“Бүс ба зам” санаачилга дахь Монгол улсын оролцоо ямар байна вэ?
-“Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын хэрэгжилтийн тухайд-
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн хүчтэй өөрчлөлтүүд явагдаж үүнийг дагаад манай хөрш хоёр орны гео-эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. Үүний нэг тод жишээ нь ОХУ 2014 оноос хойш, ялангуяа Украйны дайнтай холбоотойгоор АНУ болон өрнөдийн улс орнуудын эдийн засгийн хоригт орж, Европ руу экспорт хийхэд хүндрэл учирснаас эхлэн Зүүн Хойд Ази, Ази Номхон далайн бүсэд эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон явдал юм. ОХУ, БНХАУ-ын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж ойрын ирээдүйд хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан нь далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж болсон гэж болно. Хойд хөрш ч “Бүс ба зам” санаачилгыг хөгжлийн боломж хэмээн Алс Дорнод, Сибирийн нутгаа хөгжүүлж, томоохон байгалийн нөөц бүхий ордуудыг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хятадуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах сонирхолтойгоо илэрхийлсэн бодит бүтээн байгуулалтуудыг хийж эхэлсэн.
Дэлхийн геополитик, гео-эдийн засгийн өөрчлөлтөөс гадна сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын нөлөөнөөс үүдэн Ази-Европ хооронд далайн тээврээс илүүтэйгээр хуурай замаар транзитаар тээвэрлэх ачаа барааны хэмжээ огцом өсөх хандлагатай байна. БНХАУ “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Ази, Европ, Африкийг дэд бүтцээр холбож, “Торгоны зам”-ын дагуух бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээврийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг тогтвортой өсгөж байна. Гадаад худалдааны өсөлтийг дагаад тээврийн эрэлт хэрэгцээ улам эрчимжсэн. Үүнтэй холбогдуулан бүс нутгийн хэмжээнд тээврийн урсгалыг сайжруулах дэд бүтцийн төрөл бүрийн төслийн бүтээн байгуулалт өрнөж байна.
Монгол Улсын хувьд өмнөд хөрштэйгөө бүх талын стратеги түншлэлийн харилцаа гүнзгийрч байгаа хэдий ч хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шууд хамаарах дэд бүтэц тааруу байгаа нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сорилт бэрхшээл болсоор ирсэн. Өөрөөр хэлбэл зам тээвэр дэд бүтэц муу, ложистикийн үйлчилгээний өртөг хэт өндөр зэрэг нь хөгжлийн замд хамгийн том тушаа болж байна. Энэ нь олон жилийн туршид манай улсын хил орчмын нутгийн хөгжил, дэд бүтцийн хөгжлийн бодлого, худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр, арга хэмжээг нэгдсэн бодлогоор хангаагүйн улмаас гааль, боомтуудын ашиглалт харилцан адилгүй байдалд хүрч, экспортлох боломжит хэмжээнд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн.
Асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг боловсруулж, энэ хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн, дотооддоо дэд бүтэц, тэр дундаа төмөр замын сүлжээг өргөжүүлэх, улсын эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээ, олон улс, бүс нутагт дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлээд явж буй. Үүнд төмөр замын дэд бүтэцтэй холбогдсон хилийн боомтын тоог долоо болгох, төмөр замын бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлж 4680 км хүргэх зэрэг боомтын сэргээн босголтын ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигтээ ч бид гадаад худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-д болон гуравдагч орнуудад тус улсын Алс Дорнодын боомтуудыг ашиглан экспортлох боломж бий болгохыг эрмэлзэх гэж тодорхой заасан байдаг. Энэ нь манай засгийн газар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор нь “далайд гарцгүй түгжигдмэл” байдлыг даван туулах боломжит арга юм. Мөн өөрийн улсын хөгжлийн төлөвлөгөөтэй ч харилцан уялдуулах боломжтой гэж харж байгаагийн илрэл гэж болно.
