Б.Батцэцэглэн: Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг, энэ өгөгдлөө зөв ашигладаг байгаасай
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дуучин Б.Батцэцэглэнг урьж ярилцлаа.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ямар утга, агуулгаар тэмдэглэх ёстой гэж боддог вэ. Анх энэ баярыг хэрхэн тэмдэглэж байсан дурсамжаасаа бидэнтэй хаваалцахгүй юу?
-Хамгийн анх эмээтэйгээ хөдөө байхдаа хавар Мартын-8, эмэгтэйчүүдийн баяр гэж ийм баяр байдаг юм байна гэж мэдэж байсан. Гэрийнхээ гадаа тоглож байхад эмээ “Миний охин нааш ир. Үзэмтэй будаа ид” гээд дуудаж байна. Тухайн үед үзэмтэй будуу гэдэг их л гоё амттан байсан. "Эмээ яагаад үзэмтэй будаа хийсэн юм болоо” гэж бодоод очиж байсан. Тэгэхэд “Миний охин олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Мартын-8 гэж гээд баяр байдаг юм. Өнөөдөр тэр өдөр. Хоёулаа бас баярлачихъя” гээд үзэмтэй будаа хийж өгч байсан юм. Хамгийн анхны Мартын-8-тай танилцаж байсан, сэтгэлээс гардаггүй баяр бол тэр байсан.
Энэ өдөр бол ээждээ, эмээдээ, охиндоо, дүүдээ хайртайгаа албан ёсоор хэлдэг, илэрхийлдэг өдөр гэж боддог. Нэг өдөр ч гэсэн тэр хүмүүст цэцэг өгчих, сайхан тоглолт үзүүлж, өглөө босоод цайг нь чанаад өгчих. Энэ бол хайртайгаа илэрхийлэх боломж олгодог баяр гэж хардаг. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэсэн нэршлээсээ эхлээд нийгэмд эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрх, түүнд анхаарлаа хандуулдаг, дахин санадаг, тэрний тухай ярьдаг баяр.
-Сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?
-Сайхан эмэгтэй гэхээр би ээжийгээ, эмээгээ, эгч нарыгаа хэлнэ. Мэдээж хүн гаднаасаа сайхан л харагдах хэрэгтэй. Би эмэгтэй хүнийг солонго шиг байгаасай гэж боддог. Яагаад гэхээр монголчууд зуны улиралд хамгийн дуртай, хамгийн сайхан дэлгэр улирал байдаг. Зуны улирлын хамгийн сайхан нь борооны дараах солонго. Солонгыг хараад хүн бүхэн баярладаг, хүн бүхэнд аз жаргал мэдрэгддэг. Энэ утгаараа эмэгтэй хүн бусдад жаргалыг мэдрүүлдэг, бэлгэлдэг байгаасай гэж боддог.
-Сайхан эмэгтэй гэж ээжийгээ хэлнэ гэлээ. Ээжийн тань ямар зан чанар танд шингэсэн бэ. Хүүхдүүддээ ч өөрийнхөө ямар зан чанарыг өвлүүлэх юмсан гэж боддог вэ?
-Манай ээж хамгийн цагаан сэтгэлтэй хүн. Ээж бас их уйланхай. Миний ч нулимс ойр. Гэхдээ уйланхай байна гэдэг муу зүйл биш харин ч цагаан байгаагийн илэрхийлэл гэж боддог. Хүний өмнөөс тэр минь яана даа, энэ минь яана даа гэж их шаналадаг.
“Би аз жаргалтайгаар ашиглуулъя” гэдэг үг уншиж байсан юм. Энэ үг миний боддог зүйлийг тодорхойлж хэлсэн үг шиг санагддаг. Миний ээж дэлгэсэн цагаан сэтгэл л харагддаг. Хүүхдүүд минь миний аливаа зүйлийг эхлүүлээд дуусгадаг зан чанарыг минь аваасай гэж хүсдэг. Тиймээс хүүхдүүдийнхээ хажууд зөв байхыг, эхэлсэн зүйлээ дуусгаад харуулахыг хичээдэг. Би хамгийн сүүлд энэ бүсийг хийж дуусгасан. Хийж байхад олон хүн зарах уу гэж асууж байсан юм. Дуусах дөхөж байсан хүү минь “ээж та энэ бүсийг зарахгүй биз дээ. Ашгүй гэж нэг хийсэн бүсээ битгий зараарай” гэж байгаа юм. Хийж байхад намайг ядарч байгаа шүү дээ. Ядарч, ядарч оёчихоод зараад, байхгүй болчихно гэж бодож байсан юм шиг байгаа юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдүүдээ хүнийг хайрладаг хүмүүс байгаасай гэж боддог.
