Маш их хөрөнгө өвлөн авсан амьтад

Эзнийхээ олон саяын хөрөнгийг өвлөн авсан азтай амьтдын тухай өгүүлье. Учир нь саяхан нэгэн муур саятан болсон тухай мэдээлэл гарсан билээ. Энэ сарын 19-нд ертөнцийн мөнх бусыг үзсэн загвар зохион бүтээгч Карл Лагерфельд Шупетт хэмээх муурандаа 200 сая доллар өвлөн үлдээсэн байж магадгүй гэж Би-би-си бичсэн байна. Карл муурандаа их хайртай, 2015 онд "Шупетт өөрийн гэсэн хөрөнгөтэй, намайг нас барсны дараа түүнийг арчлан хамгаалах хүн юугаар ч дутахгүй амьдрах болно" гэж хэлж байв.

Алс тэртээ XVII зуунд Францын Ширээт лам Ришелье 14 муурандаа өв хөрөнгө үлдээж байлаа. Гэвч түүний ойр дотны хүмүүс уурлан, муурнуудыг бүгдийг нь алсан гэж домогт тэмдэглэгджээ. XIX зуунд Орост баян худалдаачин эмэгтэй Мария Леонтьева нохойндоо мөнгө, үл хөдлөх хөрөнгөө өвлүүлсэн юм. Хамаатан садан нь эсэргүүцсэн боловч амжилт олоогүй. Нохойг үхсэний дараа хөрөнгийг нь хотын өмчид шилжүүлж байжээ.

1. Овчарк нохой Гюнтер IV — $375 сая

Германы язгууртан Шарлотта Либерштайн 1992 онд нас барахдаа 224 сая фунт стерлингийн хөрөнгөө овчарк нохой Гюнтер III-т гэрээслэн үлдээжээ. Гюнтер III үхсэний дараа хөрөнгийг нь түүний гөлөг Гюнтер IV нохой өвлөн авсан. Энэ нохой одоо тансаг харшид амьдарч, дэлхий тойрон аялаж, зугаатай сайхан байна.

2. Шимпанзе Калу — $60 сая

2000 онд саятан эмэгтэй Патриция О’Нил хөрөнгөнийхөө ихэнхийг, Өмнөд Африк дахь газартай хамт Калу нэрт шимпанзе сармагчиндаа, үлдсэнийг нь нохой, муурнууддаа хуваан үлдээх гэрээслэл бичсэн байна. Харин Калуд маш дургүй байсан нөхөртөө тэр сохор зоос ч өгөхгүй гэж тодорхой заасан байлаа. Гэхдээ Калу саятан сармагчин болж амжаагүй юм. Патриция О’Нил санхүүгийн залиланд өртөж, 2010 онд дампуурснаа зарласан. Түүний олон саяын хөрөнгө, мөнгөнөөс 100 мянган фунт стерлинг л үлдсэн байлаа.

3. Опрагийн ноход — Сэди, Санни, Лорен, Лейла, Люк — $30 сая

АНУ-ын телевизийн од Опра Уинфри олон нийтийн сүлжээгээрээ нохдынхоо зургийг байнга тавьдаг. Тэр тэдэнд 30 сая доллар гэрээсэлсэн байгаа.

4. Муур Блэки — $25 сая

1988 онд Блэки гэдэг муур 25 сая долларын хөрөнгө өвлөн авсан. Эзэн Бен Ри нь үнэт зүйлсийн наймаачин, саятан хүн байлаа. Ри 15 муур тэжээж байсан ч нас барах үед нь ганцхан Блэки үлдсэн байсан тул бүх хөрөнгөө түүнд өгсөн. Хамаатан садандаа юу ч үлдээгээгүй Ри муурыг нь арчлан хамгаалах Буяны байгууллагад ч их хэмжээний мөнгө хандивласан байлаа.

5. Тахиа Жиго — $16 сая

Жиго хэмээх тахиа 2001 онд 16 сая доллартай болжээ. Их Британийн тэрбумтан Майлз Блэквелл бизнесээ зараад, амар тайван амьдрахаар шийдэхдээ түүнд энэ их мөнгийг гэрээслэсэн юм.

6. Хав нохой Трабл — $12 сая

2007 онд Трабл хав нохой тэрбумтан эзэн эмэгтэй Леона Хемлслигээс том өв хөрөнгө өвлөн авсан байна. Хемлсли Нью-Йоркийн "Эмпайр-стейт-билдинг" цамхгийг эзэмшдэг хүн байв. Тэр амьд ахуйдаа "Харамч хахирын хатан хаан" гэсэн хэргэмтэй, татвар төлөхгүй гээд шоронд сууж байсан харамч эмэгтэй байлаа.  Трабл 2011 онд 12 настайдаа нас барсан. Тэр жилд 100 мянган доллар "үрдэг" байлаа. 8000 доллар үс засалт, гоо сайханд, 1200 доллар хоол унданд зарцуулагдана. Ихэнх мөнгө хамгаалалтанд "явчихдаг", учир нь баян нохойг алах заналхийлэл маш их ирдэг байжээ. Хавыг үхсэний дараа мөнгийг сайн дурын байгууллагад хандивласан байна.

7. Чихуахуа нохой Кончита — $11,3 сая

Кончита 2010 онд 3 сая долларын мөнгө, Майами дахь 8,3 сая долларын үнэтэй харш Гейл Познер эзнээсээ өвлөн авсан. Тэр баян тансаг, тарган цатгалан сайхан амьдарч байгаа.

8. Яст мэлхий Сильверстоун — $2 сая

Хэвлэлийн газрын эзэн Кристина Фойл нохой, муур ч биш яст мэлхийндээ 2 сая доллар үлдээсэн юм. Баян муур, нохой тансаг амьдралынхаа үр шимийг ойлгож, жаргаж чадах бол яст мэлхийнд хоол л байхад болно. Одоо яст мэлхийг Энтони Силит хэмээх ажилчин эхнэрийн хамт тэжээж, арчилж байгаа. Гэрээслэлд тэдний нэр байхгүй ч Энтонигийн гэрбүлийнхний амьдрал яст мэлхийнээс ихээхэн хамаарна. Гэхдээ үүнд санаа зовох зүйлгүй. Яст мэлхий 200 насалдаг. Харин Сильверстоун одоо дөнгөж 50 настай гэнэ. Тиймээс Энтони үхэн үхтлээ ажилтай, цалинтай байх нь ойлгомжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.112.169)