ОУВС: Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлнэ
Эдийн засаг нь эрчимтэй сэргэж буй Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлнэ гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева ням гарагт Хятадын хөгжлийн чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.
К.Георгиева Бээжин хотноо жил бүр зохион байгуулагддаг уг чуулга уулзалтын хоёр дахь өдөр үг хэлэхдээ, Хятад улсын эдийн засгийн сэргэлтийг цар тахлын нөлөө, гео-эдийн засгийн хуваагдал, санхүүгийн хямралд орох эрсдэлд өртөөд байгаа дэлхийн эдийн засгийн “өсөлтөд эергээр нөлөөлөх нааштай шинж тэмдэг” гэж тодорхойлсон байна.
Хятад улсын эдийн засаг сэргэж буй нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгааг К.Георгиева онцлоод, тус улсын ДНБ-ий өсөлт 1 хувиар нэмэгдэх нь Азийн бусад орны эдийн засгийн өсөлтийг дунджаар 0.3 хувиар өсөхөд нөлөөлнө гэсэн тооцоог ОУВС-гийн судалгааг эш татан мэдэгджээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард ОУВС Хятадын эдийн засаг 2023 онд 4.4 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсан бол энэ оны нэгдүгээр сард уг таамаглалаа 5.2 хувьд хүргэж ахиулсан юм.
Эх сурвалж : БЭЭЖИН. /CGTN/