“МИАТ”-ын агаарын шинэ хөлөг тогтмол хуваариар нисч эхэллээ
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн энэ хоёрдугаар сарын 1-нд хүлээн авсан агаарын шинэ хөлөг “Вoeing 737-8МАХ” мөн энэ сарын 5-ны өдрөөс үндсэн чиглэлд буюу тогтмол нислэгийн хуваариар нисэж эхэллээ.
ИНЕГ-аас олон улсад нисэх гэрчилгээ, агаарын хөлгийн болон нислэгийн бусад холбогдох зөвшөөрөл, бичиг баримтаа баталгаажуулж авсан шинэ онгоц Хонконг руу туршилтын нислэгээ хийгээд одоо Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгт гарч эхэллээ.
162 суудалтай, өмнөх “Boeing-737” онгоцнуудаас түлшийг 14 хувь бага зарцуулдаг, сүүлийн үеийн технологийн энэ агаарын хөлгийг “МИАТ” ХК Европын чиглэлд нисгэхэд хамгийн зохимжтой хэмээн төлөвлөж байгаа ч үүний өмнө ийнхүү Ази руу ойрын зайд нисэж эхэлж байна.
Агаарын шинэ хөлөг “Вoeing 737-8МАХ” нь хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Сиэтл хотоос Берлин-Москвагийн чиглэлээр ОХУ-аар дамжин 9100 гаруй км зайг 12 цагт туулан Монголд ирсэн юм. “МИАТ” ХК энэ онд таван шинэ онгоц түрээсээр авахаас эхнийх нь ийнхүү тогтмол нислэгт гарч эхэллээ. Дараагийн агаарын шинэ хөлгийг ирэх тавдугаар сард хүлээн авна. МИАТ” ХК ийнхүү агаарын хөлгийн паркаа шинэчилж байгаагаар нийт долоон “Боинг” онгоцтойгоор олон улсын нислэгийг үйлдэнэ.