Цэргүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн төслийг Төрийн Дум баталжээ
ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр эсвэл дайны байдал зарласан үед дайчлагдсан болон Батлан хамгаалах яамтай цэргийн алба хаах гэрээ байгуулсан хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталжээ. Санал хураалт гуравдугаар сарын 12-ны мягмар гарагт болсон байна.
Төрийн Думын цахим хуудсанд нийтэлсэн хуулийн төслөөс үзвэл, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа болон шүүх хурал нь болж байгаа, хөнгөн, дунд, хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс тус улсад дайчилгаа, дайны байдал зарласан тохиолдолд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж болно. Гэрээ байгуулах үед ял эдлэх гэж байгаа хүмүүс цэргээс халагдсаныхаа дараа, эсвэл төрөөс шагнал хүртсэн тохиолдолд хоригдох ялаа тэнсэн харгалзах ялаар солих боломжтой. Ялаа эдэлж байсан хоригдлуудын зан авирыг цаашид тэдний цэргийн ангийн удирдлагууд хянах аж.
Харин экстремизм, терроризмын тухай зүйл заалтаар, мөн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл ажиллагаанд уриалсан, төрөөс урвасан, “үл таашаагдах байгууллагууд”-тай хамтрах ажилласан зэрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүст энэ хууль үйлчлэхгүй байна. Мөн хүчингийн гэмт хэрэг, Үндсэн хуулийн тогтолцооо, улс орны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байгаа хүмүүст фронт руу явахыг зөвшөөрөхгүй.
Хуулийн төслийг Думын хууль тогтоомж, төрийн байгуулалтын хорооны дарга Павел Крашенинников, батлан хамгаалахын байнгын хорооны дарга Андрей Картаполов, сенатч Андрей Клишас нар хамтран боловсруулжээ. Тэд бүгд “Нэгдмэл Орос” намын гишүүд юм.
Дайчлагдсан болон гэрээт цэргийн алба хаагчдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийг Орост өнгөрсөн онд баталж байсан юм. Тодруулбал, Батлан хамгаалах яамыг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байсан, ялаа эдэлсэн эсвэл яллагдаж байсан хүмүүстэй гэрээ байгуулах боломжтой болгосон хуулийн төслийг Төрийн Дум өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан байна. П.Крашенинниковын хэлснээр, хуучин хууль нь "түр зуурын шинжтэй" байсан аж.
Фронтоос буцаж ирсэн гэмт хэрэгтнүүд гэмт хэрэг үйлдсээр байгаа тухай Оросын хэвлэлүүдэд бичжээ. "Верстка" сонинд бичсэнээр, өнгөрсөн онд л гэхэд “Вагнер” цэргийн хувийн компанид цэргээр элсүүлж, өршөөлөөр суллагдсан хоригдлуудын эсрэг 200 шахам эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэдний ихэнх нь хулгай, дээрэм, тонуулын гэмт хэрэг үйлджээ.
Эх сурвалж: МОСКВА /DW/.