Монгол Улс “Талын зам” хөтөлбөртөө 50 тэрбум ам долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт оруулж, эрчим хүч, цахилгаан холбоо, уул уурхай болон аялал жуулчлалын салбарын хөгжлийг түргэтгэж, зам, тээврийн дэд бүтцийг барьж, сайжруулах төлөвлөгөө тавьсан. Зам харилцааг сайжруулснаар гадаад худалдааны шинэ гарц, маршруттай болно. Энэ нь зөвхөн тогтвортой бараа нийлүүлэлт бий болгох төдийгүй, бүс нутгийн хүн, эд бараа, хөрөнгө мөнгөний урсгалыг чөлөөтэй болгох ашиг тустай. Цаашлаад коридор дагуух бүс нутгийн зах зээлийг өргөтгөх, гадаад худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх зэрэг эдийн засгийн томоохон үр ашиг авчрах найдлагатай.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байсаар ирэв. Хамгийн сүүлийн үеийн буюу 2023 оны байдлаар Монгол Улсын уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын бүтээгдэхүүний 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн орлогын гурав гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна [1]. Тиймээс манай улс “Бүс ба зам”-ын төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийг олон талт болгоход түлхүү анхаарч, эдийн засгийг солонгоруулах чиглэлд хүчтэй ажиллаж чадвал ганц салбарт хэт түшиглэх эрсдэлийг бууруулах, эдийн засгийн шинэ боломжийг бий болгох ач холбогдолтой юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахилгаан эрчим хүчний хомсдол, хоёр хөршөөсөө эрчим хүчний хараат байдлаа бууруулах боломжит шийдлийг яаралтай олох шаардлагатай. Энэ зорилгоор дотоод нөөц боломжоо бүрэн ашиглахаас гадна “Бүс ба зам” санаачилгыг бас нэгэн боломж болгон ашиглах нь зүйтэй юм. Учир нь Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба зам”-ын хүрээнд ногоон эко хөгжилд ихээхэн анхаарсан. Ирэх жилүүдэд байгальд ээлтэй, ногоон хөгжилд чиглэсэн торгоны замын бүтээн байгуулалтыг тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан ажиллана. Тодорхой хэлбэл нарны, усан болон салхин цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаанд анхаарна гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Манай орны зөвхөн нар болон салхинаас авч чадах цахилгаан эрчим хүчний хэмжээ жил бүр 15 мянган тераватт цаг (TWh), энэ нь 18 сая тонн нүүрс шатаахтай тэнцэх[2], мөн салхи болон нарны эрчим хүчний цахилгааны хүчин чадлыг нийлүүлбэл 2,600 гегаватт буюу манай улсын эрчим хүчний нийт хэрэглээг (2018 онд багцаагаар 1.2 гегаватт байсан ) хангах чадвартай аж [3]. Тиймээс бид ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг татаж, сэргээгдэх эрчим хүчний байгалийн давуу тал, нөөц боломжуудаа “Бүс ба зам”-ын ногоон хөгжлийн зорилттой нягт уялдуулах хэрэгтэй. Хэрэв Хятад улстай цэвэр эрчим хүчний төсөл дээр хамтарч ажиллавал манай эрчим хүчний дэд бүтэц сайжрах, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ч хувь нэмэр оруулах боломжтой.
Нэг сайн мэдээ нь 2023 оны 10 сарын “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны 3 дахь удаагийн чуулганаар Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжих эхлэл нь тавигдсан юм.
Гурван улсын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон 32 төслийн ихэнх нь буюу 13 нь тээвэр, боомтын үйл ажиллагаатай холбоотой байна. Энэ нь бид цаашид хоёр хөршөө холбох төдийгүй тив дамнасан автозам, төмөр зам, газын хоолой, эрчим хүч, харилцаа холбооны чиглэлээр холбох дэд бүтэц дээр, боомтын холболтууд дээр илүү төвлөрч ажиллана гэсэн үг.
Гурван тал хэлэлцээд 32 төслөөс гурван төслийг эн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүний нэг нь “Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах” байв. Өнөөдрийн байдлаар 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна.
Хэрэгжүүлэхээр тохиролцсон хоёр дахь бүтээн байгуулалт бол Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах байв. Тус төслийн АН-3 чиглэлийн хэсэг болох Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,11 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, шинэчлэх ажил 2019 онд АХБ-ий зээлээр эхлүүлсэн бөгөөд 2024 оны дуусгахаар төлөвлөжээ. Цаашлаад Дархан - Алтанбулаг чиглэлийн 113 км, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн 718 км авто замыг Дарханы замтай адил болгох ажил хүлээгдэж байна. Зөвхөн автозам төдийгүй хилийн шалган нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатай. Энэ төсөл ч хэрэгжиж эхлээгүй байна.
Гурав дахь гол төслийн ажил бол Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох сонирхолтой байгаа ч энэ талаар мэдээлэл бага байна.
32 төслийн хүрээнд хамрагдахгүй ч 2018 оноос хойш идэвхтэй яригдаж байгаа гурван улсын хамтарсан төсөл бол Сибирийн хүч 2 буюу Оросоос Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятадад хүргэх байгалийн хийн хоолойн төсөл.
