Үлэг гүрвэлийн олдворуудыг л үзэх гэж Монголд ирдэг жуулчид олон бий
Байгалийн дөрвөн улиралтай Монгол орны онгон дагшин байгаль, өргөн уудам тал, хангай, говийн ан амьтан, жигүүртэн шувуудын тухай мэдэхээр зорьж очдог газар бол Байгалийн түүхийн музей билээ.
Музейн сан хөмрөгт өдгөө дэлхийд хосгүй, ховор палеонтологийн олдворууд, солир, ашигт малтмалын дээжис, биологийн олон янз байдлыг илтгэх амьтдын чихмэл зэрэг байгаль дээрээс цуглуулсан 13 мянга гаруй үзмэр, олдвор хадгалагдаж байна. Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр музейнхээ талаар дараах ярилцлагыг өглөө.
-Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохионо. Тухайн үеийн Монголын сэхээтнүүд хуучны нэн ховор, нандин цуглуулгатай байсан тухай түүх бий. Хамгийн анх музейн үзмэрийг хэрхэн бүрдүүлж байсан бол?
-Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн судлаачид 1921 оны намраас 1923 он хүртэл Монгол оронд музей байгуулах бэлтгэл ажилд анхаарч монгол орны байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг цуглуулах, бүртгэх, тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэснээрээ өнөөгийн Байгалийн түүхийн музейг үүсгэх эхлэлийг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1924 онд түүх, соёлын дурсгалт зүйлсийг олон нийтэд анх дэлгэж үзүүлсэн юм.
Судар бичгийн хүрээлэнгийн судлаачид Монголын бүхий л газар нутгаар явж, хүн ардтай уулзаж Монголын түүх соёлд хамаарах төрөл бүрийн олдвор хэрэглэгдэхүүн цуглуулж байснаас гадна Өвөрмонгол руу томилолтоор явж олдвор хэрэглэгдэхүүн цуглуулж ирсэн түүх бий.
Монголын анхны музейн үзмэрийг цуглуулж эхэлсэн тэр үед Оросын эрдэмтэн П.К.Козловын багийн олдвор, Америкийн Байгалийн түүхийн музейн Эндрюсээр ахлуулсан судлаачдын говиос илрүүлсэн палеонтологийн олдворуудаар мөн музейг баяжуулсан байдаг. Тухайн үед Зөвлөлт Орос болон Америкийн эрдэмтэн судлаачидтай Судар бичгийн хүрээлэн гэрээ байгуулж тодорхой хэсгийг нь судлаачдын судалгааны эх хэрэглэгдэхүүн болгож өгч явуулсан боловч, мөн тодорхой хэсгийг нь Монголд эх сууриа тавьсан энэ музейн сан хөмрөгт хүлээн авч байсан байна.
-Өдгөө 13 мянга гаруй үзмэртэй Байгалийн түүхийн музейн хамгийн эртний үед хамаарах үзмэрүүдээс нэрлэж болох уу?
-П.К.Козловын багийнхан Монголд түүх, соёлын төдийгүй байгалийн цуглуулгуудыг ч цуглуулсан байдаг. Түүнээс шувуу болон ургамалтай холбоотой 1890-1920-иод оны үед хамаарах олдвор хэрэглэгдэхүүн нь манай музейн сан хөмрөгт байна.
Цаг хугацааны хувьд 2.5 тэрбумаас 492 сая жилийн өмнөх цаг үед хамаарах дэлхий ертөнц анх үүсэн хөгжих үеэс үлдсэн олдвор хэрэглэгдэхүүн ч манай музейд бий.
-Монголд ирсэн гадаадын жуулчдын хэдэн хувь нь Байгалийн түүхийн музейг үзэж сонирхож байна вэ. Дээр нь бас олон орны төр, засгийн тэргүүн, зочид төлөөлөгчид зочилж байсан байх?
