В.В.Кильпякова: ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 620 иргэнийг суралцуулна

Б.ТУУЛ

Ирэх онд Монгол Улсын 620 иргэн ОХУ-ын Засгийн газрын  тэтгэлгээр суралцах квот зарлагджээ. Энэ тухай ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улаанбаатар дахь "Русский дом"-ын дэд захирал Валерия Валерьевна Кильпяковатай ярилцлаа. 

-ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна. ОХУ-ын Боловсролын үзэсгэлэн жил ирэх тусам илүү өргөн хүрээтэй зохион байгуулагддаг болжээ. Энэ жилийн хувьд үзэсгэлэн ямар онцлогтой болсон бэ?  

-Энэ жил ОХУ-ын боловсролын үзэсгэлэн хэд хэдэн онцлогтой боллоо.  Уг арга хэмжээ нь КОВИД-ын дараа зохион байгуулагдаж байгаа хоёр дахь үзэсгэлэн юм. 2022 онд  21 их, дээд сургуулийн төлөөлөл үзэсгэлэнд оролцож байсан бол 2023 онд ОХУ-ын тэргүүлэх 29 их, дээд сургууль өөрсдийн хөтөлбөрүүдээ танилцууллаа.   

Дараагийн тодотгох зүйл нь тус үзэсгэлэнг Орос-Монголын найрамдалт хамтын ажиллагааны  63 дахь өдрийн нээлт болгон зохион байгуулснаараа онцлог юм.

ОХУ-ын “Боловсрлын үзэсгэлэн”-г  Улаанбаатар дахь "Русский дом" буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн хамт олон хариуцан зохион байгуулдаг. Энэ үеэр ОХУ-ын Пенза хотын Техникийн их сургуулийн хамт олон “Робот техник-инноваци” гэсэн үзэсгэлэнг давхар зохион байгуулснаараа улам сонирхол татам боллоо.

“Робот техник болон инноваци”  гэсэн энэ төсөл нь “Россотрудничество” агентлагийн шилдэг төслөөр шалгарсан юм. Үзэсгэлэнд оролцсон хүүхдүүдэд VR-технологийн нүдний шилээр ОХУ-д сүүлийн үед хөгжиж байгаа шинэ технологиудтай танилцах, мөн тусгай хэрэгцээт хүмүүс болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд робот техникийг хэрхэн ашиглаж байгаа тухай танилцах боломжийг олгосон юм. Мөн ОХУ-ын том хотууд, үзэсгэлэнт байгальтай танилцах боломжийг олгосон нь оролцогчдод илүү сонирхолтой болсон. 

-Боловсролын үзэсгэлэнд Оросын 30 орчим сургууль оролцжээ. Монголд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх ямар сургуулиуд танилцуулгаа дэлгэсэн бэ? 
-Оросын хамгийн эртний хот Санкт-Петербургийн 215 жилийн түүхтэй Хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн их сургууль үзэсгэлэнд анх удаа ирж оролцсон.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын гурван их сургууль ирж боловсролын яармагт мэдээллээ танилцуулсан. Эрхүү, Красноярск, Буриад улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирсэн.

Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчин эрэлттэй байдаг учраас эдгээр сургууль сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэлүүдээ танилцуулсан байгаа. Мөн Монгол Улсын элсэгчдэд зориулан ОХУ-ын өөр бусад тэргүүлэх их сургуулиуд мэргэжлийн чиглэл, элсэлтийн хөтөлбөрөө танилцуулсан байгаа. 

-ОХУ-ын боловсрлын үзэсгэлэн Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчний судалгаа мэдээлэлтэй бас уялддаг байх?
-Бид энэ талаарх мэдээллийг мөн чухалчилдаг. Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт 3300 мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй байна гэсэн судалгаа мэдээллийг авсан. Тиймээс монгол хүүхдүүд энэ үзэсгэлэнгээс хөдөө аж ахуй, мал аж ахуйн сургуулиудыг сонирхож судалсан болов уу гэж бодож байна. Эдгээр сургууль нь Санкт-Петербург хотоос гадна уг үзэсгэнд оролцсон хөдөө аж ахуйн гурван сургууль нь бүгд Сибирт байрлалтай. Эрхүү, Красноярск, Улан-Үд хотод байрлаж байна.

Мөн “Боловсролын үзэсгэлэн-2023” арга хэмжээнд анх удаа мэдээллийн технологийн чиглэл буюу IT, хиймэл оюун ухаан, Москвагийн Мэдээлэл технологийн их сургуулийн төлөөлөл ирж оролцсон.  

Бахархууштай сайхан жишээ дурьдвал тус сургуульд суралцаж байгаа монгол охин энэ сургуульдаа бакалавр, магистрын зэрэгт суралцаж төгсөөд, одоо аспирантурт суралцаж байна. Энэ оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр амжилттай суралцахын зэрэгцээ их сургуулийнхаа кафед ажилладаг.  Энэ нь монгол оюутнууд ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцахын хажуугаар ахлах курстээ цагийн ажил хийх боломжтой гэдгийг харуулж буй юм. 

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнууд 170-180 их дээд сургуулиас сонголтоо хийх боломжтой. Үзэсгэлэнд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх өөр ямар сургуулиуд хүрэлцэн ирсэн бэ? 
-Оросын “Боловсролын үзэсгэлэн 2023”-д Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль анх удаагаа ирж оролцлоо. Сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг болоод буй сэтгэл судлал, социолагийн чиглэлээр тус сургуульд суралцах боломжтой.

