Ц.Элбэгдорж, Путин хоёрын хэн нь Монголд элэгтэй вэ?

Нийтлэлч Д.Уртзам

"Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхий нийтийг шуугиулж байна" гэсэн мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болов.  Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дайнаас хойш анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгсөнтэй холбогдуулж "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” гэсэн нь "Х" ертөнцийн жиргээ ажээ. Бага сага судалгаа мэдээлэл оролддог хүний хувьд, энэ хоёр хүний хэн нь Монголд элэгтэй вэ? гэсэн дүгнэлт хийх гээд эргэцүүлж үзэв. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн нэвтрүүлэг гарч дэлхийг донсолгон, жирийн америкчууд, европчуудад их таалагдан, тэдний Орос орны тухай сэтгэгдлийг өөрчлөхөд хүргэв. Энэ далимаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө пиардан Монгол Улсын нэрийг дэлхий даяар харин ч гутааж байна. Дархлагдсан авилгагчин, ард түмний өмч хөрөнгийг луйвардагч гэж гадаадад хүлээж авахгүй, "монголчуудын дуу хоолой" гэсэн өнцгөөс харж байна.

 Айлын том ах гэрийнхээ хамаг хөрөнгийг идэж уугаад, гэрээ хулгайч, луйварчдын оромж болгосон бага дүүдээ алганы амт үзүүлж байхад хөрш нь хашааны цаанаас хашгирах хэрэг байна уу? Монгол Улсын эрх ашгийг хөндөхгүй бол Орос, Украины асуудал бид нарт ямар хамаатай юм бэ? Тэгэж орилоод манай улсын гадаадад тавьсан их өр багасах уу? Гадаад өрний талаар толгойтой бүхэн бодох цаг ирлээ. Ардчилал гэж хашгирсан гуч гаруй жилийн хугацаанд манжийн дарлалд байх үе рүүгээ буцаад орлоо.

ОХУ-аас авсан зээлэнд юу багтаж байсныг цухас дурдья. Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах, зээл, тусламжийн талаар манай хоёр орны Засгийн газар хоорондын 1960-1990 онд байгуулсан 8 удаагийн үндсэн Хэлэлцээр, 4 удаагийн Протоколын дагуу нийт 6775 сая шилжих рублийн удаан хугацааны хөнгөлөлттэй зээлийг авч, ХХ зууны бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлсэн байна.1960-1990 онд 879 объектыг барихад зориулж, 6702,7 сая шилжих рубль, 72,4 сая ам.долларын зээл авсан байдаг. Түүнээс гадна буцалтгүй тусламж гэж бас их бий. Л.И.Брежнев тэргүүтэй ЗХУ-ын нам, засгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэр БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан зөвлөлтийн ард түмний бэлэг болгож, хэд хэдэн барилга, байгууламж байгуулах Хэлэлцээрт 1974 оны 11 дүгээр сарын 27-нд гарын үсэг зурснаар Улаанбаатар хотод 140 мянган м2 талбай бүхий угсармал орон сууц үйлдвэрлэх Байшин үйлдвэрлэх комбинат, Гэрлэх ёслолын ордон, Дорнод, Хөвсгөл аймгийн төвд 50 ортой иж бүрэн эмнэлэг, Архангай, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн төвд тус бүр 964 хүүхдийн сургууль, багш нарын орон сууц, Дархан хотод 70 мянган м2 талбай бүхий угсармал орон сууц үйлдвэрлэх Байшин үйлдвэрлэх комбинат, Цэрэг, батлан хамгаалахын төв сургууль, Гэмтлийн эмнэлэг зэрэг олон тооны барилга байгууламжийг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барьж өгчээ. Зээлийн нийт дүнд 1975 оноос хойш авч ашигласан зээл 81 %, зээлийг бүтцээр нь үзэхэд хөрөнгө оруулалтын зориулалттай зээл 66,3 хувь байв. ЗХУ-аас Монголд 1976 оноос 1990 оныг хүртэл хугацаанд арав шахам тэрбум шилжих рублийн зээл, тусламж авч, дэд бүтэц болон үйлдвэрийн олон чухал объект барьж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал нөхцөл бүрдүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2000 оны Улаанбаатарт хийсэн дээд хэмжээний айлчлалын үеэр тохиролцсон өр зохицуулах зарчмууд нь “Их өр”-ийг тэглэх үндэс суурь болж өгчээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр, ОХУ-ын Ерөнхий сайд М.М.Касьянов нарын 2003 онд Москвад хийсэн уулзалтын үр дүнд “Их өр”-ийг 96-аас доошгүй хувиар чөлөөлж, үлдсэн хэсгийг 300 сая ам.доллараар төлөх түүхэн тохиролцоонд хүрсэн. 2003 онд ОХУ нь нийт 11,4 тэрбум ам.доллар бүхий Монгол Улсын зээлийн өрнөөс 11,1 тэрбум ам.долларыг чөлөөлжээ.

 2016 оны 1-р сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь 2010 оны ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг  батлах тухай хуулинд гарын үсэг зурсан бөгөөд үүгээр 2010 оны 12-р сарын 14-ний байдлаар Монгол Улсын зохицуулах санхүүгийн үүргийн нийт хэмжээ 174.2 сая ам.доллар байна гэж заажээ. Гэрээний дагуу Монгол Улс нь дүнгийн 97.8% буюу 170 орчим сая ам.долларыг төлөхгүй байх боломжтой болсон. Ингээд Путины буянаар Монгол Улс нь социализмын их бүтээн байгуулалтын 70 жилийн турш авсан зээлийг бэлгэнд авлаа. Өөр хүн ерөнхийлөгч байсан бол ингэх үү? Мэдээж үгүй!

