Б.Даваажав: Зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах хэрэгтэй
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт төгсөгчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн шаардлагад нийцсэн байх ёстойг өнөөдөр болсон МСҮТ, политехник коллежийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хөндөж байв. Энэ талаар зөвлөгөөний үеэр Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирал Б.Даваажавтай уулзаж зарим зүйлийг тодруулав.
-Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхөөр болж байна. Харин багш нарын хувьд хэр анхаарч байна. Мөн багш нар суралцагсдад хэр хандаж байна вэ?
-Мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа сургуулиудын хувьд сургалтын чанар, хүүхдийн хандлага, мэргэжлийн түвшин, ур чадварыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Төр, засгаас мэргэжил боловсрол, сургалтын салбарт сүүлийн жилд нэлээд анхаарч он гараад төрийн албан хаагчдын цалинг нэмж багш нарынх их болсон. 1-2 жил ажиллаж буй багш нарын цалин шатлалаараа 769 гаруй мянгад хүрч, дээр нь унаа, хоолны мөнгө гээд авч, улирал тутмын урамшууллыг 30 хувь болгон өгч байгааг боломжийн гэж үздэг.
Манай сургуульд удирдах албаны хэмжээнд сая гаруй төгрөгийн цалин авч буй багш нар 50 шахам хувьтай, олон байгаа.
Төр, засгаас багш нар руу хандсан ийм арга хэмжээг авч байна. Суралцагчдын хувьд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар болж байгааг зарим талаар хүүхэд залуусыг МСҮТ-д хамруулах зорилготой гэж үзэж буй ч гол нь суралцагчдын тоо биш сурлагын чанарт анхаарах хэрэгтэй.
Хүн мэргэжилдээ эзэн болж, мэргэжлээ сайн эзэмшиж, гол нь зөв хандлагтай хүн болж чадаж байвал тэр хүн ажлын байртай болж байна, ажлын байр олдож байна. Ер нь манай улсад ажлын байр бэлэн байна. Харин ажил дээрээ гологдоод яваад буй хүмүүс л “Ажлын байр байхгүй” гэсэн яриа гаргаад ажилгүй яваад байдаг гэж боддог.
-Хамгийн их эрэлт, хэрэгцээтэй нь ямар мэргэжлүүд байна вэ?
-Эрэлттэй гэхээсээ илүү нийгэм, цаг үеэ дагаад хөдөлмөрийн зах зээл дээр уул уурхай, цахилгааны гээд олон төрлийн мэргэжил хэрэгтэй болж байна. Ер нь мэргэжлийн чиг баримжаа өөрчлөгдөж байна. Бүх л мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна. Манай сургуульд гэхэд үйлдвэрлэл, үйлчилгээний бүх мэргэжлээр олон залуус төгсөж байна.
Манайд суралцагсад үсчин, гоо сайханч оёдолчноос аваад автомеханик, автын засварчин гэсэн 32 мэргэжлээр элсэж байна. Зах зээлд гараад ажлын байртай, гол нь ажил, мэргэжилдээ гологдохгүй, зөв хандсанаар сайн үр дүнтэй ажиллаж байна гэв.
Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харахад МСҮТ, политехник коллежийн нийт төгсөгчдийн 50-53 хувь шууд ажлын байртай болж байна.