Арменийн аюулгүй байдлыг хангахад АНУ дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй төлөөлөгчид ням гарагт Арменийн Батлан хамгаалахын сайд Сурен Папикянтай уулзахдаа тус улсын аюулгүй байдлыг хангахад Вашингтон дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.
"Өнөөдөр /ням гарагт/ манай төлөөлөгчид Арменийн аюулгүй байдлыг хангахад Америк дэмжлэг үзүүлнэ гэдгийг илэрхийлэхээр тус улсын Батлан хамгаалахын сайд Сурен Папикянтай уулзлаа. АНУ-ын Конгрессын нэрийн өмнөөс Азербайжаны халдлагыг буруушааж, энх тайван, аюулгүй байдлыг хангах шаардлагатайг мэдэгдлээ" гэж Н.Пелоси твиттер хуудсандаа бичсэн байна.
С.Папикян АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзах үеэрээ Азербайжантай залгаа хилийн байдлыг, түүнчлэн батлан хамгаалахын салбар дахь Вашингтон, Ереваны хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ гэж Арменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба урьд нь мэдээлжээ.
АНУ-ын гурав дахь том албан тушаалыг хашиж буй Н.Пелоси бямба гарагт Арменид хүрэлцэн очсон бөгөөд өнөөдөр айлчлалаа дуусгана. Ням гарагт тэрбээр Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, парламентын дарга Ален Симонян нартай уулзсан байна.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /anadolu/