Ё.Баатарбилэг: Сурагчдын ачаалал болон хичээллэх цагийг багасна
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2019 онд хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл, их засвар, гадна тохижилтын ажлын талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн газрын асуудал, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх зэрэг асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.
-Нийслэлд шинээр баригдах зарим сургууль, цэцэрлэгийн газрын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр ярьж байна. Гэтэл нэг компани сургууль, цэцэрлэг барих нэрээр 23 газар авсан боловч барилгаа бариагүй байгаа гэлээ. Үүнд яаж хариуцлага тооцох юм бэ. Цаашид боловсролын салбарт баригдах барилгын газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Хариуцлагагүй нөхдүүдийн үйлдлээс болж, нэг компани сургууль, цэцэрлэг барих нэрээр газар авсан байна. Үүнтэй эвлэрч болохгүй. Тухайлбал, 2013-2014 оны Засгийн газраар концесс батлуулж, боловсролын салбарын барилга байгууламж барина гэх нэрээр 23 газрыг нэг компани авсан боловч одоогоор нэг ч газрынх нь барилга байгууламж ашиглалтад ороогүй. Энд тэнд хундам цутгаад орхисон байна. Мөн улсын төсвөөр мөнгө нь батлагдчихсан хэрнээ газрын асуудлыг нь шийдэж чадахгүй гацаж байхад ямар компани нь 20 гаруй газар авч, хав дарчихаад сууж байдаг юм. Ийм асуудлыг шийдэх талаас хөөцөлдөнө.
-Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулна гэх мэдээлэл байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү?
-Цөм хөтөлбөрт өөрчлөлт хийнэ. Одоогоор БСШУСЯ дээр ажлын хэсэг гарч төлөвлөгөө боловсруулж байна. Орон нутгийн сургалтын менежер, ЕБС-ийн багш нарыг оролцуулан сургалтын агуулгын давхцал нь хаана байгаа, цөм хөтөлбөрийн дутагдлыг гаргаж ирж, хэлэлцүүлэг зохион байгуулна. Ер нь сурагчдын ачаалал, хичээллэх цагийг нь ч багасна.
-Зургаан настай хүүхдийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орох уу?
-Өндөр хөгжилтэй орнуудын жишгээр зургаан настай хүүхдүүд танхимын сургалтдаа маш бага хугацаа зарцуулж, ерөнхий мэдлэгийн хичээл, танин мэдэхүйн хичээлд дийлэнх цагийг зарцуулдаг юм байна. Аль болох чөлөөт цаг ихтэй, хүүхдийг өөрөөр нь хөгжүүлэх чиглэлээр сургалт явдаг юм байна. Гэтэл манайд зургаан настай хүүхдүүдэд ерөнхий мэдлэгийн хичээл их цагаар ордог. Иймд хөтөлбөрийн агуулгыг эргэж харахаас өөр аргагүй. Агуулгын давхцлыг арилгаж, чанарыг сайжруулан их цагт давхацсан агуулгаар бус, бага цагт чанартай сургалт олгох талаас өөрчлөлт хийнэ.
-Их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудал юу болж байна вэ?
-Их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай тоо баримт, судалгаа хийх ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын төвд төр захиргааны байгууллага, их дээд сургуулиуд төвлөрснөөс болж түгжрэл үүссэн гэсэн судалгаа гарсан. Иймд хотын төвлөрлийг сааруулах, тодорхой чиг үүрэг бүхий байгууллагуудыг хотоос гаргах ажил эхлүүлж байгаа. Энэ бол хөрөнгө мөнгө, нэлээд цаг хугацаа шаардсан ажил болно.