Ц.Сарантуяа:  Улс орны хөгжилд улс төр, сэтгүүлзүй хоёр эрүүл байх хамгийн чухал

Б.Сайнбуян

   Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, олон төсөл, хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэхэд Монгол Улсын Соёлын элч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ГХЯ-наас өнгөрсөн баасан гаригт дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол Улсын Соёлын элч нарыг хүлээн авч уулзан хүмүүнлэгийн салбарын ололт амжилт, цаашид хийх ажлуудыг хэлэлцжээ. Энэ тухай болон сэтгүүлч хүний мэдлэгт суурилсан олон сонирхолтой мэдээллийг хуваалцахаар АНУ даxь Монгол Телевизийн захирал, Монгол Улсын Соёлын элч, Олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг “Учиртай яриа”-ныхаа зочноор урив.

-Телевиз, радиогийн салбарт энэ жил тэгш ой тохиож байна. Сэтгүүлзүйн салбарынхан арга хэмжээ ихтэй байх шиг. Таны хувьд бас АНУ дахь Монгол телевизийг удирдаад багагүй хугацааг үдэж байгаа. Ажил хэр өрнүүн байна вэ?

 -Энэ жил их онцлогтой сайхан жил байна. Монголын үндэсний радио, телевизийн салбарт тэгш ой тохиож байна. Тиймээс мэргэжил нэгт нөхөддөө баярын мэндийг уламжилья. Миний хувьд, АНУ даxь Монгол телевизээ ажиллуулаад 14 жил болж байна.Телевизийн маань төрсөн өдөр удахгүй бас болох гэж байна.

Бид 2008 оны 10-р сарын 10-нд анхны эфирээ Америкийн телевизийн олон нийтэд зориулсан сувгаар Вашингтон орчмын 10-аад хотод цацаж байсан. Харь газар телевизийн тогтмол эфир таслахгүй явуулах хариуцлагатай ажил үргэлжилж байгаа. Мэргэжлийн дээд байгууллага МСНЭ манай АНУ даxь Монгол телевизийг гадаадад байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн телевиз болохыг батламжилж, сэтгүүл зүйн анхдагчийн 023 тоот батламжаа 2014 онд олгосон байдаг. Энэ бол бидний бахархал юм.

Миний бие яг урьдынх шиг нэвтрүүлэг гардан хөтлөхгүй байгаа болохоор зарим хүнд нам гүм харагдаад байгаа  байх. Ер нь ажил ихтэй л явна. Удахгүй бүр ч их хөдөлгөөнд орно. Телевизийн түүх цаашид үргэлжилнэ.

-Бидний ярилцлага цагаа олжээ.Танд АНУ даxь Монгол Телевизийн 14 жилийн ойн баяр хүргэе!

-Баярлалаа.Зөвхөн би биш Монгол, Америкийн үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнуудын сэтгэл зүтгэл шингэсэн хамтын хөдөлмөр юм.  Дашрамд, гээд хүмүүс ярьдаг шиг АНУ даxь Монгол телевизийн үе үеийн уран бүтээлчиддээ мөн чин сэтгэлийн баяр хүргэж, нийгэм олны төлөөх сайн үйлсэд нь амжилт хүсье. Бас үргэлж талархаж явдгаа үндэсний нэр хүнд бүхий "Үндэсний шуудан" сониноор дамжуулан уламжилъя.

-Ажиглаад байхад та хөдөө гадаа маш их явах юм.Телевизийн ажлаа яаж амжуулдаг юм бэ?

-Дэлхийн хаана ч явсан ажил, амралт, аялалыг зэрэг амжуулаад сурсан.  Бусдын адил онлайн, мобайл ажлын горимд шилжсэн. Өөрөөр хэлбэл ажлаа явсан газраасаа хийдэг. Цагийн зөрүү бэрхшээлтэй ч зохицдог. Зөвхөн телевизийн ажил гэлтгүй төрийн бус бусад байгууллагын ажлыг хүртэл зэрэг амжуулна. Миний хувьд, олон ажил зэрэг амжуулах тусмаа бүтээмжтэй байдаг. Ганц ажлыг залхууралд хүргэдэг гэж үздэг.

-Тантай телевиз, сэтгүүл зүй, Америк,эмэгтэйчүүд, хил, соёлын элч гээд их олон сэдвээр ярилцья гэж эртнээс бодсон. Өнөөдөр биелэж байгаад таатай байна?

