Америкийн “Osprey” онгоц Якүшима арлын орчимд осолджээ

Японы баруун өмнөд нутгийн Якүшима арлын ойролцоо найман хүн тээвэрлэж явсан Америкийн цэргийн “Osprey” онгоц осолдсон тухай Японы эргийн хамгаалалтын алба лхагва гарагт мэдээлжээ.

Ослын талаарх яаралтай тусламжийн дуудлага 14:45 цагийн орчимд эргийн хамгаалалтын албанд иржээ. Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, “Osprey” онгоц 14:40 цагийн орчимд радарт үзэгдэхээ больсон байна.

Улмаар эргийн хамгаалалтын албанаас эрэн хайх ажиллагаа явуулахаар эргүүлийн хөлөг онгоц, нисэх онгоц илгээжээ. Уг онгоц нисэх онгоцны буудлаас 2-4 километрийн зайд унасан байж магадгүй гэж Кагошима мужийн “Якүшима” нисэх онгоцны буудлаас мэдээлсэн байна.

Онгоцны хэсгүүд байх магадлалтай зүйлс Якүшима арлын ойролцоо харагдсан гэж гал сөнөөгчид хэлжээ. Нисдэг тэрэг шиг хөөрч, буух чадвартайгаас гадна онгоц шиг аялах чадалтай “Osprey” онгоцнууд нь Японд төдийгүй хилийн чанадад хэд хэдэн удаа осолдож байжээ.

Тухайлбал, 2016 онд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын ашиглаж байсан хувилбар болох “MV-22” онгоц Окинавагийн ойролцоо ослын буулт хийж байсан бол Австралид 2017 онд болон энэ оны наймдугаар сард мөн осолдож, осол тус бүрд багийн гурван гишүүн амиа алдсан байна.

Эх сурвалж: ТОКИО /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.238)