Олимпын тамирчдын СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД

Токио-2020 олимпын наадмын эргэн тойронд өрнөсөн сонирхолтой үйл явдал, тамирчдын гайхалтай түүхээс багцлан та бүхэнд энэ нийтлэлийг барьж байна.

 

 

ХИФУМИ АБЭ, УТА АБЭ 

Ах дүү хоёр нэг өдөр олимпын алтан медалийн эзэд болно гэдэг гайхалтай биш гэж үү? Японы жудоч Хифуми Абэ (66 кг), Ута Абэ (52 кг) нар энэ сонирхолтой тохиолдлыг биелэл болгосон юм. Абэгийнхний ууган хүү Юүчиро жудод сонирхолгүй ч дүү Хифумидээ хань болж, хамт бэлтгэл хийдэг байсан нь энэхүү гайхалтай түүхийн эхлэл болжээ. Удалгүй таван настай Ута ахыгаа даган жудогоор хичээллэх болж. 2013 онд Токио хот олимпын наадам зохион байгуулах эрх авсан талаар мэдээ үзэж суусан Кожи Абэ хүү, охин хоёртоо “Та хоёр Токиогийн олимпод оролцвол сайхан аа” хэмээн санаашрангуй хэлжээ. Тэр үед 13 настай байсан Ута аавынхаа үгийг сонсоод урам орж, олимпоос алтан медаль авах талаар анх бодсон аж.

Энэ мөрөөдлөө биелүүлж, эх орондоо олимпын аварга болно гэдэг гагц тэднээр зогсохгүй япон хүн бүрийн ой тоонд хадагдан үлдэх тод мөч гэдэг нь гарцаагүй.

 


АННА КИЗЕНХОФЕР

Кэмбрижийн их сургуулийг математикийн шинжлэх ухааны доктор зэрэгтэйгээр дүүргэсэн Анна Кизенхофер Токио-2020 зуны олимпын ганцаарчилсан дугуйн уралдааны төрөлд алтан медаль хүртсэн. Ингэснээр Австри улс 1896 оноос хойш энэ төрөлд анх удаа алтан медальтай болж буй. Нийт 137 км замыг туулах уралдаанд оролцохдоо мэргэжлийн дасгалжуулагч, баггүйгээр орсон тул алтан медалийн эзэн болсондоо өөрөө ч итгэж чадахгүй байжээ. Математикч бүсгүй дугуйн спортын олон улсын чанартай уралдаан тэмцээнд 10 гаруй жилийн өмнөөс оролцож, ердөө 3-4 жилийн өмнөөс мэргэжлийн түвшинд бэлтгэл хийж эхэлсэн аж. Их сургуульд багшлахын хажуугаар чөлөөт цагаар дугуй унах сонирхолтой байсан нь олимпын замд ийнхүү хөтөлсөн нь хүн хичээвэл ямар ч зорилгод хүрч чадахыг харуулсан гайхалтай үлгэр дуурайл билээ.


МУТАЗ ЭССА БАРШИМ, ЖИАНМАРКО ТАМБЕРИ

Ганц Токио-2020 ч бус, нийт олимпын түүхэнд ховорт тооцогдох үйл явдал болсон нь эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд хоёр алтан медальтан тодорсон явдал юм. Катар улсын тамирчин Мутаз Эсса Баршим, Итали улсын тамирчин Жианмарко Тамбери нар уг төрөлд хоёул 2.37 метрийн амжилт үзүүлсэн бөгөөд алтан медальтныг тодруулах гэхэд тэдний алдаа, амжилттай үсрэлтийн тоо гэх мэт бусад үзүүлэлтүүд ч тэнцээд байсан юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс тэднийг ахин нэг оролдлого хийхийг санал болгосонд тамирчид ярилцан, алтан медалиа хуваан авах хүсэлт өгснийг шүүгчид хүлээн авч, олимпын ганцаарчилсан төрөл мөнгөн медальгүй буюу хоёр алтан медальтан төрсөн ховор тохиолын тоог 109 жилийн дараа нэгээр нэмсэн байна. Гайхалтай нь, хүрэл медаль хүртсэн Беларусийн тамирчин ч бас тэдэнтэй адил 2.37 метрт харайж чадсан ч амжилтгүй оролдлогын тоогоороо тэднээс илүү байсан юм. “Алтан медалийг хуваан хүртэж болно” хэмээх комиссын шийдвэрийг сонсмогцоо хоёр тамирчны гаргасан хариу үйлдэл, хамтын баяр хөөр олимпын гол агуулга болох эв нэгдэл, энх тайвны бодит жишээ болсон нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн билээ.


