Багшийн мэргэжил дээшлүүлэх институт бичил номын сантай болов
”Номоо солилцъё” төслийн хүрээнд номын тавиурыг “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын байранд байрлуулж, хүлээлгэн өглөө.
Энэхүү бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, “JCI Grand” зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.
Бичил номын санг EБС, их, дээд сургуулиуд, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжилнэ. Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой.
“Номоо солилцъё” төсөл нь нэг ном өгөөд нэг ном авах гэсэн энгийн дүрэмтэй. Ингэснээр та ямар ч төрлийн номыг энэхүү номын сангаас унших боломжтой гэсэн үг. Нийслэлийн Соёл урлагийн газар уншигчдыг бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриаллаа.
Дашрамд дурдахад, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх бичил номын санг нийслэлийн Хангарди ордонд өнгөрсөн сард нээсэн юм.