-Та гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Эмэгтэйчүүдэд өгөх шипий юу байна?
-Эмэгтэйчүүд намайг “ямар гоё урт үстэй юм бэ” гээд л байдаг. Арьсанд ч байсан, үсэнд ч бай өөрийнх нь тэжээл гэдэг өөрт нь хамгийн хэрэгтэй зүйл гэж боддог. Би арьсаа бол их гуужуулаад байдаггүй. Их гуужуулах тусам дархлаа нь байхгүй болоод арьс улам нимгэрээд байдаг юм болов уу гэж боддог. Үсээ ч гэсэн өдөр бүхэн угаадаггүй. Долоо хоногт хоёр, шаардлагатай тохиолдолд л гурван удаа угаадаг. Өдөр бүхэн угаагаад байвал өглөө угаахад л орой нь тослогдчихдог. Мөн бүсгүйчүүд гоё сүлжээсүүд сурвал зүгээр.
Тэгээд ер нь олон хаврын эморлыг давж байж гоё урт үстэй байна шүү. Бүсгүйчүүд гоё болмоор байна гэснээ үсчинд очоод үсээ тайруулчихдаг. Үсээ тайруулахаар яагаад гоё болно гэж бодоод байдаг юм бол.
Энэ цаг үед сайхан сайхан оёдолчид маш их байна. Энэ сайхан хүмүүсийн сэтгэлээ шингээж, ураа гаргаж хийсэн дээл хувцсаар өөрийгөө чимж явна гэдэг их хувь заяа шүү дээ. Ер нь монголчуудыг их хувь заяатай гэж ярьдаг. Би өөрийгөө үүнээс хүртэж яваа азтай эмэгтэй гэж боддог. Өвгөдийн хийж үлдээсэн энэ их өв соёл, дуу, дээл хувцас, гоёл чимэглэл байна. Энэ дундаас чи алийг нь авч чадна уу тэр бүхэн нь бэлэн бий. Энэ их хувь заяандаа баярлаж, бахархаж явдаг.
-Та бүсээ оёсон гэлээ. Дээл, бүсээ өөрөө оёдог юм уу. Загвараа яаж гаргадаг вэ?
-Загвараа бол өөрөө гаргачихна. Дээлээ өөрөө оёдог. Гэхдээ сүүлийн үед дээлээ оёж чадахгүй байна. Эгчээрээ мөн урчуудаар дээлээ оёулж байна. Энэ цаг үед сайхан, сайхан оёдолчид маш их байна. Энэ сайхан хүмүүсийн сэтгэлээ шингээж, ураа гаргаж хийсэн дээл хувцсаар өөрийгөө чимж явна гэдэг их хувь заяа шүү дээ.
Ер нь монголчуудыг их хувь заяатай гэж ярьдаг. Би өөрийгөө үүнээс хүртэж яваа азтай эмэгтэй гэж боддог. Өвгөдийн хийж үлдээсэн энэ их өв соёл, дуу, дээл хувцас, гоёл чимэглэл байна. Энэ дундаас чи алийг нь авч чадна уу тэр бүхэн нь бэлэн бий. Энэ их хувь заяандаа баярлаж, бахархаж явдаг.
-10 жилийн өмнөх Батцэцэглэн өнөөдрийн Батцэцэглэн хоёрын хооронд ямар дэвшил бий болсон байна вэ?
-Би 10 жилийн өмнө суралцах ёстой гэж боддог байсан. Тухайн үед ангийн найзууд, үе тэнгийн уран бүтээлчид“чи хөөрхөн юм чинь гоё, гоё дуу гаргаад яв л даа” гэж зөвлөж байсан. Гэхдээ би эхлээд суралцах ёстой гэж боддог байсан. Одоо ч суралцаж л яваа.