СКАЙ БРАУН

13 настай скэйтбордчин Скай Браун тун сонирхолтой түүхийг бүтээж яваа охин. Америкийн “Dancing with the Stars: Juniors” бүжгийн шоуны ялагч, инстаграм дээр нэг сая гаруй дагагчтай Скай Youtube-ээс бичлэг үзэж скэйтбордоор гулгаж сурчээ. Гэрийнхээ арын цэцэрлэг дэх тавцан дээр сургуулилж өссөн тэр скэйтбордын түүхэн дэх хамгийн залуу (10 настайдаа) мэргэжлийн тамирчин болсон юм. Тэр одоо ч дасгалжуулагчгүй, бие даан хичээллэсээр буй аж. Өнгөрсөн оны тавдугаар сард хүнд үсрэлт гүйцэтгэж сурахаар хичээллэж байхдаа унаж, зүүн гарын бугуйгаа хугалснаас гадна гавлын яс нь хэд хэдэн газар цуурч, эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Тэглээ гээд бууж өгөлгүй, дайчлан зүтгэсээр Токио-2020 олимпоос хүрэл медаль хүртсэн нь гайхалтай. Япон ээж, британи аавтай Скай олимпод Японыг бус Их Британийг төлөөлөн оролцсон билээ. Үүгээр ч зогсохгүй, Скай Парист болох олимпын наадамд серфингийн төрөлд хүч сорихоор төлөвлөж байгаа гэнэ.

Сонирхуулахад, Токио-2020 олимпын хамгийн залуу тамирчид 12 настай Хэнд Заза (Сирийн ширээний теннисчин), Кокона Хираки (Японы скэйтбордчин) нар байв.


МОНГОЛЫН 3Х3

Монголын баг тамирчид түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпод оролцсон нь онцлохгүй өнгөрөх аргагүй чухал үйл явдал. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ нь дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн спортоор өрсөлдөж, Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм. Энэ хүрээнд Монголын 3x3 эмэгтэй сагсан бөмбөгийн багийг "Washington Post" онцолж, “Ердөө дөрөвхөн жилийн өмнө сагсан бөмбөгийн спортод хөл тавьсан тэд өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн олимпын наадамд анх удаа багийн спортоор оролцож байна” хэмээсэн билээ.


ЮСРА МАРДИНИ

Усанд сэлэх чадварынхаа ачаар аюулт аяллаас амь гарсан сири тамирчин Юсра Мардини ОУОХ-ны далбаан дор олимпод оролцсон 29 тамирчны нэг. 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрээр Сирийн нийслэл Дамаск хотноо мэндэлжээ. Гурван настайдаа усанд сэлэлтийн дасгалжуулагч мэргэжилтэй аав Эззатынхаа дор эл спортоор хичээллэж эхлэн, удалгүй Сирийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох болж. Гэвч Сирид иргэний дайн гарснаар ирээдүйн талаарх түүний төсөөлөл эрс өөрчлөгдлөө.

Байшин нь сүйдэж, сургуулилтын байр нь бөмбөгдөлтөд өртөн, хоёр найз нь амь үрэгдсэний дараа гэрийнхэн нь дүрвэхээс аргагүй хэмээн шийдэж, эгч Саратай нь замд гаргажээ. Зургаан хүний зайтай завинд 20-уулаа чихэж суугаад Туркээс Эгийн тэнгисийг гатлан Грект хүрэх ёстой байсан ч осолдов. Сэлж чаддаг хоёр залуу, Сара, Юсра дөрөв завийг оосорлон татаж, дөрвөн цаг орчим чирч сэлсээр Лесбос арлын эрэгт аваачжээ. Үүгээр дууссангүй, Герман руу хүрэх урт замыг явган туулсны эцэст л эгч дүү хоёрын аюулт аялал сая өндөрлөсөн байна. Энэ явдлаас нэг жил орчмын дараа Юсра Рио 2016 олимпод оролцсон түүхтэй. Дүрвэгсдийн багийн тухай асуултад тэрээр “Хэчнээн ч хүнд зүйлийг туулж гарсан байлаа гээд урагшилж, мөрөөдлөө дагаж болдог гэдэг итгэл найдварыг хүмүүст өгдгөөрөө энэ баг онцгой” хэмээн хариулсан. Үнэхээр л түүнийхээс илүү итгэл найдвар төрүүлэм түүх ховорхон биз ээ. Токио-2020 түүний оролцсон хоёр дахь олимп юм.

