Хоккейчдоо үдсэн "Мөсөн өргөө" дараачийн зочдоо хүлээж түр амсхийх нь

Гурав хоногийн турш үзэгч дэмжигчдийн уухайн түрлэг дор, өрсөлдөгч багуудын халз тулаанаар амьсгалсан "Стэп Арэна" буюу "Мөсөн өргөө" өнөөдрөөс түр амсхийх нь.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шайбтай Хоккейн IV Дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Улаанбаатар хотноо 2023 оны 3 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд "Мөсөн өргөө"-нд амжилттай зохион байгуулагдаж, Филлиппиний баг алт, Монголын баг мөнгө, Кувейтийн баг хүрэл цомын эздээр тодорлоо. 

Хэдийгээр дөрвөн улирал ээлжилдэг, цастай мөстэй орон ч гэлээ, манайд хоккейн спорт өнөөдрийнх шиг өндөрлөгт гарч хөгжиж чадаагүй юм. Энэ нь зориулалтын заал талбай байгаагүйтэй шууд холбоотой. Харин дэлхийн стандартад нийцсэн "Мөсөн өргөө"-г барьж байгуулснаар хоккейн спорт Монголд хөгжих сайхан боломжийг нээж өгсөн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчид маань байнгын сургуулилт хийх боломж бүрдсэн тул ур чадвар нь улам сайжирч, хөгжөөн дэмжигчдийн бахархлыг төрүүлэн гурван өдрийн турш суудлаас нь өндөлзүүлж чадлаа. 

Тэр дундаа хамгийн сонирхолтой тоглолт бол хагас сайнд болсон 4 дэх тоглолт буюу Монгол-Филиппиний хооронд болсон спорт сонирхогчдын хэлдгээр “гал гарсан тулаан” байв. 

Тоглолтын эхний үед багийн нарийн зохион байгуулалттай, эмх цэгцтэй филиппинчүүд 3:0 гэсэн харьцаагаар тэмцээнийг тэргүүлж өндөрлөсөн бол, 2 дугаар үеийн бужигнаант тоглолтод манайхан 3 гоол оруулж тоог тэнцүүлж чадсан. Харин шийдвэрлэх 3 дугаар үеийн тоглолтод Филиппиний баг 2 гоол оруулж, 5:3 болгосон ч, Монголын хоккейчид сөрөг довтолгооныг амжилттай гүйцэтгэж, тоог бас л тэнцүүлсэн. Гэвч сүүлийн хэдэн хоромд тэнцүү өрсөлдөөнтэй өрнөж, хоёр баг хоёулаа нэг нэг гоол оруулснаар, тоглолтын үндсэн цаг 6:6 харьцаатай өндөрлөсөн юм. 

Ингээд шийдвэрлэх нэмэлт цагт Филиппин улсын шигшээ баг хаалганд амжилттай довтлон түрүүлж гоол оруулснаар 7:6 оноогоор ялалт байгуулсан. 

Хаалтын өдрийн тоглолт тийм ч сонирхол татам болоогүй. Монголын баг Индонезийг 5:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр Филлиппиний баг алт, Монголын баг мөнгө, Кувейтийн баг хүрэл цомын эздээр тодорсон билээ.

Хаалтын ажиллагаан дээр УИХ-ын гишүүн, МХХ-ны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан “Мөсөн өргөө"-нд ирсэн хүн бүр түүхэн үйл явдлын гэрч боллоо. Бид ДАШТ-ийг тал нутгийн "Стэп Арэна"-даа амжилттай зохион байгууллаа” гэдгийг тодотгосон юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.68.97)