Миний хичээж гаргасан уран бүтээлүүдийг сонсогч түмэн маань сайшааж хүлээж авч байгаад маш их баярладаг, бас айдаг. Цөөнгүй хүн таараад “Би хүүхдүүддээ Батцэцэглэн гэдэг нэр өгсөн шүү” гээд хэлдэг юм. Энэ сайхан хүмүүсийн хайрыг дааж явах их хэцүү гэж эмээ минь хэлдэг байсан. Уран бүтээлийн улам их шунамхай сэтгэл л төрдөг юм байна. Ойрхон ойрхон уран бүтээл гаргаж чаддаггүй ч гаргаж байгаа бүтээлүүдээ чанартай, олон жилийн дараа ч сонсдог байхаар чанатай, сайн хийхийг зорьдог. "Хоёр сэтгэл" дууг би долоон жилийн өмнө гаргаж байсан. Тухайн үедээ нээх олон хүнд хүрч чадаагүй. Харин жилийн өмнөөс хүмүүс сонсоод дуртай болоод бүжиглээд байж байхыг харах сайхан байдаг. Тав, зургаан настай охид бүр их дуртай, сонсдог юм билээ. Гоё нь энэ. Тухайн үедээ хамгийн чадварлаг баг хамт олонтой ажиллаад, хөгжмийн найруулга бүх зүйлээ хийлгэж байгаа юм. Гэхдээ заавал үүнийг хит болгох ёстой, сонсох ёстой гэж зүтгэдэггүй. Аливаа зүйлд цаг хугацаа шаардлагатай байдаг.
-Та уран бүтээлч, сайхан эмэгтэйчүүдийн төлөөлөл. Охид эмэгтэйчүүдэд хэлэх зөвлөгөө юу байна вэ?
-Манай монгол эмэгтэйчүүд маш их хүчирхэг, бүгдийг чаддаг. Энэ өгөгдлөө, авьяас чадвараа ашигладаг байгаасай гэж боддог. Би ингээд болох байх, магадгүй хүүхэд гаргаад гэртээ сууж байгаа нь хөгжих боломжийг нь хааж байна гэж бодож болохгүй. Хүүхдээ гаргаад гэртээ сууж байх хугацаандаа яаж өөрийгөө хөгжүүлж болох вэ гэж бодож түүнд цаг заваа зарцуулдаг байх хэрэгтэй. Би өөрөө тэгж их боддог байсан учраас бусад охидыг, эгч нарыгаа тэгж бодоосой гэж бодоод хэлж байгаа юм шүү. Өөрийгөө хөгжүүлнэ гэхээр наад зах нь юм оёод сурчих хэрэгтэй. Одоо интернэт гэж гоё зүйл байна. Юуг яаж эсгэх вэ гэж хайхад л гараад ирнэ. Ер нь хийе, суръя, хөгжье гэж бодвол таны хөгжих боломж асар их бий. Угаасаа хөдөлмөр хүнийг бүтээсэн. Энэ хөдөлмөрөөсөө холдохгүй, байнга хийж байвал тархи нь тэр чинээгээр ажиллаж, хөгждөг гэж боддог.
-Та дуулахаас өөр ямар авьяастай вэ. Яаж чийлэрдэг вэ?
-Өөрийнхөө уран бүтээлийг их сонсдог. Шүүмжлэлтэйгээр сонсоно. Хаяа нэг за болчихсон байна. Бас яах вэ гэж бодох үе ч бий. Түүнийхээ хажуугаар юм оёх, хөгжүүлэх сонирхолтой. Юм оёхоор нүдэн дээр ургадаг байхгүй юу. Өнгөний зохицлоо бодно, нүдэндээ төсөөлнө. Надад ямар өнгө хэрэгтэй байгаа билээ, энэ өнгө бусад өнгөнүүд дээр зохицох уу гээд зөндөө бодно. Ингээд оёод эхлэхээр хийж байгаа зүйл минь нүдэн дээр ургаад, цэцэглээд ирдэг. Өөрийнхөө хийж байгаа зүйлийг гаран дээрээ ургаж байгааг харна гэдэг бол хамгийн том урам.
-Монгол дээлийг зөв зохистой өмсөх, тэр тусмаа гоё сайхан харагдуулахыг олонд үлгэрлэж яваа хүний нэг та. Дээлийг хэрхэн өмсвөл гоё харагддаг вэ?
