ГССҮТ-ийн эмч нарт БАЯРЛАЛАА

Д.Уртзам

Эмнэлэг, эрүүлийг хамгаалахын талаар хэвлэл мэдээллээр сүүлийн үед эерэг гэхээс илүү сөрөг мэдээлэл түгдэг болсон өнөө үед өөрийн биеэр тус ГССГҮТ-ийн босгыг хүсээгүй ч гэсэн даван тэдний үйл ажиллагаатай танилцаж, Гиппократын тангарагтаа үнэнч, жинхэнэ ард түмэндээ үйлчилдэг, авилгалд автаагүй, сайхан хамт олон байна гэдгийг мэдэрснээ олон нийтэд сонордуулья  гэж бодлоо.

Энэ мөрийг бичигч миний бие нь сар гаруйн өмнө орсон их цаснаар халтирч унаад  гаргүй болох шахсан нэгэн.  Гэмтлийн эмнэлгийн Хүлээн авах дээр яваад очиход, дайны талбар дахь эмнэлэг шиг л дүр зураг угтав.

Хүлээн авахын хонгилоор дүүрэн гэмтсэн иргэд. Тэднийг  дагаж яваа гэр бүлийнхэн, суга таягтай, гипстэй, гараа барьсан хүүхэд залуус. Тэргэнцэр дээрх өвдөж шаналсан хүмүүс  эмчийн өрөөний үүд бүхэнд дугаарлан зогсож байна.

Хүний төлөө гэсэн хариуцлагатай эмч нар олон байгаад талархав

Эхлээд эмчдээ үзүүлээд, дараа нь рентген зургаа авхуулаад, дахиад эмч дээрээ очдог юм байна. Залуухан эрэгтэй эмч рентгенд харангуутаа, хугаралттай байна гээд гипс рүү явууллаа. Гипс тавиулаад буцаад очтол буруу тавьсан байна гээд гипсийг минь дахин өөрчилж боолгов. Ийм олон хүнтэй байхад ч хүн тус бүрийн төлөө санаа тавьж чаддаг үнэхээр хариуцлагатай эмч нар олон байгаад чин сэтгэлээсээ талархав.

Эмч надад “Таныг одоо хэвтүүлнэ, шинжилгээ өгөөрэй” гээд дотогш явууллаа. Би дурангийн үзлэгт ороод, эмч нарын хэлснээр шууд хэвтэв.  Эмнэлэгт хэвтэх гэхээр “Ор олддоггүй” гээд яриад байдаг, яахаараа шууд хэвтүүлдэг байна гээд өөрөө ч их гайхав. Халтирч унасан, гэмтсэн хүмүүс дүүрэн тул намайг хэдэн өвчтөнтэй коридорт байрлуулав. Эмнэлэг маш үр дүнтэй ажилладаг болохоор хагалгаа хийлгэсэн хүнийг 3-4 хоногийн дотор хөл дээр нь босгоод л гаргадаг, тиймээс коридортоо авсан хүнээ шинжилгээ хийж, үзлэгт оруулж, эмчид хувирилж өгөөд, амь насанд халтай өвчтөнийг тэр дор нь хагалгаанд оруулж, арай гайгүйг нь төлөвлөгөөт хагалгаанд оруулдаг журамтай юм байна.  

Хоёр хоногийн дараа нийт 5 хүнтэй, саруулхан, цэвэрхэн  дотроо ариун цэврийн өрөөтэй тасгийн эзэн боллоо. Өглөө 06:00 цагаас эхлээд тариагаа хийлгэж, эмээ ууна,08:00 цагаас эмч нарын үзлэг явагддаг юм байна. Эмнэлгийн удирдлага, тасгийн ерөнхий эмч, бусад эмч нар, резидент эмч нар гээд 10-20 эмч үзлэг хийж өвчтөн бүрийг хариуцсан эмч нар нь танилцуулж, ямар эмчилгээ хийхээ ярьж байна. Намайг төлөвлөгөөт хагалгаанд оруулна гэв.

Эмнэлгийн үйлчилгээг амралтын газартай андуурах иргэд цөөнгүй байна

Хагалгаанд ороод гарсан хүний ярианаас сонсоход, үнэхээр аймшигтай өвддөг, хагалж огтолж байгааг нь мэдэрсэн гэхээр нь их айж түгшив. Хөндлөнгөөс харахад, манайхан их дураараа өөрөө өөрийгөө эмчилж байна. Зөвшөөрөлгүй эм тариа хэрэглэж, хориотой хоол хүнс их идэж байна. Эргэлт ч гэсэн амралтын газрын хүн эргэж байгаа мэт баахан өөх тостой бууз, хуушуур, банштай цай, цуйван авчирч байна.