-Уншигчдад хэрэгтэй гэж үзэж байгаа бол татгалзах зүйлгүй. Өнөө цагт мэдээлэл хамгийн үнэт зүйл болоод байна. Мэдээлэлгүйгээр урагш явахгүй. Захын жишээ дурьдахад, хэн нэгэн өвдөөд эмчид очлоо гэхэд уг өвчлөлийнхөө талаар өөрөө эхэлж, уншаад мэдчихсэн байх ёстой юм.Түүн дээрээ тулгуурлаад эмчээс асуух зүйлээ асуувал хэн хэнийхээ цагийг хэмнэнэ бас харилцан мэдээлэл солилцох сайн талтай. Очсон газар, уулзсан хүн бүр дээрээ мэдээлэлтэй очиж байхыг зөвлөх байна.

-Таны хувьд цахим орчинд идэвхтэй, маш их мэдээлэл тавьж байгаа харагддаг. Та мэдээллээ хаанаас авдаг вэ?

-Интернэтийг бүрэн ашигладаг. Мэдээллээ монгол, англи, орос хэл дээр авдаг. Олон нийтэд түгээх мэдээллийг монгол сайтаас авлаа гэхэд гадаад вариантыг нь бас тулгаж харна. Гадаадын эх сурвалжийг гол нягтлах баримтаа болгодог.  

-Та үндэсний телевизийн улс төр, мэдээллийн  нэвтрүүлгүүдийг олон жил хөтөлсөн. Бас тэгээд ММ-ийн захирлаар ажиллаж байсан хүн. Хурдтай, баттай эх сурвалжтай байдаг байх. Одоо телевизээ хэр үздэг вэ?

-Цаг зав хомсхон байдаг даа. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр,, ялангуяа долоо хоногийн тоймыг олон жил хөтөлсөн. Хувийн архивт бичлэг зөндөө бий. Ямар ч шуурхай мэдээ товч өгүүлбэр бүр нь хүнд мэдээлэл өгч байх ёстой. Жишээ нь, Улаанбаатар Азийн цагаан дагина, үзэсгэлэнтэй хот гэвэл хийсвэр мэдээ, магтаал болно. Харин 600 мянган хүний даацтай Улаанбаатарт 2 сая орчим хүн сууж байна гэвэл жинхэнэ бодит мэдээлэл болно, гэх жишээний.

-Монголын өнөөдрийн  сэтгүүл зүйг та юу хэрхэн дүгнэж байна?

-Сэтгүүлч мэргэжлийн 5000 хүн байдаг гэж сонссон. Энэ их том тоо. Сэтгүүл зүйг бохирдсон гэж үздэг. Нөгөө хаалтын гэрээ, мөнгөнөөс болж хүний нэр хүндийг гутаах үзэгдэл, албан тушаалтанд тал зассан долигнуур араншин байсаар байна. МСНЭ бол үүнийг эмчлэн эдгээх ёстой. Би сэтгүүл зүйн орос школынхоо жишгээр ярихад, хойд хөршийн сэтгүүлчдийн эвлэлд сэтгүүлч бүр элсэж чаддаггүй. Бүтээлтэй, олноо зөвшөөрөгдсөн хүн шалгуур давж байж элсдэг. Босго нь өндөр.Манайд бол эсрэгээрээ юм даа.Тэгэхдээ саарын хажуугаар сайн жишээ Монголд бий, бий. Мэргэжилдээ үнэнч,  ёс зүйтэй сэтгүүлчдээ хүндэтгэдэг. Тэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө зоригтой явж байгаа.Тэдэнд дайчин байж, амжилт гаргахыг хүснэ.

Ер нь улс орны хөгжилд улс төр, сэтгүүлзүй эрүүл байх нь хамгийн чухал. Барууны сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг "албан тушаалтнуудын хаацайлан далдлахыг хүсч байгаа нууцлаг зүйлийг ил гаргаж тавих, төр засаг болон бусад аж ахуйн байгууллагуудын үйлдэлд хэвлэл мэдээллийн хяналт тавих" зэргээр тодорхойлсон байдаг.

Caption

-Америкт 11 жил амьдарсан хүнээс Америкийн тухай асуухгүй өнгөрч болохгүй мэт санагдаж байна?

-Америкийн дээр хөх тэнгэр, хууль хоёр л бий. Манайхан шиг албан тушаалтнууд нь хуулийнхаа дээр байдаггүй. 1787 онд баталсан Үндсэн хуулиндаа цөөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Хууль дүрмийг ягштал хэрэгжүүлж чаддагаараа гайхамшигтай орон.