Сибирийн хүч 2 хийн хоолой бүтээн байгуулалтаас гурван улс тус бүртээ өөр өөр үр дүнг хүлээж байгаа. Оросын талын стратегийн зорилго нь Хятад улсыг өөрийнхөө эрчим хүчний экспортын хамгийн чухал хийгээд урт хугацааны худалдан авагч болгох. Монгол Улсын хувьд хил дамнаж, дамжин өнгөрүүлэх тээвэр хийх замаар оролцон томоохон эдийн засгийн хөгжлөөс хоцрохгүй байх. Нөгөө талд дэлхийн эдийн засагт өөрийн хөтөлбөр төлөвлөгөөтэй оролцож буй Хятад улс байна.
Эрчим хүчний салбарын судлаачид Хятад улсад ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний нөөц тасралтгүй өсөж байгааг Бээжингийн зүгээс гурван улсын энэхүү том төсөлд хугацаа татаж, хойш тавьж байгаа гол шалтгаан болов уу гэж таамаглаж байна [4]. Ямартаа ч Хятад, Орос хоёр тал тус хийн хоолойн бүтээн байгуулалтын талаар олон жил ярьж байгаа ч үнэ тохирох, өртөг мөнгө зэрэг чухал асуудал дээр өнөөг хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байсаар байна.
2023 оны 5 сард Рейтерс агентлагийн мэдээлснээр Хятад улсын засгийн газар “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой барих төслөөс татгалзсаныг “Хятад улс Туркменистанаас хий татан авах сонголтыг илүүд үзэж байгаа. Үнийн хувьд өндөр боловч Хятадын хувьд Туркменистаныг илүү ашигтай маршрут гэж үзэх болов” гэсэн мэдээ гарав. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Хятадын тал тус хоолойн талаар нэг ч үг дуугарсангүй. Ямар нэгэн баримт бичиг, гэрээнд гарын үсэг зурсангүй. Энэ нь Хятад улсын зүгээс Оросоос Монголын нутгаар дамжуулан байгалийн хий татан авах төслийг ямартаа ч ойрын үед сонирхохгүй байгааг харуулж байна. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Путин “хийн хоолойн барилгын ажлыг 2024 он гэхэд эхлүүлж, 2029 онд дуусгана” гэсэн төлөвлөгөөтэй байна гэж мэдэгджээ.
Монгол, Хятад хоёр улсын худалдааны хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2015 онд Монгол Улс Хятадад 3,9 сая ам долларын бараа экспорлосон нь манай улсын экспортын 89 хувийг эзэлжээ. Экспортын 80 илүү хувийг нүүрс, төмөр, төмрийн хүдэр, түүхий нефть байв. Тэгвэл 2021 онд бид Хятадад зэс (2.9 тэрбум амд доллар), нүүрс (2.4 тэрбум ам доллар), төмрийн хүдэр (948 сая ам доллар) зэрэг үндсэн түүхий эд бүхий 7,6 тэрбум ам долларын бүтээгдэхүүн экспортолж, эргүүлээд 2,5 ам долларын ачааны машин (202 сая ам доллар), чиргүүл (196 сая ам доллар), цахилгаан бараа (126 сая ам доллар) [5] импортлон оруулжээ. Ийнхүү сүүлийн 7 жилийн хугацаанд буюу бид гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эхлүүлснээс хойш Монгол Улсын Хятад руу экспортолсон барааны бүтээгдэхүүний хэмжээ ихээхэн өссөн ч экспортын барааны төрөл өөрчлөгдсөнгүй.
Өөрөөр хэлбэл хоёр талын бараа бүтээгдэхүүн, худалдааны хэмжээ өсч буйг талуудын хамтын ажиллагааны хүрээ тэлсэнтэй холбохоос бус харин “Бүс ба зам” эсвэл гурван талын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалттай шууд хамааруулан дүгнэхэд хангалттай үндэслэл бага байна гэж дүгнэж байна. Харин сүүлийн жилүүдэд манай засгийн газраас боомтын сэргэлтийн хүрээнд дорвитой бүтээн байгуулалт хийж дэд бүтцийн холбоосыг хийж байгаа нь цаашид гурван улсын эдийн засгийн коридорын ач холбогдол, үүргийг илүүтэй гаргаж, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, бидний транзит улс болох мөрөөдөлд томоохон алхам болно гэж үзэж байна.
Ашигласан эх сурвалж
[1] WTO, Trade Policy review, 2021-01-20, https://cdn.greensoft.mn
[2] IRENA, Mongolia’s vast renewable energy resources can power sustainable development, 2016-03-21, https://www.irena.org
[3] Unlocking Mongolia’s Rich Renewable energy potential, ADB, 2020-06-02, https://www.adb.org
[4] The Mongolia-China-Russia Trilateral after the Belt and Road Forum, 2023-10-31, https://thediplomat.com
[5] China/Mongolia, 2023-10, https://oec.world/en/profile/bilateral-country/chn/partner/mng
Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин \https://www.polit.mn\,
China Radio International.CRI