Нас барсан алба хаагч бага насны таван хүүхэдтэй бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгчээ
Онцгой байдлын ерөнхий газраас гал унтрааж байсан алба хаагч нас барсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Ж. Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал "Өнөөдөр 10.28 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэн. Гурван давхар барилга галд өртсөн. Галын тархалтыг 12.40 цагт унтраасан. Нийслэлийн аврах долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. 15.00 цагт галыг бүрэн унтраасан.
Энэ галд онцгой байдлын нэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа. Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Одоо хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзлэг хийж байна" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Онцгой байдлын албан хаагчид амь насаа алдаж байна. Хамгаалах хувцас хэрэгсэл дутуу байна уу. Эсвэл тактикийн алдаа гараад байна уу?
-Хамгийн дээд талын давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан байна. Доод хоёр давхрыг зоорь болгон ашиглаж байсан. Энд шатамхай зүйл хадгалагдаж байсан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа.
Алба хаагчдын хувьд хөдөлмөр хамгаалал, хувцас хэрэглэл дутагдалтай зүйл байгаагүй.
-Бусад албан хаагчийн биеийн байдал ямар байна вэ?
-Амь нас эрсэдсэн алба хаагчийн үхлийн шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Бусад алба хаагчийн биеийн байдал хэвийн байгаа. Мөн галд бэртсэн, өртсөн иргэн байхгүй.
-Нас барсан алба хаагч бага насны олон хүүхэдтэй гэсэн. Ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?
-Нас барсан албан хаагч онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан. Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Ам бүл зургуулаа бага насны таван хүүхэдтэй албан хаагч байсан.
-Тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгсөн ч шийдэж өгөөгүй юм байна. Яагаад тэтгэвэрт нь суулгаагүй юм бэ?
-Хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл манай хүний нөөцөд байгаа байх. Энэ талаар эргээд мэдээлнэ. Онцгой байдлын байгууллагын албан хаагчид тодорхой хугацаанд ажилласны дараа тэтгэвэртээ гардаг.