НИЙГЭМ: Дэлхийн бусад оронд дүйцүүлэх алба гэж байдаггүй

 Д.Уртзам

Энэтхэгт эрт үеэс олон мянган жилийн турш брахман-тахилч нар, кшатрияа-дайчид, вайшин-газрын эзэд, худалдаачид, бизнес эрхлэгчид мөн шудра-тариачид, үйлчлэгч нар хамрагддаг дөрвөн үндсэн каст хэмээх нийгмийн давхаргын тогтолцоо оршин тогтнож ирсэн. Брахман ба кшатрия нь дээд давхаргынх ба тэднийг бусад давхарга нь үйлчлэнэ. Эдгээрээс гадна далит хэмээх дарлагдсан доод давхаргын хүмүүс байна. Тэд хог цэвэрлэж, хамаг бохир ажлыг хийнэ. Хүн амын 16 орчим хувь далитад хамрагддаг бөгөөд тэд ялгаварлан гадуурхагддаг.

Монголын армид энэ каст үйлчилж эхлээд нилээн уджээ. Дээд зэрэглэлийнхэн нь гадаадад амьдардаг, элит айлын хүүхдүүд, дүйцүүлэх албыг худалдаад авдаг, оюутан нэрээр цэргийн албанаас зугтаасаар нас нь хэтрээд явчихдаг залуус орно. Дараагийн кастанд дундаж айлууд яаж ийгээд, зээлээд ч дүйцүүлэх алба төлөөд эсвэл аргалаад, хүүхдээ цэрэгт явуулахгүй авч үлдэж байна. Эцэст нь олон хүүхэдтэй, жирийн айлын, мөнгөний боломж муутай иргэдийн хүүхдүүд тунаж хоцроод, хүссэн ч хүсээгүй ч эр цэргийн албанд явж байна. Эдгээр залуус маань эрүүгийн гэмт хэрэгт ороолцолдож явсан, муу зуршилтай, харгис хэрцгий хэдхэн этгээдийн атганд ороод дарамтлуулан, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирон, зарим тохиолдолд эрдэнэт хүний амь үрэгдэж байна.

Дэлхийн бусад оронд дүйцүүлэх алба гэж байдаггүй

Энд хэн буруутай вэ? Ганцхан Батлан хамгаалах яам буруутай юу эсвэл нийгэм буруутай юу? Нийгмийн баян хоосны ялгаа, эрхтэн дархтанд хууль үйлчилдэггүй  эдгээр бүх яр шарх нь нэг дор олон ааг нь бадарсан залуу эрчүүд цугларсан газар дэлбэ үсэрч илэрч гарч байна. Цэрэгт хэн өнөөдөр явж байна? Яг өнөөдрийн байдлаар дээд сургуульд ороогүй, ар гэр нь мөнгөгүй, боломжгүй тийм л залуу аргагүй явж байна.

Монголын түүх, монгол хэл бичиг соёлыг түлхүү үзэх цаг болжээ

Уг нь эх орноо хамгаалах нэр төрийн хэрэг баймаар юм. Монголчууд эх орондоо хайртай, амь насаа хайрлахгүй хамгаалж өдий хүртэл ирсэн тул бид өнөөдрийн өдөр тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын иргэд байна. Дэлхийн бусад оронд дүйцүүлэх алба гэж байдаггүй, ямар ч айлын хүүхэд байсан заавал цэргийн алба биеэр хаадаг, Солонгост гэхэд бүх залуу эрчүүд цэрэгт явдаг, Германд цэргийн алба хаах хүсэлгүй бол асрамжийн газар, эмнэлэгт биеэрээ ажил хийдэг. Дүйцүүлэх алба гэдгийг болиулаад Германы жишээг авмаар байна.

Удахгүй гадаад руу улсаараа нүүж мэдэхээр байна

Эх оронч үзлийг цэцэрлэг, сургуулийн наснаас эхэлж, жилдээ ганц өдөр монгол дээлтэй гүйх биш бодит хөрсөн дээр хэрэгжүүлвэл “Эр цэргийн алба хаах нэр төрийн хэрэг” болж, цэргийн алба хааснаараа бахархах уламжлал тогтоно. Гадаадын боловсролыг шууд хуулбарлан авч, заавал англи хэл сурч байснаас монголын түүх, монгол хэл бичиг соёлыг түлхүү үзэх цаг болжээ. Сургууль төгсөөд гадаад явах, гадаадад ажиллах сонирхолтой залууст эх орондоо эр цэргийн алба хаах хүсэл төрөхгүй. Бид гадаадад боловсон хүчин бэлдсээр 30-аад жилийн нүүр үзлээ. Удахгүй гадаад руу улсаараа нүүх шинжтэй.

Төрөөс цэргийн алба хаасан тохиолдолд давуу талууд гаргаж өгч байгаа нь сайшаалтай ч арай хангалтгүй байна. Сайн дураараа цэрэгт явах нөхцөл бололцоог хангах талаар дээд түвшинд арга хэмжээ авах цаг иржээ. Батлан хамгаалах яамны зүгээс тухайн цэргийн ангид эцэг эхийн зөвлөл байгуулан нягт ажиллаж, камержуулж, цэрэг дарамталсан тохиолдолд сахилгын арга хэмжээ чангажуулах, бусад бодит арга хэмжээ аван, менежментээ сайжруулах, бодит өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна.  Төр захиргааны зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол ганц яам хүчрэхгүй хэмжээнд хүрчээ. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.72.44)