2023 оны шилдэг 10 ёс зүйтэй аялал жуулчлалын бүс нутгийн нэгээр Монгол улсыг нэрлэлээ
25 жилийн түүхтэй “Ethical Traveler” олон улсын судалгааны байгууллагаас “Дэлхийн шилдэг 10 ёс зүйтэй аялал жуулчлалын бүс нутаг” хэмээх судалгааныхаа 2023 оны тайланг танилцууллаа. Тус байгууллага 15 дахь жилдээ 200 орчим улс орныг хамруулан уг судалгааг хийсэн бөгөөд нийгмийн халамж болон амьтан хамгаалал, хүний эрх, байгаль орчны хамгаалал гэсэн дөрвөн хүчин зүйлсийг голлож, Freedom House, Millennium Challenge Corporation, Reporters Without Borders, UNICEF, LGBTQ болон Дэлхийн банкны судалгааг эх сурвалжаа болгосон байна. Шилдгээр нэрлэсэн улс орнууд өнгөрснөөс өдийг хүртэл дараах дөрвөн шалгуурт хэр зэрэг ахиц гаргасан нь хамгийн чухал бөгөөд тогтвортой хөгжилтэй, амар амгалан эх дэлхийг бий болгоход эдгээр улсуудын ололт амжилт чухал нөлөөтэй гэж үзжээ. Ингээд энэ оны шилдэг 10 ёс зүйтэй аялал жуулчлалын бүс нутгийг танилцуулъя.
1. Barbados
2. Belize
3. Botswana
4. Cabo Verde
5. Chile
6. Costa Rica
7. Mongolia
8. Palau
9. Seychelles
10. Timor-Leste
Тэд Монгол улсыг салхи исгэрсэн уудам говиос гайхамшигт Алтайн уулс хүртэлх онгон дагшин байгаль, зэрлэг амьтад, адал явдлын өлгий нутаг хэмээн онцолсон бөгөөд тархмал нүүдэлчдийн гэр, эртний сүм хийдэд нь зочилж, амар амгалан дунд уусахыг санал болгожээ. Түүнчлэн 2019 оны “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” болон 2021 оны “Шүүхийн багц хууль”-ийг цохон тэмдэглэснээс гадна өнгөрсөн өвөл нүүрсний хулгайн эсрэг жагссан ард түмний тэмцлийг онцолжээ. Уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа байгаль хамгааллын хөтөлбөрүүд, агаарын бохирдлын эсрэг шат дараатай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилго бүхий бодлого, нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зэрэг олон хүчин зүйлс манай улсыг уг жагсаалтад багтахад эерэг нөлөө үзүүлсэн байна.
Монгол улстай зэрэгцэн шилдгээр шалгарсан бусад улсын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
Эх сурвалж : Buro.Mongolia