2020-2021 оны “Fulbright”-ийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба 2020-2021 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг хүлээн авч эхэллээ.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны гуравдугаар сарын 25 (өдрийн 12:00 цаг)  

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.

Тус хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр АНУ-д суралцах боломжтой.

ҮНДСЭН ШАЛГУУР

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  2. 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
  3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  4. Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT 80-90, TOEFL PBT/ITP 550-575, or IELTS 6.5-7.0 оноотой байх;
  5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ

Фулбрайтын тэтгэлэгт нь гэр бүлийн гишүүдийг хамруулдаггүй болохыг анхаарна уу. Доор дурьдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид зориулагдсан болно. Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал:Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;
  • Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;
  • Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
  • Визний зардал: Бүх тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно;
  • Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж олгоно.

Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхмуудыг дагана уу:

  1. Фулбрайтын өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдсан.
  2. Тодорхойлох захидал: Таны академик болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана. Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хүлээн авна.
  3. Эссэ: Та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа болон хөтөлбөр дууссаны дараа Монгол Улсад юу хийх төлөвлөгөөтэй байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэг Англи хэл дээр бичиж хавсаргана уу.
  4. Диплом: Их дээд сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу. (Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул баримт бичгийн эх хувийг явуулахгүй байхыг хүсье.)
  5. Дүнгийн хавтгай: Их дээд сургуулийн сургалтын албанаас албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайг эх хувиар нь хавсаргана уу. Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт илгээнэ үү. (Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.)
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  7. Өргөдлийг ЭСЯ-д зарласан хугацааны дотор биеэр эсвэл шуудангаар илгээнэ үү.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах;
  • Эссэ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй халах үндэслэл болохыг анхаарна уу;
  • Өргөдлийг Англи хэл дээр, компьютер дээр бүрэн зөв бөглөсөн байх. (Гараар бичсэн ямар ч материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу);
  • Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу;
  • Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал өгөхгүй байх;
  • Өргөдлийн маягт болон бусад материалуудыг үдээсдэхгүй байх. Шаардлагатай тохиолдолд цаасны клип ашиглах;
  • Бүрэн гүйцэд бус өргөдөлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ

Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдлийн маягт болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгууруудыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Ярилцлага: Ярилцлагыг ЭСЯ, АНУ-д Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч нарын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Эцсийн шалгаруулалт: J. William Fulbright Foreign Scholarship Board-өөр (FFSB) зөвшөөрөгдсөн оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно. FFSB-ийн гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба тус зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн дэлхийн бүх оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй.

Жич: Эцсийн шалгаруулалтаар сонгогдсон хөтөлбөрт оролцогчид нь АНУ-ын их дээд сургуульд амжилттай элсэж байж хөтөлбөрт хамрагдагч болно. Хэдийгээр сонгон шалгаруулалтын бүх шатаар тэнцсэн ч Америкийн их дээд сургуульд элсэн орж чадахгүй бол тэтгэлгээ үргэлжлүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.111)