The Hu хамтлаг нь 6 сарын 1-4-ний хооронд эх орондоо анх удаа тоглох юм
Өнгөрсөн оны 10 дугаар сараас Европын аялан тоглолтоо эхэлсэн The Hu хамтлаг энэ оны эхэнд Монголдоо ирсэн билээ. 2016 онд байгуулагдаж, гурван жилийн дараа “Гэрэг” нэртэйгээр гаргасан анхны цомгоосоо хойш асар богино хугацаанд Metallica, Slipknot, Korn зэрэг тив дэлхийн домгуудтай нэгэн тайзнаа гарч, дэлхийг тойрч аялан тоглох хүртлээ алдаршсан тус хамтлаг эх орондоо хараахан тоглож амжаагүй явсан юм. Гэсэн ч хүннү рок урсгалыг олон улсад таниулж яваа уг хамтлагийн шүтэн бишрэгчдийн сонорыг мялаасан мэдээ тархсан нь тэд ирэх сарын 4-ний өдөр эх орондоо тоглохоор болжээ. Хэдийгээр энэ нь The Hu-гийн бие даасан тоглолт биш ч гэлээ зургаадугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулагдах Power expo and fest наадмын эхний өдөр нэг цагийн турш задгай талбайд тэд бут авах юм. Хойд Америкийн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella-гийн тайзыг өнгөрөгч жил эзэгнэсэн тус хамтлаг ирэх сарын 15-18-ны өдрүүдэд Франц улсад болох хүнд метал рок хөгжмийн Hellfest фестивальд оролцох гэнэ.
"Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоороо багагүй амжилт үзүүлсэн тэд аялан тоглолтынхоо дундуур дараагийн шинэ цомгийнхоо ажилд ороод тун завгүй яваа аж. Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр "The Hu in the Меtaverse" хэмээх виртуал рок тоглолт хийсэн нь дэлхийд анхдагч үйл явдал болсон юм.
“Wolf totem”, “Yuve yuve yu”, “Shoog shoog” гэх мэт дуунуудыг нь рок хөгжмийн гал улаан фенүүд даган дуулж, дэлхийг тойрон аялсан тоглолтуудынх нь тасалбар нүд ирмэх зуурт борлуулагдаж, Монголын төдийгүй дэлхийн түүхэнд шинэ салхи сэвэлзүүлж яваа тэднийг CNN телевиз онцолсон ярилцлага энэ оны сүүлээр олон улсад цацагдах юм.
Тус хамтлагийн Европын аялан тоглолтын хуваарь болон тасалбарын мэдээллийг энэхүү холбоосноос аваарай.