Одоо Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийг авч үзье. Оросын өрнөөс саллаа гэж бүх ард түмэн хагартлаа баярлаж байтал хэдхэн жилийн дотор давж дийлэхгүй өрөнд орчлоо. Түүнд Ц.Элбэгдорж 8 жилийн турш төрийн эрх барьж байхдаа өөрийн биеэр ихээхэн хувь нэмэр оруулсан. Ганцхан л жишээ дурдья. Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалт буюу АСЕМ  2016 оны 7-р сарын 15-ны өдөр эхлэхтэй зэрэгцэн улаанбаатарчууд төдийгүй монголчууд бүхэлдээ уг хурлаар амьсгалж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэлхийд өргөгдсөн нэр хүндийг шагшин магтаж байлаа. улстөрчид, төрийн албаныхан ч “Монгол Улс хоёр тивийг холбох гүүр гэдэг нь батлагдлаа. АСЕМ-ийн дам нөлөөгөөр худалдааны эргэлт сайжирлаа. Ам.доллар орж ирлээ. Хятад, Япон, Солонгос улсаас буцалтгүй тусламж, дэмжлэг АСЕМ-д зориулан өгч байна” гэх мэтээр гоё ганган үг урсгасан. Гэсэн ч уг хуралдаан өндөрлөж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний албатууд ажлаа өгөхтэй зэрэгцэн Үндэсний аудитын газраас “АСЕМ-тай холбоотой 290.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилтэй холбоотой нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулна” гэж мэдэгдсээр нилээн хугацаа өнгөрчээ. Тэдний тэргүүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн алба хашиж буй А.Ганбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн БАА-ын дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга асан Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг нар байгаа аж. Зөвхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарын нэр дээр гэхэд 79.2 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулалт бичигдсэн байх жишээний. Гэтэл энэ мөнгөөр 100 хүүхдийн орон тоотой 80 цэцэрлэг барих боломжтой. Үүнийг хүүхдийнх нь тоогоор үржүүлэхээр 8,000 хүүхэд цэцэрлэгтэй, харах хяналттай, дулаан байртай болох боломжтой байж. Харамсалтай нь, энэ мөнгө АСЕМ нэрийн дор үр ашиггүй, тодорхойгүй байдлаар зарцуулагдчихсан. Үүний 35.7 тэрбум нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн эрх мэдлээр зарцуулагдсан гэдгийг тодотгох хэрэгтэй. 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг АСЕМ-ийн зочдод өгөх бэлэг дурсгалын зардлыг 215.6 сая төгрөгөөр батлуулсан байгаа юм. Гэтэл энэ зардал нь сүүлдээ 981.4 сая төгрөгт хүрч, өссөн байх жишээний. Зөвхөн дээд хэмжээний уулзалтад ирсэн нэг төлөөлөгчийн бэлэг гэхэд 6.7 сая төгрөгт хүрсэн баримт бий. Балыг нь гэхэд Япон улсад тусгай захиалгаар хийлгэсэн гээд бод. Тэр дундаа, тус бүрийг нь 1.5 сая төгрөгөөр хийлгэж, нийтдээ 82.5 сая төгрөг болсон эмээл хазаарыг нь нийлүүлэх гэрээ байгуулсан “Аз билэг Ерөө” компани нь улсын бүртгэлд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тэмдэглэгээгүй байх жишээний. АСЕМ-ийн уулзалтад оролцсон төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд 738.6 сая төгрөгийн зардал гаргахдаа шууд гэрээ байгуулсан. Уг арга хэмжээний нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айрагны үнэ болон сүүдрэвчийн зардалд зарцуулагдсан байна. Ингэхдээ зочдын тоог 500 гэж үзээд нэг хүн тус бүрт 1.1 литр архи, 9.6 литр ундаа, 5.5 литр ус, 25.1 литр шар айраг байхаар тооцож, нийлүүлэлт хийгдсэнээс 500 зочид төлөөлөгчдийг идсэн уусан гэж бодож аргагүй. Ази, Европын улс орнуудын удирдагчийг Монгол эх орондоо сайндаа урьж, хуралдуулсан бус харин мөнгө завших шалтгаан болгосон уу, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн пиар Монгол Улсын төсвийн энтэй байж болох уу гэдэг асуудлыг сэтгүүлчид хөндөн бичиж байсан. Гэтэл энэ нь зөвхөн пиар байгаад зогсохгүй түүний албатуудын мөнгө завших өгөөш арай 290.8 тэрбум төгрөгт хүрсэн юм биш байгаа.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

http://www.fact.mn/365252.html

Ардчилал, хүний эрх гэх мэтийн гоё сайхан үгээр ард түмнийг хуурсаар өдий хүрсэн ерөнхийлөгч асан Ц.Элбэждоржид хууль хараа хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулах цаг иржээ. Зөрчлийн тухай хуулиар хувь хүний нэр төрийг гутаахад тэчнээн нэгжээр торгоно, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гээд заасан байна. Харин бүхэл бүтэн эх орны нэр хүндийг дэлхий даяар гутаахад хууль байдаггүй юм уу? Хэн хүссэн бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс дуугараад байвал төр улс гэж байх хэрэг байна уу? Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг иржээ. Уваагүй, ичгүүргүй, мөнгөний төлөө эх орноо худалдахаас огт ичихгүй хүмүүстэй өнөөдөр хариуцлага тооцохгүй бол маргааш оройтоно.

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.144.48.72)
Ider Ebe neeree yu hiisiin be
2024-03-13 Хариулах
Zochin Sain bichjee
2024-03-13 Хариулах