Нууцаа дэлгээд зурагаа зуруулжээ.

1. “Өнгөрсөн долоо хоногт миний төрсөн өдөр тохиож, би 28 нас хүрсэн. Гэвч хэн ч миний төрсөн өдрийг санаагүй. Найзууд, гэр бүлийнхнээс минь ганц ч дуудлага, зурвас ирээгүй. Би маргааш өглөө нь сэрээд гэрийнхээ гадаа чимээгүйхэн уйлаад сууж байлаа. Тэр мөчид нохой минь над дээр ирээд, хамт уйлж эхэлсэн. Энэ бол хэн нэгэн миний төлөө хийж байсан хамгийн гайхалтай зүйл байсан юм”

2. “Би сарын өмнө амиа хорлох гэж байхдаа бичсэн захиагаа шатаасан. Өнөөдөр гайхалтай сайхан өдөр байна.”

3. “Би байнга л найзуудыгаа хэр байгаа эсэхийг асууж лавладаг. Гэвч намайг хэр байгааг хүмүүс тэр болгон асуудаггүй”

4. “Би хүмүүсийг жаргалтай байлгах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Учир нь би бусдад анзаарагдахгүй байж, ганцаардах нь ямар хэцүүг мэддэг. Би хэнийг ч ингэж мэдрээсэй гэж хүсэхгүй байна”

5. “Заримдаа найзуудтайгаа байсан ч гэсэн би ганцаарддаг. Хамт байхдаа би өөрийгөө илүүдэл нэгэн мэт мэдэрдэг”

6. “Би тэр нэгэн залуу надад нууцаар дурласан мэт байх ёстой жүжигт тоглож байгаа. Гэвч жүжиг дуусахад би өөрөө түүнийг нууцаар хайрладаг бодит байдалдаа эргэн ирнэ”

7. “Би хэвлийд минь байгаа үрдээ өөрийгөө түүгээр хайрлуулахад бэлэн биш гэж хэлж байсан. Гэтэл дараа өдөр нь би зулбасан”

8. “Хоёр жил хагас өнгөрсөн ч би хүмүүст өөрийгөө ХДХВ-тай гэдгээ хэлээгүй. Гэсэн ч өөрийн хийж чадахгүй зүйлийн оронд би ХДХВ-ийн тархалтыг бууруулахад туслах сайн дурын ажилд оролцож эхэлсэн”

9. “Найзуудын минь тал хувь нь миний ерөөсөө уулзаагүй байсан ч болоосой гэж хүсдэг хүмүүс”

10. “Би дүүгээсээ бидний хойд аав хамт амьдарч байх үедээ түүнийг оролдож байсан үгүйг асуухыг хүсдэг. Эсвэл би л ганцаараа хохирогч юм болов уу?”

11. “Хүмүүсээс их зүйл хүлээж, найдаж болохгүйг мэднэ л дээ. Гэхдээ тэд зөвхөн ямар нэг хэрэг гарахад л над дээр ирдэг. Надаас болоод биш, надаас юу авч, юунд ашиглаж болохыг боддог учраас л намайг санадаг”

12. “Би эмнэлэг рүү эмээгээ эргэхээр явахыг хүссэн ч их удаан зам туулах байсан учраас залхуураад үлдсэн. Гэтэл маргааш нь тэр нас барсан байсан”

13. “Ээж минь архинд хэт донтсоноос болоод цус алдаж үхсэн ч би хүмүүст ээжийгээ хорт хавдраас болоод нас барсан гэж хэлдэг. Би хүмүүсийг ээжийн минь тухай муу юм бодоосой гэж хүсдэггүй. Архи заримдаа түүнийг тэс өөр хүн болгодог байсан ч бид ойр дотно байсан”

14. “Би удаан хугацааны өмнө инээмсэглэлээ гээсэн. Одоо би хаа ч явахдаа хүмүүс энэ миний инээмсэглэл биш гэдгийг битгий анзаараасай гэж найдаж явдаг”

15. “Таньдаг байсан нэг хүн намайг мансууруулж бас хүч хэрэглэсэн. Гэхдээ би хохирогчийг буруутгадаг үзлээс айсандаа хэнд ч хэлж чадаагүй. Одоо би яаж ч чадахгүй, зөвхөн өөрийгөө буруутгадаг”

