Оросын сансрын нисгэгч тойрог замд өнгөрөөсөн хугацаагаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Өнгөрсөн ням гарагт Оросын сансрын нисгэгч тойрог замд 878 дахь хоногоо өнгөрөөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Улаанбаатарын цагаар буюу өчигдөр 16:30 цагт Олег Кононенко нийт 878 хоног, 11 цаг, 29 минут, 48 секундийг тойрог замд өнгөрөөсөн эх орон нэгт Геннадий Падалкагийн өмнөх дээд амжилтыг эвдсэн байна.
Падалка 2017 онд тэтгэвэрт гарахаасаа өмнө уг дээд амжилтыг тогтоосон юм. Тав дахь удаагаа сансарт ниссэн 59 настай Кононенко одоо газраас 423 км-ийн өндөрт Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа ажээ.
“Би дээд амжилт тогтоох гэж биш, дуртай зүйлээ хийх гэж сансарт нисдэг” гэж тэр тойрог замын станцаас ТАСС агентлагт ярьжээ.
Кононенкогийн энэ удаагийн аялал есдүгээр сарын сүүлээр дуусах юм. Өөрөөр хэлбэл тэр нийтдээ 1,110 хоногийг сансарт өнгөрөөнө. Инженер мэргэжилтэй тэрбээр 34 настайдаа сансрын нисгэгч болж байжээ. Түүний анхны нислэг 2008 оны дөрөвдүгээр сард болж, сансарт 200 хоносон юм.
ТАСС агентлагт видео холбоогоор өгсөн ярилцлагадаа Кононенко сансарт аялаад ирэхдээ амьдралынхаа чухал мөчүүдийг алдсан байдгийг ярьжээ.
“Миний эзгүйд хүүхдүүд маань хэдэн зуун хоног аавгүй өсөж байсныг гэртээ буцаж ирсэн хойноо л ойлгодог. Энэ цаг хугацааг буцааж авах боломжгүй” гэж тэр ярьсан байна.
Сансрын нисгэгч болсон 16 жилийн хугацаанд технологи улам хөгжиж, нисэх бүрд шинэ сурах юмс нэмэгдэж, улам хэцүү болж байгааг тэр бас ярьжээ.
“Сансрын нисгэгч байх улам нарийн төвөгтэй болж байна. Системүүд, туршилтууд улам хэцүү болж байгаа” гэж Кононенко ярьсан байна.
Хэдийгээр Украины дайны улмаас харилцаа нь муудсан ч АНУ, ОХУ хоёр сансрын хөтөлбөрт хамтран ажилласаар байгааг бас дурьджээ.
Роскосмос NASA-тай нислэгийн суудал хуваалцах гэрээгээ 2025 он хүртэл сунгасныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм.
Эх сурвалж: AFP