ЭНДРЮ ХОЙ

Морин спортын тамирчин Эндрю Хой 62 насандаа Токиогийн олимпоос мөнгө болон хүрэл медаль хүртсэнээр Австралийн хамгийн ахмад медальтан болоод байна. Тэрээр 1984 оноос олимпод оролцож байгаа бөгөөд найман олимпод оролцохдоо нийт зургаан медаль (гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэ) хүртсэн аж. Хой "Чадвал 2032 онд Брисбэн хотод зохиогдох тэмцээн хүртэл карьераа үргэлжлүүлэхийг хүсэж байна" хэмээсэн. Түүний хүсэл тэмүүлэл, хүчин чармайлалт нь "нас бол ердөө тоо" гэдгийг ахин харуулж буй юм. Мөн сонирхуулахад, Токиогийн олимпын зохион байгуулалтад нийт 70,970 сайн дурынхан оролцсоноос хамгийн ахмад нь 91 настай байсан гэнэ.

ФИЖИ УЛСЫН РЭГБИГИЙН ШИГШЭЭ БАГ 

Токио-2020 олимпын наадмын магад хамгийн адал явдалтай, хөгтэй түүхийн эзэд нь Фижи улсын рэгбигийн багийн тамирчид. 2016 оны Риогийн олимпоос авсан аварга цолоо энэ удаа ч хамгаалж, олимпын хошой алтан медальтнууд болсон тэдний Токио хүрсэн замнал тун ч сонирхолтой. 2017 оноос уг багийг дасгалжуулах үүргийг хүлээн авсан Гарэт Бабэр энэ жил олимп эхлэхээс яг дөрвөн сарын өмнө багаа долоо хоногийн хугацаатай цуглуулан, бэлтгэлд гарсан ч Фижи улсад цар тахал дэгдсэн тул олноор цуглах, бөөнөөр бэлтгэл хийхийг хоригложээ. Ийнхүү тэд шууд Австрали явж, далайн эрэг дээр хоёр сарын бэлтгэл хийв. Үүний дараа гэртээ харьж, эх орноосоо Токиог зорихоор төлөвлөсөн ч Фижи улс агаарын хилээ хааснаар олимп хүртэлх ахин хоёр сарын хугацаанд Австралид үлдэхээс өөр сонголтгүй болжээ. Энэ бүх хугацаанд тэд тансаг буудал, зориулалтын талбай ашиглаагүй зөвхөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бэлтгэлээ хийж байсан гэнэ. Гэрээсээ долоо хоногийн бэлтгэл гэж гараад дөрвөн сарын дараа алтан медалиа урдаа барьсаар очих тэднийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бол гэдэг сонирхолтой.


КЭТИ ЛЕДЕКИ 

Усанд сэлэлтийн цуут тамирчин, энэ цаг үеийн домог болсон Кэти Ледекигийн гаргасан амжилтыг тоочоод барагдахгүй. Заримдаа бусад тамирчдаас бүхэл бүтэн 10 секундийн өмнө бариандаа хүрчихдэг, карьерынхаа ид оргил үедээ ч өөртэйгөө ана мана “үзэлцэн”, өдөр бүр бэлтгэлдээ олон улсын томоохон тэмцээнд оролцох гэж буй мэт сэтгэлзүйтэйгээр ордог түүний амжилтын нууцыг хүмүүс асуухад дасгалжуулагч нь “хөлс, хөдөлмөр” гэж хариулдаг. Иймдээ ч усанд сэлэлтийн топ эрэгтэй тамирчидтай уралдаж бэлтгэл хийнэ. Кэти Ледекигийн адил 100, 200, 400, 800, 1500 метрийн зайд өрсөлдөнө гэдэг баргийн тамирчин чадахааргүй хүнд ажил гэдгийг шинжээчид хэлдэг. Богино зай, холын зай тэс өөр бэлтгэл, сэтгэлзүй шаарддаг учраас тэр.

Кэти бүтэлгүйтлээс эмээлгүйгээр, сайжрахын төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулж, асан тэмүүлж чаддаг.

