АНУ-ын Төлөөлөгчдийн танхим TikTok-ыг хориглох хуулийн төсөл боловсруулжээ
Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид АНУ-ын нутаг дэвсгэрт TikTok-ийн хэрэглээг хориглох зорилготой хуулийн төсөл өргөн барьсан тухай The Hill мэдээлэв.
Америкчуудыг "үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй программаас хамгаалах" хуулийн төслийг зохиогчид нь Бүгд найрамдах намын Майк Галлахер, Ардчилсан намын Ража Кришнамурти нар аж. Хуулийн төслийг пүрэв гаригт Конгрессын Эрчим хүч, худалдааны хорооны хуралдаанаар хэлэлцэх товтой байна.
TikTok-н инженерүүд Хятадаас өөр улсын мэдээллийн багц руу орж, өгөгдлийг нөөцлөн нэгтгэж, дүн шинжилгээ хийдэг гэх мэдээлэл гараад удаж буй. Холбооны мөрдөх товчооны хувьд Хятад улс энэ аппликейшнийг “хэрэглэгчдэд нөлөөлөх эсвэл тэдний цахилгаан хэрэгслийг хянахын тулд ашиглаж магадгүй гэж үздэг. Улмаар АНУ-ын хэд хэдэн муж TikTok-ийг засгийн газрын төхөөрөмжид суулгахыг хориглосон билээ.
Шинэ хуулийн төсөлд ByteDance компанийг TikTok-оос салахад таван сарын хугацаа өгөхөөр тусгажээ. Технологийн салбарын тэргүүлэгч Майкрософт корпорац TikTok-ийг худалдан авах хэлэлцээр өрнүүлж байсан удаатай.
Дэлхий даяар тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй TikTok-г Америкт 113.3 сая насанд хүрсэн хүн идэвхтэй ашигладаг юм.