Наполеон Бонапартын малгай 1.9 сая еврогийн үнэ хүрчээ

Наполеон Бонапарт XIX дүгээр зуунд Францын эзэнт гүрнийг захирч байх үедээ өмсөж байсан малгай Парист болсон дуудлага худалдаагаар 1.9 сая еврогоор /2.1 сая доллар/ зарагджээ.

Хүрээг нь эргүүлсэн, хар минжний үсээр хийсэн эсгий малгайг 600-800 мянган еврогоор үнэлж байжээ. Малгайг худалдаж авсан хүн нэрээ нууцалсан байна.

Н.Бонапартын малгай нь өөрийг нь илэрхийлдэг зүйлсийн нэг байсан гэж түүхчид үздэг. Тэрбээр малгайгаа хажуу тийш харуулж өмсдөг байсан нь тулалдааны үеэр бусдад танигдахад дөхөм байжээ. Түүнд хүрээг нь эрүүлсэн 120 орчим малгай байсан хэдий ч тэдгээрээс зөвхөн 20 нь хадгалагдан үлдсэн гэж үздэг бөгөөд ихэнх нь хувийн цуглуулгад байдаг.

Дуудлага худалдаачдын хувьд энэхүү малгайг маш ховор нандин эд зүйл хэмээн тодорхойлжээ. Малгайг өнгөрсөн онд нас барсан нэгэн бизнес эрхлэгчийн цуглуулсан Наполеоны үеийн бусад дурсгалт эд зүйлийн хамт дуудлага худалдаанд тавьжээ. Тухайлбал, Н.Бонапартыг 1815 онд Ватерлоогийн тулаанд ялагдсаны дараа түүний сүйх тэрэгнээс дээрэмдсэн мөнгөн таваг, мөн сахлын хутга, мөнгөн бариултай шүдний сойз, хайч болон бусад эд зүйлс бүхий модон хайрцаг зэргийг үнэ хаяцуулж байгаа аж.

Эх сурвалж: ПАРИС /BBC/ 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.178)