Хүүхдийн зөв хооллолтын талаар таны мэдэх ёстой зүйлс
Хүүхдийн нэмэгдэл хоол буюу бор хоолонд оруулах хугацаа улс орон болгоны хүүхдийн хоолны зөвлөмжид харилцан адилгүй байдаг ч ДЭМБ-аас зургаан сар хүртэл нь дан хөхөөр хооллохыг зөвлөдөг. Харин зургаан сараас хойш хүүхдийн биед төмөр, цайр болон бусад чухал шаардлагатай шимт бодисын хэрэгцээ нэмэгдэж эхлэх ба үүнийг эхийн сүү болон сүү орлуулагч хангаж чадахгүйд хүрдэг учир нэмэлтээр бусад хоол хүнс өгөх шаардлага үүсдэг. Яг энэ үед хүүхдийг хэрхэн яаж бор хоолонд оруулах нь цаашдын өсөлт хөгжилт, амьдралын хэв маягт маш чухал нөлөөтэй байдаг учраас эцэг эхчүүд үүнд маш хариуцлагатай хандах ёстой юм.
Хүүхдийнхээ нэмэгдэл хоолыг хэрхэн зөв эхлүүлэх вэ?
Хүүхдийн нэмэгдэл хоолыг яг ийм хүнсээр эхлүүлнэ гэсэн тогтсон ойлголт байхгүй ч олон улсын хүүхдийн хоол тэжээлийн зөвлөмжид хүнсний ногоогоор эхлүүлэхийг зөвлөх нь олонтоо. Аливаа хоол хүнс хүүхдийн биед шаардлагатай шим тэжээлийг хангах нь хамгийн чухал ба нэмэгдэл хүнсэнд дараах шалгуурыг тавих хэрэгтэй. Үүнд:
- Хүүхдийн хоол боловсруулах системийн хөгжилд саад учруулахгүй, амархан боловсордог байх. Учир нь хүүхдийн хоол боловсруулах системийн хөгжил насанд хүрсэн хүнтэй харьцуулахад сайн хөгжөөгүй байдаг.
- Төмөр болон цайрын сайн эх үүсвэр байх. Энэхүү хоёр эрдэс бодис нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хоол хүнсний зөв сонголт яагаад чухал вэ?
Хүүхдийн амтлах мэдрэхүй эхийн хэвлийд байх ес дэх долоо хоногоос хөгжиж эхэлдэг ба оргил үе нь нэмэгдэл хоолонд оруулах үеэр тохиодог. Энэ үеэс л эцэг эхчүүд хүүхдэдээ аль болох олон төрлийн өнгө, амттай хоол хүнсийг танилцуулж, амтлах мэдрэхүйг хөгжүүлэх нь чухал. Учир нь бага насанд түлхүү хэрэглэсэн хоол хүнснээс шалтгаалж хүний насан туршийн хооллолтын хэв маяг бүрэлддэг байна. Тиймээс үргэлж нэг төрлийн хоол бэлтгэж өгөх нь хүүхдийн шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй хоол голоход хүргэдэг.
Хүүхдийн хооллолт ба давс
Хүүхдийн хоногийн хоол хүнсээр дамжуулан авах натрийн зөвлөмж хэмжээ 7-12 сартайд 0.37 грамм, 1-3 настайд 1 грамм байдаг. Нэг нас хүрээгүй хүүхэд өөрийн биед шаардлагатай натрийн хэмжээг хөхний сүү болон бусад хоол тэжээлээсээ хангалттай авдаг гэж үздэг учраас тэдний хоолонд нэмэлтээр давс хийхгүй байхыг зөвлөдөг. Мөн эцэг эхчүүд давсыг зөвхөн хоолонд хийдэг давсаар тодорхойлох нь өрөөсгөл бөгөөд лаазалсан хүнс, жигнэмэг ,чипс, хиам, бяслаг, төрөл бүрийн соус, утсан хүнс зэрэг нь өөртөө маш их хэмжээний давсыг агуулж байдаг учир энэ төрлийн хүнсийг аль болох хязгаарлах, хэрэв хэрэглэсэн тохиолдолд тухайн өдрийн хоолонд давс нэмэлтээр хийхгүй байх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа
Хүүхэд бор хоолонд орох хүртлээ өөрийн биед шаардлагатай шим тэжээлийнхээ хэрэгцээг хөхөх рефлексийн тусламжтайгаар хангаж ирсэн. Харин нэмэгдэл хоол эхлүүлэх үед өөр бүтэцтэй хоолыг өөр ур чадварын тусламжтайгаар идэх хэрэгцээ үүсдэг нь хүүхдийн хувьд цоо шинэ зүйл юм. Тэгвэл эцэг эхчүүд ямар нэгэн хүнсийг хүүхдэдээ хэдхэн удаа өгөөд л хүлээж авахгүй болохоор нь манай хүүхэд хоол идэхгүй байна, ногоонд дургүй юм байна гэж ойлгодог. Мөн өөрсдийн амтлах мэдрэхүйндээ тааруулан хоолонд нь давс, сахар нэмэлтээр хийдэг үзэгдэл тухайн үедээ нэг их асуудал болохгүй ч олон жилийн дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Тэгэхээр хүүхдийнхээ нэмэгдэл хоолыг эхлүүлэх үедээ хэт их яаралгүйгээр, бусадтай харьцуулалгүйгээр, сайн ажиглаж, өөрөөр нь суралцах боломж олгоорой.
