Apple, Disney, IBM компаниуд X сүлжээнээс зар сурталчилгаагаа татлаа

Apple, Disney, Warner Bros. Discovery компаниуд өчигдрөөс эхлэн олон нийтийн  X сүлжээнд (хуучнаар Twitter) өөрсдийн зар сурталчилгааг байршуулахаа түр зогсоожээ.

Lionsgate кино студи мөн X сүлжээн дэх киноны сурталчилгаагаа зогсоож байгаагаа мэдэгдэв.

Илон Маск энэ долоо хоногт антисемит (еврейчүүдийг үзэн ядах) үзэлтэй жиргээг дэмжсэний дараа хэд хэдэн том компани арилжааны сурталчилгаагаа татжээ.

Х сүлжээгээр хуурамч ташаа мэдээлэл цацагдаж буй үед, ялангуяа Израиль-ХАМАС-ын дайны талаарх мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгаж эхэлсэн энэ үед том брэндүүд арилжааны зар сурталчилгааг эргүүлэн татсаар байна. 

Х сүлжээн дэх антисемит үзэл санаа бүхий пост, нийтлэлийн хажууд зар сурталчилгааг байрлуулсан байсан тухай  шалгалтын тайланд дурдсан байна. Тухайлбал, Media Matters төрийн бус байгууллагын тайланд дурдсанаар, нацистуудыг магтсан нийтлэлийн хажууд IBM компанийн зар сурталчилгааг тавьсан байжээ. Иймээс тус компани X сүлжээн дэх сурталчилгаагаа зогсоосноо мэдэгдлээ. Мөн Apple, Oracle, NBCUniversal-ийн Bravo сүлжээ, Comcast-ын зар сурталчилгааг еврейчүүдийг үзэн ядах утга агуулга бүхий нийтлэлийн хажууд тавьсан байсныг Media Matters пүрэв гарагт мэдэгджээ.

Х сүлжээнд үзэн ядалтыг дэмжсэн контентууд олширсоор буйг судлаачид баримтжуулсаар байгаа хэдий ч И.Маск үүнийг няцааж байгаа аж.

Үзэн ядсан үг хэллэг бүхий нийтлэл газар авч байгаатай холбогдуулан X болон бусад олон нийтийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа түр зогсоож байгаагаа Европын Холбооны ажлын алба өчигдөр мэдэгдлээ.

Эх сурвалж: ВАШИНГТОН /DW/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.167.58)