Саудын Арабаас АНУ-д суух Элчин сайдын нэрийг хэлжээ
Саудын Арабаас АНУ-д суух дараагийн Элчин сайдаар гүнж Рима бинт Бандар аль-Саудыг сонгосон тухай Саудын Арабын эрх баригчид бямба гарагт мэдэгдэв.Ингэснээр гүнж Рима нь Саудын Арабын анхны эмэгтэй Элчин сайд болох ажээ. Тэрбээр багадаа АНУ-ын нийслэл Вашингтон хотод амьдарч байсан ажээ.Түүнчлэн сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн улмаас үүссэн олон улсын эсэргүүцлийг Саудын Арабын эрх баригчид зохицуулахыг оролдож буй энэ хүнд цаг үед гүнж Рима дээрх албан тушаалыг хашихаар болжээ.Саудын Арабын засаг захиргаанаас Ж.Хашоггийн хэргийн талаар зөрчилдөөнтэй тайлбарыг хийсний дараа тус улсыг сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой гэх мэдээлэл тархаж эхэлсэн юм..Хашогги нь өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар руу орсны дараа амиа алдсан билээ. “Washington Post” сонины сэтгүүлч байсан тэрбээр Саудын Арабын Засгийн газрыг хүчтэй шүүмжилдэг нэгэн байжээ.АНУ-ын тагнуулын байгууллагаас сэтгүүлчийн хэрэгт угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман холбоотой гэж мэдээлсэн боловч Саудын Арабын талаас энэхүү мэдээллийг үгүйсгэсээр ирсэн билээ.