16. “6 эсвэл 7 настай байхдаа би хүчинд автаж байсан. Би яг хэдтэй байснаа санахгүй байгаа ч тэр хүний юу хийснийг санадаг. Тэр нүцгэн зураг үзүүлж, өөрт нь хүрэхийг шаардаж бас... Миний санахыг хүсэхгүй байгаа зүйлсийг хийлгэж байсан. Би тухайн үед буруу зөвийг ч ялгадаггүй байсан ч тэр бүхнээс салсандаа талархдаг. Гэвч энэ миний амьдралд маш том нөлөө үзүүлж, зөвхөн өөрийгөө буруутгадаг. Үүнээс болоод би OCD буюу албадмал үйлийн эмгэгтэй болсон. Би хийсэн зүйл болгоноо давтдаг. Би дахин дахин угааж, дахин дахин хаалгаа нээж, хааж, номоо дахин дахин уншдаг. Тэр үг сэтгэлд минь хүрэх хүртэл би нэг үгийг 50-100 удаа давтаж хэлдэг. Энэ зүйл миний амьдралд маш их нөлөөлсөн ба хэн ч яагаад гэдгийг мэдэхгүй. Хэн ч яагаад гэдгийг мэдэхгүй”

17. “Би найз охиндоо өдөр болгон захиа бичдэг байсан. Уушгины хорт хавдар нь түүнийг надаас авч одох хүртэл өдөр бүр”

18. “Би депресснээсээ болоод өөртөө тус болох зорилгоор төсөөллийн найзтай болсон. Одоо би түүнийг байхгүй болгохыг хүсдэг ч тэр ирсээр байгаа”

19. “Найзууд минь намайг ижил хүйстэн гэж бодсон болохоор гадуурхах болсон. Би өөрийгөө тийм биш гэж хэлдэг байсан ч магадгүй тэдний зөв гэж бодох болсон. Би өөрөө өөрийнхөө болон найзуудынхаа дунд төөрөлдчихсөн”

20. “Их сургуулиасаа нэг өдөр гэртээ иртэл ээж минь намайг найзуудынхаа өмнө хөлөө халхалсан юм өмс гэж хэлсэн. Намайг жин нэмсэн гэдгийг мэдэгдүүлэхийг хүсээгүй, хов живний бай болохоос хамгаалсан гэж тэр хэлсэн. Гэвч хэлсэн зүйл нь миний санаанаас огтхон ч гараагүй. Түүнээс хойш би жин, хооллолтондоо үргэлжийн санаа зовдог болж буллими өвчтэй болсон”

21. “Намайг тойрсон худал хов жив болгоныг би засаж залруулан, тайлбарлахаа больсон. Хүмүүс намайг онгон биш гэж бодно л биз. Үнэндээ би анхны үнсэлтээ ч мэдрээгүй яваа”

22. “Олон жилийн өмнө би мөнгөгүй, маш ядуу амьдарч байлаа. Тэр үед би ажлынхаа газраас нойлын цаас хулгайлж байсан”

23. “Миний анхны үерхэл сэтгэл санаа болон биеийн хувьд хүчирхийлэл мэдрүүлж байсан харилцаа байв. Эцэст нь нэг юм дуусахад хайр гэх зүйл миний үзэж туулснаас өөрөөр илэрхийлэгдэх боломжтой гэдгийг ойлгох хүртэл удаан хугацаа өнгөрсөн”

24. “Би өндөр албан тушаал хашдаг чухал хүнтэй нууцаар үерхдэг сэтгүүлч хүн. Хэрэв энэ нууц дэлгэгдвэл би гарцаагүй ажлаа алдах байх”

25. “Би өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг. Дэлгүүр гарахдаа хүртэл тэнд байгаа бүсгүйчүүдтэй өөрийгөө харьцуулахгүй байж чаддаггүй”

26. “Аавуудын өдөр болоход би хүмүүсийн аавыгаа магтан, гайхалтайг нь биширсэн постуудаас зугтдаг байсан. Надад ингэхэд их хэцүү байдаг байсан ч би одоо аав минь хүн бүрийн бүтээсэн төгс аав, баатрын дүртэй байх албагүй гэдгийг ухаарсан”