ГССҮТ-ийн эмнэлгийн хоол нь үнэхээр сайн, өдрийн 3 удаагийн халуун хоолтой: өглөө- каш, өдөр -1, 2.р хоол, орой -шөлтэй хоолтой. Манай өөр нэг том эмнэлэг ажилчдын цайны газраа CU-д түрээсэлсэнтэй зүйрлэхгүй байна. Тус ГССҮТ-ийн удирдлага их хариуцлагатай, үнэхээр ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж чаддаг газар байна гэж дүгнэв. Тасгийг өдрийн хэдэн удаа нойтон цэвэрлэж, үйлчлэгчийнх нь шалны алчуур тэвхийтлээ өрсөн цагаан алчуур байна. Эмч, сувилагч, асрагч нар нь завсар зайгүй их ажилтай. Интернет, хэвлэл мэдээлэл, хувь хүний ярианаас дандаа хагалгаанд ороход эмч нар мөнгө авдаг гэж сонссон учир зарим хүмүүс яадаг юм гэж бие биеэнээсээ асууж байна. Гэтэл эднийх хаа очиж ямар ч авилга авдаггүй газар, мөнгө төгрөг өгсөн, нэхсэн гэж хэнээс ч сонсоогүй гэж ярилцаж байна. Үнэхээр л тийм юм байна. Таньдаг мэддэг эмч байна уу гэж гүйлдэх ч хүн байна. Хүнээр яриулах эд гэх мэт үйлдлийг авч хэлэлцдэггүй, арын хаалгагүй газар байна. Эрүүл мэндийн даатгалтай хүнд бүх үйлчилгээ, асаргаа, мэс засал, хоол унд үнэ төлбөргүй байна. Хагалгаанд орохын өмнө зүрхний бичлэг хийдэг, дахин шаардлагатай шинжилгээ авдаг, үнэхээр дэлхийн түвшинд үйлчилж байна.

 Ямар нэгэн талаар асуудал үүсвэл хүлээдэг юм байна. Хагалгааны өдөр болж, намайг орон дээр түрээд аваад явлаа. Замд дамжсан өрөөнүүд завсар хийх шаардлагатай л харагдаж байлаа. Хариуцаж авсан эмч маань залуу, чамбай, дуу цөөтэй,  маш хариуцлагатай, дээд зэргийн чадвартай, эмэгтэй байна. Мэдээ алдуулагч эмч ч бас залуу сайхан эмэгтэй байна. Мөрөнд түр хугацааны мэдээ алдуулсны дараа намайг нилээн хэдэн минут байршил тохь тухтай байгаа эсэхийг нягталж хэвтүүллээ. Нүүрний өмнө хаалт хийхээр юу ч мэдрэхгүй, гэртээ байхад гудамжинд машин явж байхад сонсогддог шиг холын зайнаас чимээ дуулдахаас өөр мэдрэгдсэнгүй. Надад ямар ч өвдөх, огтлох айдас зовиур мэдрэгдсэнгүй. Хагалгаа дуусч, түрээд аваад явахад өөр өрөөнүүдэд бас зөндөө хагалгаа явагдаж байна. Эмч нарын дийлэнхи нь сайхан залуучууд байна. Ялангуяа, эмэгтэй эмч нар үнэхээр гайхамшигтай байна. Мэс заслыг ер нь эрэгтэй эмч хийдэг гэж боддог байсан нь ташуу ойлголттой байжээ. Эмнэлэгт намайг цаашдын явцыг харж 3 хоног байлгаад, хүндрэлгүй тул гаргахдаа 1 өдрийн тариа, 2 өдрийн эм уугаарай гэж өгөөд, маш ойлгомжтой заавар хэвлэж, картанд хавсаргаад гаргав.

Улсын эмнэлгийн боловсон хүчинд улсын зүгээс анхаарал хандуулъя

Боолтонд үргэлжлүүлээд нилээн хэд хоног Гэмтэл дээрээ явлаа. Боолтны дараа сэргээн засах эмчилгээнд явлаа. Эмч нь нямбай, хариуцлагатай, ойлгомжтой тайлбарласан залуу сайхан эмэгтэй байна. Хажууд нь бас сувилагч, резидент эмч нь санаа тавьж, хэмжиж, зөвлөлгөө өгч, хүн болгонд хүрч ажиллаж байна. Намайг хариуцсан сэргээн заслын эмч нь том алаг нүдтэй, ганган халимагтай, мэргэжилдээ их дуртай, сайхан залуу байна. Хийх дасгал хөдөлгөөнийг минь ойлгомжтой тайлбарлаж хэлээд, миний гарыг овоо хөдөлгөөнд оруулж, 3 хоногийн дараа гутлаа үдэж чаддаг боллоо.

