Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэв

 

    Комедиан Б.Идэр-Одыг Интерполоор буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын шугамаар эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.  Энэ тухай мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албанаас лавлахад, түүнийг койны асуудалд холбогдуулан шалгаж байгаа ажээ.

 Түүнтэй хамтран койны бизнес эхлүүлсэн иргэдийг “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж  виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Интерпол гэмт хэргийг таслан зогсоох, дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага. Гэхдээ тус байгууллагын www.interpol.int сайтад иргэн Б.Идэр-Одыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл нийтлэгдээгүй байна.

Энэ тухай Эрүүгийн цагдаагийн албанаас уг сайтад нийтэд аюултай гэж үнэлэгдсэн этгээдүүдийн мэдээллийг ил /улаан/тавьдаг. Харин Б.Идэр-Одын мэдээллийг хаалттай хэсэгт /хөх/ байршуулсан болохыг тайлбарлажээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Интерполын улаан буланд манай улсын 3, хөх буланд 42 нийт 45 хүн байна. Үүнээс таван хүнийг олж тогтоон эх оронд нь авчирсан. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэн нь авлига, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд зугтсан гэсэн үг. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Нэмээд 10 орчим хүнийг авчрахаар бэлтгэл ажил хангаж байгаа” гэж мэдээллээ.

Оргон зайлж, сураггүй болсон болон мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн мэдүүлэг, тайлбар өгөх мэдээллийг өөрт нь хүргүүлж, зарлан дуудсан ч ирээгүй иргэдийг Интерполоор эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэлтэй юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.206.141)