-1990-ээд оноос өмнө тухайн үеийн Улсын төв музей буюу өнөөгийн Байгалийн түүхийн музей үзэгчийн тоогоороо тэргүүлдэг байсан. Бусад музейн үзэгчийн тоо нийлээд ч тус музейн үзэгчийн тоонд хүрдэггүй үе байв. Байгалийн түүхийн музейг өнгөрсөн жил үзсэн нийт үзэгчийн 30 гаруй хувийг гадаадын жуулчид эзэлсэн тухай статистик бий. Түүнээс гадна, 1990-ээд оноос өмнө гадаадын төр засгийн тэргүүн нар манай оронд айлчлахад Улсын төв музейг үзүүлж сонирхуулах хөтөлбөр албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтдаг байв. Тэр бүрийг дурдахад мэдээж урт жагсаалт гарна. Мөн 1990 оноос хойш өдгөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшний урилгаар гадаадын орнуудаас хийсэн айлчлалуудын 10-аад хувийнх нь хөтөлбөрт манай музей багтдаг. Төрийн өндөр албан тушаалтнуудын эхнэр болон хэвлэл мэдэллийнхэн гээд тэднийг дагалдан ирсэн багийнхан нь мөн зочилсон байдаг.
Чингис хаан үндэсний музейгээс 2.1 дахин том хэмжээтэй, Азидаа тавдугаарт орох Байгалийн түүхийн музейг барихаар манай улс зорьж байгаа. Энэ ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажил одоо ид өрнөж байна. Азидаа эхний тавд орох гэдэг нь үйл ажиллагааныхаа цар хүрээгээр ч, нийт талбайн хэмжээгээрээ ч тэрхүү түвшинд хүрэх, байгалийн шинжлэх ухааны үндэсний хэмжээний музей болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ музей байгалийн үзэсгэлэнт-Их тэнгэрийн аманд 6.6 га газартай, 44000 метр квадрат бүхий гурван блок барилгад байршихаар төлөвлөсөн.
Тэгэхдээ бид зөвхөн танхимын үзүүлэг гэхгүй, шинэ музейнхээ гадна талд буюу 6.6 га газрын ил задгай хэсэгт ил музей байгуулахаар төлөвлөж байгаа. Монгол орны онгон дагшин байгальд үлдэж хоцорсон, байгаль эко системийн олон олдвор хэрэглэгдэхүүн, мөн тэнд оршин амьдарч буй биологийн төрөл зүйлсийг таньж мэдэх, сурталчлах нь монгол оронд аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хэрэглэгдэхүүний нэг гэж үзэж байна.
-Байгалийн түүхийн музейг үзэж буй зочид хамгийн удаан саатдаг тасгийг та нэрлэж болох уу?
-Монголчуудыг Чингис хаанаар таньдагтай адил, монгол орон говь, говиос олдсон палеонтологийн олдвор буюу үлэг гүрвэлийн үзмэрээр дэлхийд алдартай. Тиймээс манай музейн дэлхий дахинд гайхуулах гайхамшигтай олдвор хэрэглэгдэхүүн маань нэгдүгээрт, төрөл бүрийн палеонтологийн олдвор юм. Монголд зочилж буй жуулчдын тодорхой хувь нь Монголын говиор зочлох, говиос олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг үзэж сонирхох зорилгоор ирдгийг үгүйсгэхгүй.
Хоёрдугаарт, Байгаль өөрөө тогтмол солигдож байдаг учир зарим нь шинээр үүсэж зарим нь устаж үгүй болж байдаг. Энэ бүхнийг Байгалийн түүхийн музейгээс үзэх нөхцөл боломжоор хангах нь бидний үүрэг юм.
Монгол орон байгалийн дөрвөн улиралтай. Энэ нь бүх оронд төдийлөн байдаг үзэгдэл биш учраас Монголд ирсэн жуулчид Байгалийн түүхийн музейд зочлоод гарахдаа монгол орны дөрвөн улиралд оршин амьдарч буй амьтан, ургамал, байгальтай танилцахын зэрэгцээ яг тэр байгальд нь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх орчинг бүрдүүлэхийг бид үргэлж хичээж ажиллаж байна.
Монголын хамгийн анхны шувууны цуглуулга 124 жилийн “настай”
Дэлхийд 11 мянга гаруй төрөл зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Тэгвэл Монгол оронд 519 зүйлийн шувуу бүртгэгдсэний талаас илүү хувийг Монголын байгалийн түүхийн музейгээс үзэх боломжтой. Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтангэрэл шувууны үзмэрүүдийнхээ тухай ийнхүү ярьж байна.
Манай орон шувуугаар нэн баялаг. Дэлхийн бусад орноос үзэж чадахгүй ямар онцлог, сонин шувуудыг танай музейгээс үзэх боломжтой вэ?