Дасгалжуулагч Брюс Гэммел

 

Өнгөрсөн зургаадугаар сард Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын бакалавр болсон тэрээр “ясны” хөдөлмөрч хүмүүсийн охин аж. Өвөг аав нь найм дахь хэлээ сурч байхдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн, үргэлж шинийг сурч мэдэхийг эрмэлздэг эрхэм байсан бол цусан талын өвөө нь Дэлхийн II дайны үеэр тэнгисийн цэргийн мэс засалчаар ажиллаж асан, хүндэт эмч байв.

Токио-2020 наадмаар 400 м, 200 метрийн чөлөөт төрөлд Австралийн тамирчин Ариарне Титмус түүний тогтоосон амжилтыг эвдэн, нэг секунд орчмоор түрүүлсэн нь цаашид бэлтгэлээ урьд урьдынхаас ч илүү эрчимтэйгээр хийх сэдэл болох биз ээ. Мөн л Австралийн тамирчин Эмма Маккеон долоон медаль авсан нь усан сэлэлтийнхний хувьд түүхэнд бичигдэх амжилт байлаа.

ТОМ ДЭЙЛИ 

Их Британийн алдарт усанд шумбагч Том Дэйли хамтрагч Мэтти Лигийн хамтаар эрэгтэйчүүдийн 10 метрийн төрөлд олимпын аварга болсон. 2005 онд, дөнгөж 11 настайдаа “Би Олимпын аварга болох мөрөөдөлтэй” гэж BBC телевизэд ярилцлага өгч байсан жаахан хүү ийнхүү 20 жил хичээллэснийхээ дүнд мөрөөдлөө биелүүлсэн юм. Мөн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнээр ИБУИНВУ-ын хувьд олимпын дөрвөн медалиар энгэрээ мялаасан анхны усанд шумбагч тамирчин болсон юм. Тэрээр ижил хүйстэн гэдгээ олон нийтэд нээлттэй зарласан цөөхөн тамирчдын нэг. Нөхөр, хүүтэйгээ амьдардаг Том Дэйли нэхмэлийн хорхойтнуудын нэг бөгөөд олимпын тоглолтуудыг шимтэн үзэнгээ утас зүү барин нэхмэл урлаж буй зураг нь олны хайрыг татаж, сошиал медиаг "доргиосон" билээ.


ЭЛИУД КИПЧОГЕ

Элиуд Кипчоге бол 42 км-ийг хоёр цаг дотор туулсан анхны хүн. Түүнийг гүйх гэж л төрсөн хүн хэмээн тодорхойлж болох мэт. 15 нас хүртлээ "ердөө л" сургууль руугаа хүрэх гэж өдөр бүр 3.2 км гүйдэг байсан гэх түүний хүүхэд нас эгэл даруу өнгөрчээ. Угаас гүйгчдээрээ алдартай Кенийн Капсисиева хэмээх жижигхэн хотод төрж өссөн тэр 16 настайдаа амьдралын зорилгоо олжээ. Техасын Их Сургуульд суралцахаар Америкийг зорьж, улмаар олимпын наадамд оролцон мөнгөн медаль хүртсэн Патрик Санг төрсөн нутагтаа ирээд удаагүй байсан үе. Кипчоге түүнтэй уулзан бэлтгэл хийхийг хүсэхэд л одоог хүртэл хамтарч буй Санг харцнаас нь "тамирчны шинж"-ийг олж харжээ. Шийдэмгий байдал, сахилга бат, хүсэл тэмүүлэл.

Сахилга батгүй бол чи зүгээр л сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллийнхээ боол болно гэсэн үг. Гүйнэ гэдэг хурдтай хөлний тухай ойлголт биш. Энэ бол зүрх сэтгэл, оюун ухаанаа удирдах урлаг гэж би ойлгодог.

Элиуд Кипчоге


Токио-2020 марафоны барианд тэрээр 2:08:38 үзүүлэлтээр орж, олимпын хоёр дахь алтан медалиа хүртсэн юм. Агаарын чийгшил өндөр (80%), цельсийн 30 градуст явагдсан, хүндхэн марафоныг 106 тамирчин эхлүүлсэн ч барианд 76 нь л оржээ.