-Хүмүүс намайг маш олон дээлтэй гэж боддог юм биш байна лээ. Гэхдээ надад 20 гаруй л дээл бий. 10 жилийн өмнө хийлгэсэн дээлээ хадгалж байгаад энэ жил гаргаад өмсөхөөр дахиад шинэ дээл гэж хараад байдаг. Миний бодлоор дээлээ яг үндсэн исгүүртэйгээр хийлгэвэл 10, 20 жилийн дараа ч гаргаад өмссөн, ач зээ нар чинь ч өмссөн стиль, загвар нь хуучрахгүй. Энэ бол дээлийн сонгодог загвар. Магадгүй та тухайн үеийн трэнд дагаад хийлгэчихвэл тухайн цаг үедээ л өмсөнө. Мөн торгоныхоо сонголтыг зөв хийхийн тулд өнгөө та сонгоод торгоо оёдолчноороо сонгуулах хэрэгтэй. Материал бүхэн, торго бүхэн гоё биш. Тиймээс оёдолчноороо материалаа сонгуулах нь зөв.
Харин дээл өмсөхөд элсэн цаг шиг биеийн хэлбэрийг гаргах нь л чухал. Элсэн цаг гэхээр бүсэлхийгээрээ нарийхан байх. Би “бүсээ чанга бүсэл” л гээд байдаг юм. Би амьсгалж чадах юм уу гэж бодтолоо л бүсээ чанга бүсэл. Өргөн, чанга бүс бүслээд байвал дээлийнхээ гоёыг илүү тодруулж өгнө. Хүмүүс таныг гоё байна гэж хэлээд эхлэхээр дээлээ улам өмсөх дуртай болно. Дуу, хуураараа дамжуулаад монгол сайхан дээл хувцсаа өмсөөсэй гэж уриалаад явж байгаа нь хамгийн сайхан зүйл.
-Та дээл өмсөх дуртай болохоороо өмсдөг юм уу. Ардын дуу, уртын дуу дуулдаг болохоор өмсдөг болсон юм уу?
-Эхлээд ардын дуу, уртын дуу дуулдагтайгаа холбоотойгоор дээл өмсдөг байсан. Сүүлд танилцсан манай нэг найз надад “чи оюутан байхдаа хүртэл эготой охин байсан байна лээ. Оюутан байхдаа шинэ жил дээр очихдоо хурган дээлтэй очиж байсан” гэж хэлж байсан. Тухай үед би шинэ жилд очихдоо юу өмсвөл би гоё харагдах болоо гэж бодож байгаад надад байсан хамгийн гоё гангараа хурган дээлээ өмсөөд очиж байсан. Мөн тэр үед надад хамгийн гоё зохидог юу юм бол гэж бодоход дээл гэж бодогддог байсан болохоор өмсөх ч дуртай.
-Та өөрийнхөө пянзыг гаргах гэж байгаа гэсэн. Өмнө нь ийм стилийн пянз гарч байсан уу?
-Социализмын үеэс хойш ардын дуу, уртын дууны пянз гараагүй байгаа. Сүүлийн гурван жил уйлахдаа уйлаад, баярлахдаа баярлаад, шантрахдаа шантраад пянз дээрээ ажилласан. Зүрх сэтгэлээрээ нэгдсэн, гоё уран бүтээл болгоё гэсэн сайхан хүмүүстэй ажиллаж байгаа учраас ажил амжилттай л явж байна. Нарыг мөрөөд, саран дээр бууна гэдэг шүү дээ. Тиймээс пянзныхаа уран бүтээлүүдийн чансааг нэлээд дээгүүр тавихыг хичээсэн. Түүндээ хүрэхийн тулд хоёр жилийн өмнө дуулсан дуугаа хүртэл дахин шинээр дуулсан. Ингэж явсаар байгаад гурван жил болчихсон байна.
Миний пянзад мэргэжлийн урлагийн байгууллагууд буюу Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театр, Симфони найрал хөгжим бүгд оролцсон. Мөн дан гитар, төгөлдөр хуур, алтайн ятга, ятга, хуучиртай гээд хөгжмийн маш олон төрлүүдтэй хамтарч дуулсан. Энэ хөгжмүүд бүгд амьдаар, хөгжмийн гоё шинэ найруулгатайгаар ардын дууг дуулж байгаа нь миний пянзны онцлог.
-Хэзээ сонсогчдодоо хүргэх вэ?
-Намар гэж бодож байна. Зун хэвлэлтээс ирнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Пянзны хэвлэлт маш их оочир дараалалтай байдаг, бас няхуур нямбай ажилладаг юм байна. Тиймээс намар л хэвлэлтээс ирэхээр нь пянзныхаа баярыг хийнэ гэж төлөвлөөд ажиллаж байна.