Мөн АНУ ая тухтай амьдрал, тавлаг орчин, хот хөдөөгийн жигд хөгжлөөрөө гайхалтай. Ганцхан тохиох амьдралаа тийм нөхцөлд өнгөрүүлэхээр дэлхийн сая сая хүн АНУ руу тэмүүлдэг. Тэгсэн мөртөө ихэнхи хүмүүс нь зээлийн картын өрийн торон сүлжээнд насаараа амьдардаг.Тодорхой орлоготой хүмүүст энэ бэрхшээл бага.Түүнээс ажилгүй бол амьдрахад хэцүү. Америк хүн бүх юмыг сайтар төлөвлөдөг болохоор цаг сайн барина.

Худлаа ярина гэдэг ойлголт байхгүй, шударга. Америкчууд хүнд дандаа инээмсэглэл бэлэглэдэг. Гол алдаа нь тэд маш удаан хөдөлгөөнтэй. Энэ нь түвэгтэй санагддаг.Америкт өдөрт нэг л ажил бүтээж байвал амжилт. За тэгээд нөгөө сайхан инээмсэглэл нь эргээд харахад заримдаа дороо унтарна.Тухайн цаг минутандаа таарсан инээмсэглэл гэж хэлэх үү дээ.Америк хүн итгэсэн хүндээ их сайн.Тэр бүр найз нөхрөө солиод байдаггүй. Хамаг амьдралаа тааралдсан хүндээ ярьчихна. Ер нь бол их ярих дуртай улс.

-Сонирхолтой дүгнэлт байна. Танд АНУ-д очоод хамгийн их үзэж сонирхсон зүйл юу вэ?

-Музейнүүдийг нь үзэж гүйцээсэн.Өөрөө ч бас музейд хагас өдрөөр ажиллаж байлаа.  Вашингтон хотод суурьшихаар очихдоо л мөрөөдсөн ажил минь байв. Newseum-ийг монголчууд тэр бүр мэддэггүй. Энэ уг нь дэлхийн сэтгүүл зүйн түүхийн оргил болсон газар. Вашингтоны төв Пенсильванийн өргөн чөлөөнд сүндэрлэх асар том байгууламж бүхий энэ музейг 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд нээлтээ хийхэд нь Америкийн мэдээллийн хэрэгслүүд Good morning America ,Newseum!  хэмээн өглөөний 6:30-д мэндчилж, нээлтийн үйл ажиллагааг нь орон даяар шууд дамжуулсан. Сэтгэл гэгэлзсэн тэр өдөр Newseum-ийн анхны ажилтнуудын тоонд багтсандаа баярлаж, “Өнөөдөр” сонинд ярилцлага өгч байснаа тод санадаг.  Одоо Newseum нийтэд түр хаагдсан байгаа.Тэнд дэлхийн хэвлэл мэдээллийн түүхээр судалгаа хийх бүрэн боломж байдаг.

-Та явсан газар орныхоо сэтгэлд хоногшсон хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Их их. Зургаан  жил сурсан Орос, 11 жил амьдарсан Америк орноо энэ удаа алгасаад хэлэхэд дэлхийн зулай Эверестэд очсоноороо бахархаж омогшдог. Гэхдээ тэнд би авираагүй шүү. Катмандуд болсон олон улсын хуралд оролцонгоо хажууханд нь сүндэрлэж байгаа тэр сүрлэг уулст зүгээр л очсон хэрэг. Явахаасаа өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаатай уулзаж мэдээлэл солилцсон. 8000 гаруй метр өндөртэй дэлхийн 14 уулсын найм нь Балбад байдаг.

Гималайн нурууны ноён оргил Эверест 8848 метрийн өндөрт байдаг. Энд нар мандахыг харах үгээр тайлбарлашгүй гоо үзэсгэлэнг мэдэрч байгалийн онгон дагшин газраас эрч хүч авна гэдэг үнэхээр сайхан аз завшаан юм билээ.Тэндээс Эверестийн зургийг авчраад гэртээ залчихсан. Хийморлог, сүрлэг уулсыг харахад их гоё.

За тэгээд хүний нутгийн сайхныг бишрэхээсээ илүүтэй Америкаас ирсэнээс хойш эх орноороо хөндлөн гулд явж байна.Ихэвчлэн хил хязгаараар явж байна. Хилийн тухай яриа дуусашгүй. Америк даxь телевизээрээ явсан газрынхаа сурвалжлагыг байнга гаргадаг. Ямар сайндаа Монгол Телевиз хилчдээр дүүрлээ гэсэн яриа гарсан байсан.