ЭЛЛИСОН ФЕЛИКС 

АНУ-ын алдарт гүйгч Эллисон Феликс Токиогийн олимпын 4х400 метрийн төрөлд багаараа алтан медаль, ганцаарчилсан 400 метрийн төрөлд хүрэл медаль хүртэн карьерынхаа туршид нийтдээ 11 медалийн эзэн болсноор хамгийн их шагнал хүртсэн Америкийн хөнгөн атлетикийн тамирчин болов. 2018 онд "Nike" компанитай гэрээгээ сунгахаар хэлэлцээр хийх үед түүнийг бие давхар болсон учраас гэрээнд тусгагдсан цалингийн хэмжээг 70 хувь бууруулна гэжээ. Тэдний энэхүү шийдвэр эмэгтэй тамирчдын эрхийг зөрчсөн, мөн жендэрээр ялгаварласан үйлдэл хэмээн тэрээр үзэж, гэрээгээ сунгаагүй юм. Үүний дараагаар Феликс "Athleta"-тай ивээн тэтгэлгийн гэрээ байгуулж, "Saysh" хэмээх гутлын брэндээ нээсэн юм. Тэрээр анх 2004 оны Афины олимпоос алтан медаль хүртсэнээсээ хойш тасралтгүй медаль авч байгаа аж. Токио-2020 түүний оролцож буй сүүлчийн наадам гэнэ.


ХИДИЛИН ДИАС

Филиппиний хүндийн өргөлтийн тамирчин Хидилин Диас Токио-2020 олимпын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 55кг-д түрүүлж улсынхаа спортыг нэгэн шат ахиулсан. Түрүүлсэн гэдгээ мэдээд нулимсаа барьж дийлэлгүй, дасгалжуулагчаа очиж чангаар тэвэрсэн дүр зураг нь үнэлшгүй хөдөлмөрийнх нь үр дүн хичнээн амттай, итгэмгүй байсныг харуулав уу гэлтэй. Түүний баяр зөвхөн өөрийнх нь бус, нийт филиппинчүүдийнх. 30 настай тамирчин, онгоцны нисгэгч тэрээр Малайзад багаараа хэдэн сараар хөл хорионд орж, улмаар Перуд болох олимпын эрхийн төлөөх тэмцээндээ оролцож чадахгүйд хүрээд байв. Ийнхүү бэлтгэл хийх зориулалтын талбайгүй хоцорсон Дайз бууж өгсөнгүй. Тэрээр ганц саваа мод, баллонтой ус ашиглан бэлтгэлээ хийж байсныг инстаграм хуудсыг нь дагагчид санаж буй биз ээ. Энэ л ялагчийн чанар буюу. Бермуд, Туркмен, Сан Марино улс мөн Токио-2020 олимпын наадамд мөн анхны алтан медалиа авчээ.


СИМОН БАЙЛЗ

Өнгөрөгч олимпын үеэр хөндөгдсөн чухал сэдвүүдийн нэг бол яах аргагүй сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал байлаа. АНУ-ын алдарт гимнастикч Симон Байлз тэмцээнээ дундаас нь орхисон нь олны дунд ширүүхэн мэтгэлцээн эхлүүлсэн. Тэрээр энэ үйлдлийнхээ талаар ярихдаа “Бид ч гэсэн өөртөө анхаарах хэрэгтэй, өдрийн төгсгөлд бид ч бас адилхан хүн шүү дээ. Тиймээс дэлхий нийт биднээс хүсэж буй зүйлийг нь хийхээс илүүтэй бид өөрсдийн сэтгэл санаа болон бие махбодоо хамгаалах хэрэгтэй" хэмээсэн юм. Зарим хүмүүс улсынхаа нэрийг гарган тэмцээн уралдаанд оролцож байгаа хүн сул дорой байдал гаргаж болохгүй хэмээн шүүмжилсэн бол нөгөө талаас, түүнийг дайралтаас хамгаалж, сэтгэлзүйн эрүүл мэндийн ач холбогдлыг ухуулах хүн ч цөөнгүй байв. Теннисчин Наоми Осака амжилт гаргаж чадаагүй нь ч сэтгэлзүйн дарамтаас үүдэлтэй гэж шинжээчид хэлж буй.


