Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурчэ
Өнгөрсөн онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан нь эдийн засагт нь ноцтой үр дагавар дагуулах хүн амын бууралт удаан хугацаанд үргэлжлэх эхлэлийг тавьсан түүхэн үзүүлэлт болжээ.
Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан нь мөн Энэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн таамаглалыг баталж байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хүн амзүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэдийгээр эрх баригчид 2021 оноос хойш татвараас хөнгөлөх, жирэмсний болон амаржсаны дараах амралтыг уртасгах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх зэргээр иргэдийг олон хүүхэдтэй болохыг дэмжих арга хэмжээ авч байгаа боловч эдгээр алхам нь удаан хугацаагаар үргэлжлэх хүн амын бууралтыг зогсоож чадахгүй гэж үзэж байна.
2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их байна.
Эх сурвалж:БЭЭЖИН. /Reuters/