Ингэтлээ хил, хилчдийнхээ гүнд орсон маань хурандаа, сэтгүүлч Д.Баасанжаргал агсан, дэд хурандаа Б.Баярмаа нарын сайн нөхөдтэй хамтран ажилласны үр дүн юм. "Хил дээр үнэхээр монгол хүний мөн чанар, итгэл,хайр, тусч сэтгэл жинхэнэ утгаараа хадгалагдсаар байна" гарчигтай ярилцлага “Эх орны манаа” сонинд бас өгч байлаа.

-Та чинь “Онц хилчин” байхаа. Хилээр явахад олон сайхан дурсамжтай явдал тохиолддог шүү дээ.Та аль хэсгээр нь олон явсан бэ?

-Хилийн цэргийн цол хэргэм “Онц хилчин” байтугай нь ч байгаа. (инээв). Сайхан цол хэргэм. Би халх голын чиглэлд хамгийн их явжээ. Шинэ он гармагц идэр есийн хүйтнээр хүртэл явж байлаа. Их цас унасан үед Дорнодын тал цавцайгаад цаанаа үзэсгэлэнтэй.

Бас Мэнэнгийн талд үүр цайж, өвлийн наран мандахыг харах үнэхээр сайхан. Мэнэнгийн талын урт замыг туулах бүртээ завгүй үеийн бодол санаагаа цэгцэлж тэмдэглэж явдаг.

Тэр жил Халх голын дайны ялалтад зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг сурвалжлахаар явахдаа Японы нэрт эрдэмтэн Танака тэргүүтэй эрдэмтэн судлаачидтай Мэнэнгийн талд таарч, нэг их сэтгэл хөөрч билээ. Япончууд дайсандаа хөшөө босгосон ганц улс бол Монгол гэж хэлж байсан.

-Эмэгтэйчүүдийн байгууллага бас таны гол хамтрагч юмаа?

-Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлд хоёр удаа сонгогдсон. Одоо өөрийн “Соёл” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Бас бус хэдэн байгууллагад сонгуультай. Бүр 90-ээд оноос эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Бидэнд олон дурсамж бий.

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганууд, зуны ээлжит сургалт аялалууд гээд олон. Оролцсон бүх үйл явдлаараа цуврал нэвтрүүлэг бэлтгэж цацсан. Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон хүний залуу нас нэвтрүүлгийн архивт маань байдаг. МЭX-ны Хүндэт ерөнхийлөгч Н.Гэрэлсүрэн,Ж.Эрдэнэчимэг нарын нийгмийн олон зүтгэлтний залуу нас тэр чигээрээ хадгалаастай байдаг.

-Сүүлд та ГХЯ-наас Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон.Энэ яг ямар ажил юм бэ?

-Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, тухайн байгаа орноосоо Монголыг сонирхсон, Монголоос тухайн орныг сонирхож байгаа нэг чиглэлийн хүмүүсийг байгууллага, хувь хүнтэй нь холбож, тэдний харилцааг дэмжиж ажиллах үүрэгтэй.

Одоо нийт 20 орчим улсад соёлын 50 гаруй элч бий.Тэдгээрийн 20 гаруй нь гадаадын иргэд. Бид урлаг соёл, түүх, хүмүүнлэг, спорт, шинжлэх ухаан гэсэн салбараар хоёр талын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

Ерөнхийдөө бол урт хугацааны туршид тасралтгүй, тууштай хэрэгжүүлэх ёстой зөөлөн хүчний бодлогын бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно. Миний хувьд Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа сэтгүүл зүйн салбараар дамжуулан дэлхий дахинд эх орноо идэвхтэй сурталчлан таниулах гол зорилготой. Үүнд АНУ даxь Монгол Телевизийн нэвтрүүлгийн бодлогоо бүрэн чиглүүлсэн байгаа.Өөр бусад хэлбэрээр ч зохиох ажлууд бий.

-Та чинь ярилцлагаа өөрөө хөтлөөд явчихдаг юм байна. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье!

-Хүнээс ярилцлага аваад сурчихжээ.Харин хүнд ярилцлага өгч чадахгүй байгаад байна. Бидний ажил, дотоод ертөнц сонирхолтой шүү дээ. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Зорьж ирж ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин. 2022.10.03

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.118.126.44)
Зочин Хилийн заставын бүсгүй байна. Эх орны хил тайван амгалан байгээ
2022-10-08 Хариулах
Зочин Сэтгүүлч мэргэжил сайхан юм даа. Амжилт хүсье
2022-10-08 Хариулах