ЖУН МИЗУТАНИ, МИМА ИТО 

Ширээний теннисний холимог хосын төрөлд Япон улсын тамирчид Жун Мизутани, Мима Ито нар түрүүлснээр Олимпын түүхэнд бас нэгэн гайхалтай шинэ хуудас нэмэгдлээ. “Хятадын тамирчид хүчтэйг мэдэж байсан болохоор бид өөрсдийгөө 100 ч биш бүр 150 хувь дайчлах ёстой гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй орсон. Тэмцээн болох хүртэл тэднийг ялж чадах эсэхдээ эргэлзэж байсан шүү. Харин одоо бол өөрсдөөрөө үнэхээр бахархаж байна.” хэмээн Жун Мизутани өгүүлсэн юм. 12 насны зөрүүтэй ч бие биеэ харцаараа ойлгох хэмжээнд дотно нөхөрлөсөн нь тэдний амжилтын нууц гэж болох.

Мизутани, Ито хоёрын нөхөрлөл тэртээ 16 жилийн өмнөөс улбаатай. Ито анх дөрвөн настайдаа хотынхоо ширээний теннисний клубт элссэнээр дасгалжуулагчийнхаа хүү Мизутанитай танилцжээ. Мизутани тухайн үед аль хэдийн олон улсад нэртэй тамирчин болж, тогтмол гадагшаа тэмцээнд явдаг байж. Удалгүй Мизутани бараг өдөр бүр Итогийн гэрт зочилж, цагийг хамт өнгөрүүлэх болсон аж. Ингэж Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн холимог хосын баг бүрдсэн түүхтэй.

 

ХБНГУ-ЫН ГИМНАСТИКИЙН ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД

ХБНГУ-ын эмэгтэй гимнастикийн баг дэлхий дахинд өөрсдийн мессэжээ хүргэж чадсан. Тэд тогтсон уламжлалыг эвдэн, хүйсийн ялгаварлалын эсрэг байр сууриа илэрхийлэн, үзүүлбэрээ битүү хувцастай гүйцэтгэсэн бөгөөд өмнө нь шагай хүрсэн энэ төрлийн урт өмсгөлийг зөвхөн шашны хатуу дэглэмтэй улс орны тамирчид л соёлын ялгааны улмаас өмсөж оролцдог байв. Энэ тухайд, багийн гишүүн, дэлхийн аваргын хүрэл медальт Элизабет Сэйц “Бид уг өмсгөлөөрөө эмэгтэй хүн бүр юу өмсөхөө өөрсдөө шийдэх эрхтэй гэдгийг харуулахыг хүссэн” хэмээсэн юм. Хэдийгээр тэд медаль хүртэж чадаагүй ч энэ үйлдэл нь тэднийг медальтнаас ч илүү анхаарлын төвд оруулсан билээ. Хүйсийн тухай дэлхий нийтийн үзэл бодол өөрчлөгдсөөр.


МАРСЕЛЬ ЯКОБС

Италийн тамирчин Марсел Якобс 100 метрийн гүйлтийн барианд 9.8 секундын дотор орсноор дэлхийн хамгийн хурдан хүн болсон төдийгүй энэ төрөлд алтан медаль авсан анхны итали хүн болоод байна. Тэрээр дэлхийн хамгийн хурдан хүн болсноо мэдэхдээ "Яг юу болоод байгааг ойлгоход надад 4-5 жил хэрэгтэй гэж бодож байна" гэжээ. Мөн тэрээр Америкийн Фрэд Керли, Канадын Андре ДеГрассе нарыг тэргүүлж, зодог тайлсан Усэйн Болтын сүүлийн 13 жилийн турш эзэмшиж байсан рекордыг шинэчлэн тогтоож чадсан юм.


ЛОРЕЛ ХАББАРД 

Шинэ Зеландын хүндийг өргөгч Лорел Хаббард олимпод оролцсон анхны трансжендер тамирчин (албан ёсоор, нээлттэй зарласан) болж, түүхийн шинэ хуудас нээв. Найман жилийн өмнө хүйсээ солиулсан тэрээр олимпод орох зөвшөөрлөө 2015 онд авсан юм. Олон улсын олимпын хорооны дүрэм ёсоор, тэмцээн болохоос 12 сарын өмнө хэмжихэд цусан дахь тестостероны хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байвал эмэгтэйчүүдийн ангилалд хүч үзэх боломжтой. Тестостероны хэмжээ нь хэдий эрэгтэйчүүдийнхээс мэдэгдэхүйц бага ч гэлээ дундаж эмэгтэйнхээс даруй тав дахин өндөр, иймд эн тэнцүүхэн өрсөлдөх боломжгүй хэмээн энэ шийдвэрийг шүүмжлэх хүн олон байв.