Учир нь, сүүлийн үед монгол оюутнууд ОХУ руу сэтгэл судлалын чиглэлээр сонирхож суралцах болсон. Якутаас их сургуулийн төлөөлөл мөн  анх удаа ирж оролцсон. Эдгээр сургуулиуд бүгд хичээлийн байр, техник технологи, лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны ажилд өндөр ач холбогдол өгдөг, хамгийн чанартай сайн сургуулиуд юм. 

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт албан ёсоор зарлагдсан байна. Ирэх жил хэдэн оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах вэ?
-ОХУ-аас жил бүр зарладаг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарийг зарласан байгаа. Тооны хувьд өнгөрсөн жилийнхтэй адил квоттой зарлагдсан. ОХУ-ын Засгийн газрын боловсролын салбарт баримталж буй бас нэг бодлого нь тооноос илүү чанарт, сургалтын чанарт илүүтэй анхаардаг. Яагаад гэвэл, нэгэн үе ОХУ руу тэтгэлгээр суралцах оюутнуудаас их сургуулиа төгсөж чадахгүй орхих, буцаж ирэх, амжилтгүй суралцах тохиолдол их байсан бол сүүлийн жилүүдэд явж буй оюутнууд харьцангүй чанаржсан. Үүрэг хариуцлага, зорилгоо ухамсарласан оюутан залуучууд ОХУ-ыг зорьдог болсон.

Тэр дундаа Монгол Улсаас инженер,  IT технологийн чиглэлээр суралцаж байгаа залуус бакалавртаа суралцаж төгсөөд, дахин мэргэжил дээшлүүлэн суралцдаг болсон. Магистрт суралцах хүсэлтэй, сонирхсон сэдвээрээ судалгааны ажил хийх хүсэлтээ өгсөн, өргөдлөө ирүүлсэн, дипломны ажлаа эхлүүлсэн сайн жишээ цөөнгүй байна. 

-Элсэгчдийн хувьд мэргэжил сонголтод хэрхэн хандаж байна?
-ОХУ руу анагаах ухааны чиглэл, хүний их эмч мэргэжлээр сонгон суралцах хүүхэд олон байдаг. Мэдээж, эмчийн мэргэжил бүх л цаг үед эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Одоо ч тийм байна. Мөн жил бүрийн элсэлтээс харж байхад, ОХУ руу Олон улсын харилцааны чиглэлээр суралцах элсэгч цөөнгүй байна.

Гэсэн ч зарим оюутны хувьд, энэ мэргэжлийнхээ утга агуулга, зорилго чиглэлийг сайн судлаагүй хүүхдүүд бас байна. Тиймээс тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох элсэгчид хувийн мэдээлэл, мэргэжил сонголт, суралцах сургууль зэргээ маш сайн судалж, зөв сонгох хэрэгтэй гэдгийг хэлье. 


Мэргэжлийн чиглэлийн хувьд цөөн хэдэн мэргэжлийн хүрээнд эргэлддэг байсан бол сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлсэн. Орчин үеийн нийгэмд илүү эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд болох IT мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, нано технологийн чиглэлүүд, инженерийн чиглэлээр илүү олон хүүхэд суралцдаг болсон. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбар, мал эмнэлгийн чиглэлээр суралцах хүүхдүүд  нэмэгдсэн. 

-Манай улсад ирэх жилүүдэд хэрэгжих мега төслүүд, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх бүтээн байгуулалтад инженер технологийн мэргэжилтэн эрэлттэй байдаг. Энэ чиглэлээр суралцагсдын тоо нэмэгдсэн нь баярлууштай сонсогдож байна? 
-Бидний хувьд ч бас талархан хүлээн авч байгаа. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах “Союз Восток” гээд том төсөл хэрэгжиж буй. Тэгвэл Томск хотын Политехникийн сургуульд 47 монгол хүүхэд суралцахаар хүсэлтээ ирүүлсэн байсны 36 нь энэ төсөл дээр ажиллахаар бэлтгэгдэж байна.

Томскийн Политехникийн технологийн сургууль энэ боловсролын үзэсгэлэнд бас оролцсон. Хамгийн сонирхолтой нь инженер технологийн чиглэлээр суралцах гэж байгаа хүүхдүүд бүгд Улаанбаатарын хүүхдүүд байсан нь сонирхолтой санагдаж байлаа.  

-Монголд хот, хөдөөгүй орос хэлний багш ховордож байна. Энэ чиглэлээр суралцах оюутнуудад илүү олон урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн гэж сонссон. Энэ тухай мэдээлэл дуулгаач? 
-Хөдөө орон нутгаар орос хэлний тэмцээн уралдаан, олимпиад явуулж байхад орос хэлний орчуулагчийн эрэлт хэрэгцээ их байгаа нь анзаарагддаг. Орос хэлний багш нар их ховордсон байна. Тиймээс аймгуудын Боловсрол соёлын газраас орос хэлний багш бэлтгэх хүсэлтийг их ирүүлсэн.  Бид ОХУ-ын Буриад улсын Засгийн газартай ярилцаж зөвшилцөөд, орос хэл, утга зохиолын багш харилцан бэлтгэхээр ажлуудаа эхэлсэн байна. 

Өнгөрсөн жил Монголоос 20 оюутан багшийн коллежид суралцахаар явсан бол энэ жил 30 хүүхэд хэл шинжлэл, орчуулагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж байна. Улан-Үд хотод Буриад улсын их сургуульд багшийн чиглэлээр суралцаж байгаа эдгээр оюутнуудын замын зардлыг даах зэрэг урамшуулалд хамрагдуулахыг ярилцаж шийдвэрлэсэн.

Мөн ирэх хичээлийн жилд хэлний бэлтгэлд хамрагдаж байгаа болон амжилттай суралцаж буй оюутнуудын стипентийг нэмэгдүүлж байгааг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.102)