Хүүхэд хоол идэх дургүй эсвэл хоолоо голдог бол ямар арга хэмжээ авах вэ?
Хүүхдийн дуршил буурч, хоол идэхгүй байхад олон шалтгаан бий. Нэгэн хэвийн буюу өглөө кааш, өдөр болгон бантан, орой тараг л уудаг хүүхэд хоолоо голох магадлал өндөр учир хүүхдийнхээ хоолны цэсийг нөхцөл байдалдаа тааруулан баяжуулах, мөн тогтмол цагийн хуваарьтай байхад анхаарах нь зүйтэй. Хэрэв хоолны дуршил нэг сараас дээш хугацаанд буурсан шинж ажиглагдах юм бол заавал мэргэжлийн хоол зүйчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
Бүхэл хоол руу зөв шилжүүлэх үйл явц
Хүүхэд нэмэлтээр зутанлаг хоол хүнс хэрэглэж эхэлсэн бол дунджаар найман сартайгаас эхлэн аажим аажмаар бүхэл хоолонд шилжих шаардлагатай. Энэ шилжилтийн үед сонгож өгөх хүнсний бүтэц, хэмжээ маш чухал. Хүүхэд өмнө нь үргэлж шингэн, ширхэггүй хоол иддэг байсан учир бүхэл хоол руу шилжих эхний үед хахаж буй мэт үйлдэл гаргадаг. Энэ нь тэдний өөрийгөө хахахаас сэргийлэх төрөлхийн рефлекс хэдий ч эцэг, эхчүүд буруугаар ойлгон нухшилсан хоолоо үргэлжлүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг. Хүүхдийн араа шүд нь ургаагүй, ам тойрсон булчингийн хөгжлүүд сул, зажлах ур чадвар сайн хөгжөөгүйгээс хахах эрсдэл өндөр байдаг ч хоол хүнсийг нь зөв бэлтгэж өгвөл шүд ургасан эсэхээс үл хамааран буйл ,тагнай, шүлсний тусламжтайгаар буталж идэж чадна.
Бүхэл хоолонд шилжиж байгаа үед хүүхдэд гарт нь барихад тохиромжтой хоол өгч, мөн хахах эрсдэл өндөртэй хүнсийг зөв бэлтгэх нь чухал. Үүнээс гадна тэднийг хөлийн тавиуртай хоолны ширээнд суулгаж, хооллох үед яг хажууд нь байх зэрэгт анхаарах хэрэгтэй.
Шинэхэн эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Ихэнх хүмүүс бор хоол гэдгийг хөхний сүүний оронд өгдөг хоол гэж ойлгон хүүхдээ маш эрт хөхнөөс гаргах болжээ. Гэтэл хүүхэд нэг нас хүртлээ хөхний сүү болон нэмэлт хоолыг хослуулж байж өөрийн биед шаардлагатай шим тэжээлийг бүрэн авдаг учраас ээжүүдийн дунд байдаг буруу, хэвшмэл ойлголтоос болж хүүхдээ хөхөөр хооллохоо бүү зогсоогоорой. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хөхөөр хооллож чадахгүйд хүрвэл эхлээд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.
Мөн хүүхэд хоолыг нүдээрээ харж, гараараа хүрч, үнэр, амтыг нь өөр зүйлд сатааралгүй мэдэрч байх чухал учир утас, таблет, зурагтаас хол байлгах хэрэгтэй. Дэлгэцийн хэрэглээг хооллолтын үед хэтрүүлэх нь хүүхдийг хэт их идэх, эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулснаар хоол идэх хүсэлгүй болгодог. Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд жингийн илүүдэлтэй, эсвэл хоолны дуршилгүй болохоос гадна зөвхөн дэлгэц үзэж байж л иддэг буруу дадалтай болдог. Тиймээс ямар ч үед гэр бүлээрээ ширээ тойрч суун хооллож заншаарай.
Эх сурвалж: buro247.mn