-Манай музейн сан хөмрөгт 273 зүйл шувууны чихмэл хадгалагддаг. Монгол орны хамгийн том шувуу бол Борцгор хотон. Далавчных нь дэлгэц 3 метр орчим хүрдэг. Энэ шувууны зүүн Азийн популяц нь маш ховор, 150-200 орчим бодгаль байдаг гэж үздэг. Түүнчлэн 2012 оноос Монгол Улс “Үндэсний бахархалт шувуу”-тай болсон. Энэ бол шонхор шувуу. Манай музей энэ шувууны танин мэдэхүйн мэдээллийг олон түмэнд хүргэж байна.
Оросын аялагч, газар зүйч П.К.Козлов одоогоос 130 шахам жилийн өмнө Монголоор хөндлөн гулд аялж маш олон амьтан, ургамлын цуглуулга хийсэн байдаг. Үүнээс 100 орчим шувууны цуглуулга нь манай музейд байна. Тэгэхээр манай музейн хамгийн анхны шувууны цуглуулга нь 124 жилийн өмнөх анхны төрхөөрөө хадгалагдаж байна гэж хэлж болно. Бид 2023 оны 7-9 дүгээр сард энэ хүний цуглуулгын ач холбогдлыг олон нийтэд таниулахаар түр үзэсгэлэн гаргасан. Шувуу судлаач маш олон хүн ирж үзсэн, гадны мэргэжилтнүүд маш сайн хадгалалттай байна гэж дүгнэсэн.
-Монгол орны шувуудаас хамгийн сонирхолтой амьдралтай шувууг нэрлэж болох уу?
-Шувуу бүр өөрийн онцлогтой. Тахианы багийн шувууд гэж ярьдаг ойд байдаг хур, сойр, ятуу, хөтүү бол маш олон тооны өндөг гаргадаг байхад зарим махчин шувуу ганцхан ширхэг өндөг гаргадаг байх жишээний. Нөмрөг тас гэхэд зөвхөн өвөл 2, 3 дугаар сард өндгөө гаргаж, маш удаан дардаг. Өндөг нь бараг наймдугаар сарын эхэн хүрч байж үүрнээсээ нисдэг онцлогтой. Маш олон төрлийн нүүдлийн шувуу бий. Зарим нь Австрали хүртэл нүүдэг, нэг талдаа 15 мянган км зам туулж нүүдэллэдэг шувуу байна. Хээрийн галуу, өвөг тогоруу гэх мэт шувуу Эверест дээгүүр 8800 метрийн дээгүүр хөндлөн гарч нүүдэл хийдэг. Эдгээр шувуу бүгд манай музейд чихмэл хэлбэрээр дэглэгдсэн байдаг.
Монголоос зөвхөн Цэрдийн галавын үлэг гүрвэлүүд олддог
Үлэг гүрвэл өндөг гаргадаг байжээ гэдэг шуугиант мэдэгдлийг чухам Монголын говиос олдсон олдвороор дэлхий дахин анх мэдсэн байдаг. Хамгийн анх буюу 1923 онд Америкийн Рой Чапман Эндрюсийн удирдсан судлаачдын баг энэхүү шуугиант мэдэгдлийг дэлхий дахинаа зарласны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Энэ тухай Байгалийн түүхийн музейн Палеонтологи хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мягмарсүрэн “Монгол орны хувьд эртний сээр нуруут амьтан буюу бидний мэддэгээр үлэг гүрвэлийн олдвор нь маш түгээмэл тархалттай байдаг. Монгол оронд хийгдсэн 100 гаруй жилийн судалгааны явцад шинжлэх ухаанд мэдэгдээд буй 400 гаруй үлэг гүрвэлийн 80 гаруй төрөл зүйл нь Монголын говиос олдсон. Тэдгээрийн нэг нь тарбозавр батаар буюу “аймшигт үлэг гүрвэл” юм. Монголын үлэг гүрвэл зөвхөн цэрдийн галаваас олддог. Харин дэлхийн шинжлэх ухаанд үлэг гүрвэл өндөг гаргадаг байжээ гэдэг нээлтийг хийсэн тэр олдвор бол овираптор ситавати хэмээх үлэг гүрвэл бөгөөд өндгөө дарсан чигээрээ олдсон. Түүнээс өмнө энэ төрөл зүйл нь дэлхийд “өндөг хулгайлагч“ нэрээр танигдсан байсан юм. “Юрийн галавын цэцэрлэг” кинонд өндөг хулгайлаад зугтаад байдаг үлэг гүрвэлийн санааг чухам үүнээс төсөөлж хийсэн байх жишээтэй” хэмээн ярив.