27. “Би өөрийнхөө амьдралыг тэр чигт нь өөрчлөн зохиосон. Хүмүүс ихэнх үед энэ яриануудад минь итгэдэг. Үнэхээр миний амьдралын түүхүүд тэр чигтээ худал”

28. “Би хонхны жингэнэх чимээг тэсдэггүй. Сонсох болгонд зүрх минь аймшигтай хурдан цохилдог. Энэ чимээ надад ээжийн хоолой бас гэртээ ирэх үед түлхүүрэнд нь зүүлттэй байдаг хонхны чимээг санагдуулдаг. Түүний надад хийсэн зүйлсийг бурхан л мэднэ”

29. “Би маш хурдан, бас маш хүчтэйгээр дурладаг. Энэ сайн эсвэл муу зүйлийн аль нь болохыг хэлж мэдэхгүй нь”

30. “Таван жилийн өмнө би миний гурав дахь найз охин намайг хуурч байгааг олж мэдсэн. Тэр үеэс л би найз залуутай болохоор шийдсэн”

31. “Би цэргийн албанд байдаг тул амиа хорлох тухай бодлуудын талаар нээлттэй ярьж чадахгүй. Тэд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх сургалт тогтмол явуулдаг. Гэвч амиа хорлохоор шийдсэн л бол жинхэнэ итгэл найдваргүйгээр түүнийг даван гарах боломжгүйг тэд ойлгодоггүй. Харин миний итгэл найдвар бол миний нөхөр. Би олон хүмүүс минийх шиг ийм итгэл найдвартай гэж бодохгүй байна”

32. “Би өөрийнхөө царайг харуулсан зургийг өнгөрсөн жилээс хойш оруулаагүй. Би хэзээ хэзээнээс илүү сайхан мэдрэмж авч байна”

33. “Би дүүгээсээ 10 насаар эгч. Харин тэр надтай чацуу хүнтэй гэрлэсэн. Би насны зөрүүнд нь таатай биш байна гэж хэлдэг ч дургүйцдэг гол шалтгаан минь атаархал байх”

34. “Би ойр дотно найзууддаа өөрийн хайр сэтгэлийн харилцааны тухай асуудал, жижиг хэсэг бүрийг ярьдаг. Хэрэв тэд үнэхээр анхаардаг байсан бол би хэзээ ч ярихгүй байсан”

35. “Миний зураг хуурдаг, худлаа хэлдэг, сэтгэцийн өвчтэй хуучин найз залуугийн маань гаргасан цомгийн нүүрэн дээр байдаг. Би ичих үү эсвэл бахархах уу гэдгээ мэддэггүй”

36. “Аав минь согтуу ирэхдээ үргэлж гэдэс нь өвддөг тул сүүнээс минь уудаг байсан. Нэг орой түүнийг уусных нь төлөө шийтгэхийн тулд би сүү өгөөгүй. Долоо хоногийн дараа аав минь согтуудаа осолд орсон. Тэр орой би аавдаа сүү өгөөгүйдээ маш их харамсдаг”

37. “18 насандаа жирэмсэн болсон гэдгийг би бас миний найз залуу л мэдэж байсан. Энэ нууц үргэлжилсээр, зочид буудлын өрөөнд эцэс болсон”

38. “Би өөрийн мэдрэмжиндээ эргэлздэг учир бусдын мэдрэмжээр тоглох дуртай”

39. “Би энэ амьдралдаа олж авсан зүйлсдээ сэтгэл хангалуун, талархалтай байдаг. Гэвч зүрхэнд минь бусдын харж, ойлгож чадахгүй хар нүх үүссэн юм шиг мэдрэмж төрдөг. Зарим шаналал хэзээ ч арилдаггүй. Би түүнийгээ тээн амьдрах гэж хичээж байна”

40. “Үерхэл, харилцаанд би үргэлж орхигдон үлддэг нэгэн нь. Би үүнийг зүгээр гэж боддог байсан. Гэвч заримдаа бүх зүйл аймшигтайгаар эргэж, өөрөөсөө асар олон асуулт асуудаг шөнүүд байдаг. Надад ямар нэгэн буруу зүйл байна уу? Хэн нэгэн миний төлөө тэмцэлдэх хэмжээний хүн би биш юм гэж үү?”

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)