Д.Трампыг анхан шатны сунгаанаас хасахгүй байхаар шүүх шийдвэрлэжээ
Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Колорадо тус муж улсад болох 2024 оны анхан шатны сонгуулиас хасахгүй байхаар тус муж улсын шүүгч шийдвэрлэжээ. 2021 оны 1 дүгээр сард Капитолын ордон руу дайрсан үйл явдалд Д.Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцсэн байна.
Миннесота, Мичиган муж улсын шүүгчид Д.Трампыг Бүгд найрамдах намын анхан шатны дотоод сунгаанаас хасахаас татгалзсаны дараа Колорадо муж улсын дүүргийн шүүгч Сара Уоллес дээрх шийдвэрийг баасан гарагт гаргасан байна.
Ирэх онд болох анхан шатны сунгаа удахгүй эхлэх гэж буй энэ үед сайтар санхүүжүүлсэн өмгөөлөгчдийн бүлгийн ачаар Д.Трампыг сунгаанд оролцогчдын жагсаалтаас хасах гэсэн оролдлого ийнхүү бүтэлгүйтжээ.
Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөсөн Америкийн төрийн албан тушаалтнууд "бослогод оролцосон" бол цаашид төрийн алба хашихыг хориглоно гэж заасан байдаг. Гэхдээ уг хоригийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой заагаагүй бөгөөд 1919 оноос хойш энэ заалтыг ердөө хоёрхон удаа хэрэгжүүлсэн тул шинжээчид ийм төрлийн шүүхийн нэхэмжлэлийг хянан хэлэлцэхэд урт хугацаа хэрэгтэй гэж үзэж байсан юм.
Уг заалт нь бослого гаргасан хүмүүсийг Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр ажиллах, тэр ч байтугай ерөнхийлөгчид нэр дэвшихийг шууд хориглосон боловч "ерөнхийлөгч" гэж тухайлан заагаагүй, "АНУ-ын иргэний болон цэргийн байгууллагуудыг хамарна" гэж заасан тул үүнд ерөнхийлөгчийн тамгын газар хамаарахгүй гэж шүүгч С.Уоллес үзжээ.
Эх сурвалж: ДЕНВЕР /CNN/