Түймэрт өртсөн иргэдийн хохирлын хэмжээ, төсөвт зардлыг Барилгын хөгжлийн төвөөс 3 сарын 1-нд мэдээлнэ
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд галд түймэрт өртсөн барилгуудыг цаашид ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг Хотын Стандарт, Хяналтын Газраас урьдчилсан байдлаар танилцуулж, мэдээлэл өгөв.
Энэхүү гал түймэр, дэлбэрэлтэд “Edu аппартмент” хотхоны орон сууцнууд өртөж, гэнэтийн осол гэмтэл гарч олон хүн хохирсон шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ талаар Хотын Стандарт, Хяналтын Газрын дарга С.Төмөрдулам дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Ажлын хэсэг эхний 10 хоногт барилга байгууламжийн төлөв байдал, ШТС-д тавигдах хяналт шалгалтыг хийлээ. БХБЯ-ны 47 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажилласан.
Усан хангамж, дулаан, цахилгаан, барилгад ашигласан материал зэрэг найман төрлийн үзлэг хийгдэж, дууссан. Дээж авах, хэмжилт хийх, хэргийн газрын үзлэг дууссан.
Галд өртсөн таван объектын дүгнэлт гарна. Эхний байдлаар 207 дугаар байрны нэгдүгээр давхарт 3, 2-5 давхарт 20, 6-12 давхарт 35 нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр дөрвөн айл төлөвлөөд явж байгаа. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн, сургууль, цэцэрлэгийн барилгатай хүзүүвчээр холбосныг тогтоосон.
207, 208 дугаар байр 2015 оны зургаар 2017 онд улсын комисст орсон. Гэхдээ уг хоёр барилга өөр өөр газар дээр баригдсан боловч нэг комиссын дүгнэлт гарсан байна.
207 дугаар байранд 58, 208 дугаар байранд 37 айл, нэмэлт давхарт дөрвөн айл төлөвлөгдсөн. 207 дугаар байрны зүүн хойд хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртөж, техникийн давхрын зүүн талын барилга бүрэн шатсан.
830 дугаар байр 2015-2016 онд баригдаж ашиглалтад оржээ. 830 дугаар байрны хувьд гадна гоёлын хийц бүхий багана дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёмкостод цохигдож, эвдэрсэн.
Барилгын дотор ус болон дулаан хангамжийн шугам сүлжээнүүд бүрэн гэмтсэнийг солихоос өөр аргагүй. Гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан.
830 дугаар байрны 85 айлын цонх хагарсан. Хоёр болон гуравдугаар орцын 1-6 дугаар давхрын айлуудын цонхыг бүрэн шиллээд дууссан байна. Үүнээс дээш давхрынхыг сольж байна. Гадна фасадын материал галд өртдөг хөөсөнцрөөр хийгдсэн. Чулуун хавтангаар фасад шатаагүй, бусад ашигласан материал бүрэн шатсан. Техникийн давхрын цахилгааны самбар, тэжээл, кабель, цахилгаан шат бүрэн шатсан. Дүгнэлтүүд удахгүй гарна.
Одоо хохирлын хэмжээ, сэргээн засварлах төсөвт өртөг, зардлыг тооцох ажлуудыг Барилгын Хөгжлийн Төвөөс гуравдугаар сарын 1-ний байдлаар гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарна" хэмээн танилцууллаа.