Монголоос олдсон үлэг гүрвэлүүд маш сайн хадгалагдсан байдгаараа онцлог. Дэлхийд шуугиан тарьсан бас нэг олдворын нэг нь ноцолдож буй үлэг гүрвэл билээ. Уг үзмэрийнхээ тухай Ж.Мягмарсүрэн “Хамгийн анх ноцолдож буй үлэг гүрвэлийг Монголоос “Улалзах цонж” хэмээх газраас олсон. Тэр нь одоо ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд хадгалагдаж байгаа. Мөн энэ газраас олдсон анхны эвэрт гүрвэл нь манай музейд байдаг. Дэлхийд хамгийн их шуугиан тарьсан тэр олдвор нь протоцератопс болон велоцераптор. Энэ олдворыг “ноцолдож буй үлэг гүрвэл” гэдэг. Зууралдаж тулалдсан байдалтай чигээрээ чулуужсан тэр олдвор дэлхийд алдартай, ховор олдворуудын тоонд ордог. Протоцератопс нь өвсөн, велоцераптор нь махан идэштэн юм” гэж тайлбарлав.
Аж Богд-2” солир 582 кг жинтэй
Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт 11 солир байдгаас хосгүй үнэт үзмэрт 9 солир бүртгэгджээ. Тэднээс хамгийн том солир нь 1952 онд нэрт соён гэгээрүүлэгч, газарзүйч О.Намнандорж Говь-Алтай аймгийн Алтай сумын Төмөр толгой гэдэг газраас олсон “Аж Богд-2” солир юм. Энэ солир нь 582 кг жинтэй аж.
320 гаруй зүйлийн булцуу сахалт эрвээхий үзмэрт тавигджээ
Байгалийн түүхийн музейн шавжийн хэсэгт монгол орон болон гадаад оронд тархсан эрвээхийний танхим бий. Монгол оронд 1100 орчим хайрсан далавчит шавж тэмдэглэгджээ. Төрөл зүйлийн хувьд өндөрлөг, намаг газарт амьдардаг эрвээхэй Монгол оронд элбэг тархацтай байдаг аж.
Байгалийн түүхийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэцэгбадам энэ талаар:
-320 гаруй зүйлийн булцуу сахалт эрвээхий манай музейд байна. Бусад 800 гаруй зүйл нь бүгэг эрвээхий буюу шөнийн идэвхтэй амьдралтай эрвээхий. Хамгийн гоёмсог эрвээхэй гэвэл, булцуу сахалт эрвээхийг нэрлэж болно. Идэш тэжээлийн онцлогоос болж хайрсан далавчных нь хэлбэр хэмжээ өнгө зүс нь илүү тод, гоёмсог байдаг. Харин хамгийн том эрвээхэй гэж онцлох юм бол Монгол орны “Улаан ном”-д бүртгэгдсэн 11 эрвээхийний нэг, далбаалаг эрвээхий юм. Энэ эрвээхий хол замыг туулдаг гэдгээрээ онцлог. Хол замыг туулж нисдэг гэдэг нь хойшоо ОХУ, өмнөд тийш БНХАУ-ын хилийг дамнан нисдэг гэсэн үг.
Цагаан эрвээхэйний төрөл бас их сонин амьдралтай, 200-300-гаараа сүрэг үүсгэдэг. Жишээ нь, их хурдтай нисдэг мөртлөө бага орон зай эзэлж нисдэг “Зантгар толгой” хэмээх эрвээхий бий.
Өндөрлөг газрын эрвээхий өндрийг шүтдэг байхад намгийн эрвээхий зөвхөн намгархаг газарт л байдаг. Манай улсад байдаг намгийн эрвээхий урд хөрш БНХАУ-д байхгүй бол өндөрлөг газрын эрвээхий хойд хөрш ОХУ-д бас байдаггүй онцлогтой гэв.