Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Мо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төсөл өргөн мэдүүлэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу уг хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж буйг танилцуулав.
Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байна.
Эдгээр алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг салбарын хуулиудаар мөн тусгайлан зохицуулж байна. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулиар “Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно”, Монгол Улсын хилийн тухай хуулийн 38.4-т “Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно”, Цагдаагийн албаны тухай хуулийн 86.1-д “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” зэргээр ялгамжтай тогтоосон.
Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах нөхцөл, шалтгааныг зааж өгсөн бөгөөд салбарын бусад хуультай уялдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний улмаас, түүнчлэн гэмт хэргийг таслан зогсоох үед нас барсан тохиолдолд цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг тусгах шаардлагатай байна. Мөн цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа, тэдгээрийн гэр бүл өнөөдрийн нийгэмд гэр бүлийн нэг гишүүнгүйгээр үргэлжлүүлэн амьдрахад шаардлагатай нийгэм хамгааллыг сайжруулах, бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Түүнчлэн хуулийн төсөлд цэргийн алба хаагч байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалахдаа онцгой гавьяа байгуулан амь насаа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан гэлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын алба хаагчдын гэр бүлд олгох тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж, нийгмийн баталгаа сайжирч, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.