Зөвлөмж: Төгс CV бичих аргачлал
Анх удаагаа СV бичихэд ихээхэн хүндрэлтэй санагддаг. Та CV-гээ хэрхэн бичих, хаанаас эхлэж бичихээ мэдэхгүй байгаа бол дараах мэдээлэлтэй танилцаарай.
CV гэж юу вэ?
CV нь таны тухай товч намтар буюу ажлын туршлага, боловсрол, чадвар зэргийг чинь багтаан харуулдаг зүйл.
CV-нд ямар зүйлсийг дурьдах ёстой вэ ?
Хувийн мэдээлэл
-Хувийн мэдээлэл нь зайлшгүй байх ёстой зүйл гэдгийг бүгд мэддэг ч олонх нь овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, цахим хаягаа бичихээ мартдаг. Тиймээс СV -нийхээ хамгийн эхэнд уг мэдээллээ оруулсан эсэхээ сайтар шалгаарай.
Хувийн тодорхойлолт
-Хувийн тодорхойлолт нь маш чухал хэсгүүдийн нэг. Үүнд таны хэн болох, ямар зорилготой зэрэг нь харагдаж байх ёстой. Иймд та өөрийнхөө тухайн ажилд тохирсон хүн гэдгээ батлан харуулахын тулд товч бөгөөд тодорхой бичнэ үү (Гол төлөв 150-200 үгтэй байдаг)
Ажлын туршлага
-Уг хэсэгт та өөрийнхөө өмнө нь хийж байсан бүх ажлын туршлагуудыг бичих хэрэгтэй. Эхний мөрөнд хамгийн сүүлд хийсэн ажлаа бичнэ. Үүнд ажлын нэр, байгууллагын нэр, ажилласан хугацаа, гүйцэтгэж байсан үүрэг зэрэг орно.
-Амжилтууд
-Таны өмнөх туршлагууд нь одоогийн чадвартай чинь хэрхэн холбогдож, тухайн ажлын байранд таныг тохирохуйц хүн болгож буйг илтгэн харуулах боломжтой хэсэг. Та өөрийн бүхий л ур чадвар болоод амжилтуудынхаа тухай ( жишээн дээр тулгуурлана уу) бичиж болно. Гэхдээ энэ нь таны одоо горилж буй ажлын үүрэгтэй чинь хэрхэн холбогдохыг харгалзаарай.
Боловсрол
-Таны боловсролын зэрэг дэв, эзэмшсэн ур чадвар тань цаг хугацааны дараалалтай бичигдсэн байх ёстой. Хэрвээ та ажлын туршлага багатай ч гэсэн, сурж байсан дамжаа, эзэмшсэн боловсрол тань бусдаас илүү өндөр бол уг хэсэгт анхаарлаа илүү хандуулах нь зүйтэй. Таны давуу тал болох болно.
Хийх дуртай зүйлс болон сонирхол
-Та заавал энэ хэсгийг бичих шаардлагагүй ч чадвартай нь холбогдох зүйл бол дурдах хэрэгтэй. Уг хэсгийг хоосон орхихгүйн тулд найзуудтайгаа уулзах дуртай зэрэг зүйлс бичих шаардлагагүй, юу ч бичихгүй үлдээсэн ч болно.
CV – ээ хэрхэн бэлдэх вэ?
Таны CV бол ажил олгогчдын хамгийн эхэлж олж харах зүйл буюу ажилд тэнцүүлэх шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс харагдах байдлаас нь шалтгаалж ажил олгогчид илүү нарийвчилж унших эсэхээ шийдэх тохиолдол олон. Таны ур чадвар, ажлын туршлага сайн байгаад ч CV- ний тань харагдах байдал муу бол ажил олгогчид таныг сонгохгүй байж болно. Иймд дараах дүрмүүдийг баримтлана уу.
- Товч бөгөөд тодорхой байлгах (A4 ын хоёр нүүрэнд багтаахад хангалттай)
- CV тань уншигдахад хялбар фонтыг сонгоно уу (Хээ угалзтай фонтоос зайлсхийх хэрэгтэй)
- Дэс дараатай мэдээллээ оруулж, хоорондын зай, толгой хэсэг зэргийг анхаарна уу (Жишээлвэл : Ажлын туршлага, Боловсрол г.м)
- Туршлага болоод боловсролын мэдээллээ хамгийн шинээс нь хуучин руу гэсэн цаг хугацааны дараалалтай бичнэ үү.
- Дүрэм болоод үгийн алдаагаа нягт шалгана уу.