс, сүг зургуудыг соёлын өвийн жагсаалтад оруулж, хадгалж хамгаалах, мэдээллийн нэгдсэн сантай болгох, аялал жуулчлалын томоохон хэрэгсэл болгох хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ гэсэн юм.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нийт хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ?
-Хөтөлбөрт тусгаснаар 24.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Үүний 2.3 тэрбумыг улсын төсвөөс, орон нутгийн төсвөөс 275 сая, гадаадын зээл тусламжаар 20.4 сая, зээл тусламжаар 1 тэрбум, бусад эх үүсвэрээр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн.
-БСШУС-ын яамны газрын дарга нар Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллах боломжгүй гэж үзээд ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Би сайдаар томилогдоод анхны Засгийн газрын хуралдаанд орж байна. Өнгөрсөн хугацаанд яригдаж байсан манай яамны боловсон хүчний асуудал гэдэг юм уу, удирдлагын төвшний үл ойлголцлын асуудал олон гарч байсан. Одоогоор би ажилтай танилцах холбогдох албан тушаалтнуудтай танилцах уулзалт хийж байна. Нэр бүхий удирдлагуудыг халах, чөлөөлөх шаардлага өнөөдрийн байдлаар надад ирээгүй байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд юм уу, Засгийн газрын төвшинд ирүүлсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлагууд ажлаа хэвийн хийгээд явж байна.