Баруун бүсэд төмөр арматурын үйлдвэр байгуулна

Монгол Улс, БНХАУ-ын талууд “Ховд-Шинжаан” бизнес форум зохион байгуулллаа. Форумын үр дүнд Монгол Улсын баруун бүсийн анхны төмөр арматурын үйлдвэр байгуулах хэлэлцээрийг "Булган Түшиг" компани БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны “Хуангчэнг Энержи” компани хооронд байгууллаа.

Мөн Ховдын Аж үйлдвэрийн парк болон БНХАУ-ын Шинжааны “Үй Тиан” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.

Арматурын үйлдвэр нь 50 мянган тонны, баруун бүсийг төмөр, арматураар бүрэн хангах хүчин чадалтай байх аж. Үйлдвэрийн бүтээн байгуулалт энэ оны тавдугаар сард эхэлж, 10 дугаар сард бүрэн ашиглалтад орохоор тооцжээ. Ингэснээр баруун бүс барилгын орцын 70 хувийг бүрдүүлдэг цемент, арматурыг дотоодод үйлдвэрлэх боломжтой болно.

“Ховд-Шинжаан” бизнес форумыг Монгол Улсын талаас ГХЯ, ЗХТЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, МҮХАҮТ, БНХАУ-ын талаас Шинжаан Уйгарын Өөртөө засах орон (ШУӨЗО)-ны Ардын Засгийн газар, Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нар оролцож үг хэлсэн юм.

Форумд Монгол Улсын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир хувцас боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар туршлага солилцов.

Форумын үеэр сүүлийн 15 жил зогсонги байсан Монгол Улсын баруун бүс, БНХАУ-ын Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн харилцааг сэргээх, идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдсан талаар мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.136)