ГССҮТ хэмээх том эмнээг жирийн ард иргэдэд ч тэгш сайхан үйлчилдэг, дэлхийн түвшний үйлчилгээтэй газар болжээ. Энэ эмнэлэгт төр засаг, ЭМЯ, илүү их анхаарал хандуулж ажилламаар санагдаж байв. Эмч, боловсон хүчний дийлэнх  нь залуучууд байна. Эд нарт цалингаас гадна орон сууцны хөнгөлөлт, тусгай хангамж олгохгүй бол нэг нартай өдөр илүү цалин амласан хувийн эмнэлэг, гадаад руу яваад өгөхгүй гэсэн баталгаа үгүй. Улсын эмнэлэгийн боловсон хүчинд улсын зүгээс анхаарал хандуулмаар байна. Тус төвийн барилга нь завсар шаардлагатай, тоног төхөөрөмж, хангамж дутагдалтай нь хөндлөнгийн мэргэжлийн бус хүний нүдэнд ч илт харагдаж байна. Хажууд нь өргөтгөл барихгүй бол гудамж, хонгилд нь хүн эргэх зайгүй байна.

Тус төвийн дотроос ажиглахад нилээн хэдэн санаа төрлөө:

  1. Эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ байнга анхаарал тавих хэрэгтэй байна. Энд хаалганд хавчуулсан, гал тогооны цахилгаан хэрэглэлд гараа хийсэн, аав нь хажуудаа бүс зүүхгүй суулгаж яваад автын осолд орсон гээд олон хүүхдүүд ирсэн байв. Өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэг болон хороо хориноос тусгай санамж, заавар, телевизээр богино видео үзүүлж баймаар байна.
  2. Эрүүл мэндийн яамнаас дүүрэг, аймаг, сумдын эмнэлгийн мэс заслын эмч, сувилагч нарыг ГССҮТ дээр сургалтанд хамруулж байвал хагалгааны дараа өвчтөн буцаж ирэхгүй үр дүнтэй болно.
  3. Үйлдвэрийн осол, ажлын байран дээр хайхрамжгүй хандсанаас олон хүн ирсэн харагдаж байна. Тиймээс харьяа яамнаас нь хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хараа хяналтаа улам бүр чангатгах хэрэгтэй байна.
  4. Иргэд өөрөө өөртөө онош тавин дураараа загнах нь өөрт нь гай болно. Хамт хэвтэж байсан хүмүүс дотор ийм  дураараа зан үйл их харагдлаа. Гараа хугарахад бариач, бөө, лам залаад, тарваганы өөх залгиад, эцэст нь олон хоног шаналсны эцэст аймгаас Гэмтлийн бараа харсан хүн байна.
  5. Хот тохижилтын газар хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, цас цэвэрлэдэг машин худалдаж авмаар байна. Том, жижиг, бүх төрлийн машин байна. Давсанд төсөвлөсөн мөнгөөрөө цасны машин авбал хүний хөдөлмөр хөнгөвчилнө. Ихэнхи ард иргэдийн арай гэж хураасан, өр тавьж авсан машины доод талыг давсанд идүүлээд, өдөр цацсан давс орой хайлж, мөсөн дош болоход машин замаар гарч байгаа явган хүн тэрэн дээр нь халтирч гэмтэж байна. Хүн цасан дээр хальтраад сүртэй юм болохгүй, мөсөн дээр хальтирч л гар, хөлөө хугалж байна.
  6. Явган хүний зам дээр барилгын дотор заслын плита авчирч наахыг хориглох хэрэгтэй. Урд хөршийн цаг агаар өөр, манайд өвөл болдог гэдгийг машинаасаа буудаггүй, албан тушаалтнууд  ойлгохгүй байна. Социализмын үеийн бетонон, жижиг чулуу нь ил гарсан тийм явган хүний зам л зохистой, ядахдаа хальтрахгүй, түшицтэй. Давс биш нунтаг дайрга цацах манай нөхцөлд зохимжтой гэж монгол эрдэмтний бичсэнийг хэдэн жилийн өмнө сониноос уншиж байлаа.

Ингээд төгсгөлд нь ГССҮТ-ийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн нийт хамт олон, ерөнхий эмч, хагалгаа хийсэн хатан хааны нэртэй, чадвартай, үзэсгэлэнтэй эмчдээ дахин талархал илэрхийлье. Мөн тус төвийн нийт хамт олны ард иргэдийн эрүүл энхийн манаанд зогсох буянтай үйлсэд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.47)