Спорт цаашид олон янз хүмүүсийн бүгдийн төлөөлөл болохуйц, хүртээмжтэй орчин болно гэдэгт итгэж буй учир өөрийнх нь карьерыг трансжендер гэдгээс нь ангид, бусад тамирчнаас ялгалгүй үнэлж цэгнээсэй хэмээн 43 настай Лорел Хаббард ярьжээ. Энэ удаагийн олимп түүний сүүлчийн томоохон тэмцээн аж.


НИРАЖ ЧОПРА

Жад шидэлтийн видео хичээл Youtube-ээс үзэж, дэлхийн рекордыг эвдсэн, Энэтхэгийн жад шидэгч 23 настай Нираж Чопра Токиогийн олимпын тод шигтгээнүүдийн нэг байв. Хөнгөн атлетикийн төрөлд олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүнийг хүүхэд байхаас нь хөнгөн атлетикаар хичээллүүлжээ. Найзууд нь түүнийг тарган хэмээн дооглосны улмаас биеэ хөгжүүлэхэд анхаарч, гэр бүл нь түүнийг гимназид бүртгүүлсэн аж. Нираж Чопра өсвөр насандаа Чехийн алдарт тамирчны шидэлтийн видео бичлэгүүдийг анхааралтай үзэж, шидэлтийн техникүүдээ сурсан хэмээн ярьсан байдаг. 2014 оноос олон улсын уралдаанд оролцож эхэлснээр Ази, дэлхийн өсвөрийн аваргын тэмцээнээс олон медаль хүртсэн юм.


КРИСТИНА ТИМАНОВСКАЯ 

Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин 24 настай Кристина Тимановская Токиогийн олимпод богино зайн гүйлтийн төрөлд өрсөлдөхөөр ирсэн боловч дасгалжуулагч нар нь бэлтгэл хийгээгүй төрөлд өрсөлдөхийг шаардсанаар тэмцэл эхэлсэн юм. Тэрээр инстаграм хуудсандаа дасгалжуулагчдынхаа хариуцлагагүй байдлыг шүүмжилж, улс төрийн үзэл баримтлалтай холбон тайлбарласны улмаас дасгалжуулагчид нь түүнийг тэмцээнд оролцуулахгүйгээр Беларусь руу хүчээр буцаахыг оролдсон. Харин Польш улс залуу тамирчинд хүмүүнлэгийн виз олгож, спортын замналд нь дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнээр Кристина Токио хот дахь Польшийн ЭСЯ-ны байранд түр байрлаж, цааш Польш руу явсан юм. Тэрээр Беларусийн төрийн эрхийг барьж буй Александр Лукашенког огцрохыг шаардаж, дуу хоолойгоо илэрхийлсэн цөөн тамирчдын нэг.


ЮЛИМАР РОХАС

Токиогийн олимпын хамгийн хөгжилтэй, харизмтай тамирчдын нэг нь Венесуэлийн хөнгөн атлетикийн тамирчин Юлимар Рохас байсан юм. Этгээд сонин хөдөлгөөн, өөртөө итгэлтэй бөгөөд хөгжилтэй нүүрний хувирал нь түүнийг ямар амжилт үзүүлэх бол гэсэн хүлээлтийг үзэгчдэд эрхгүй төрүүлж байв. Дэлхийн хоёр удаагийн аварга, 2016 оны Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан тэрээр энэ удаагийн олимпын гурвын харайлтын төрөлд өрсөлдөн, үзэгч шүүгчдийн хүлээлтийг давуулж, 1995 онд буюу 26 жилийн өмнө Украины тамирчны тогтоож асан 15.50 метрийн амжилтыг 26 насандаа 15.67 болгон урагшлуулснаар Венесуэлийн анхны олимпын алтан медальт эмэгтэй тамирчин болов. Гар бөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг байсан ч амьдарч буй хотод нь гар бөмбөгийн шигшээ байгаагүйн улмаас хөнгөн атлетикийн тамирчин болсон гэх түүний хувьд ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарладаг тамирчдын нэг бөгөөд олон нийт түүнийг ЛГБТИК хүний эрхийн активист гэдгээр нь ч сайн мэднэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.203.27)