Орос, монгол хоёр чөлөөт худалдааны бүс байгуулж чадах уу?

Оросын сэтгүүлч Александр Щекаловын “Гражданские силы” сонинд бичсэн нийтлэлийг товчлон  хүргэж байна.

 

Монгол бол Оростой харилцах эдийн засгийн харилцаа нь эдийн засгийн хүчин зүйл төдийгүй бат бэх түүхэн уялдаа холбоогоор тодорхойлогдсон, Азийн төв дэх улс юм. Гэхдээ хоёр орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулж чадахгүй олон жилийг үдэж байна. Асуудлын учиг нь юу вэ?

Газарзүйн  детерминизм

    Орос, Монголын харилцаанд хоёр орны газарзүйн байрлал гол үүрэг гүйцэтгэдэг. Бүхий л талаараа Орос, Хятадын нутгаар хүрээлүүлсэн Монгол Улс энэ хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Энэ нь Оросын эсрэг АНУ болон түүний холбоотнууд хориг тавьсны дараа илүүтэй тод илэрсэн юм. Монгол Улс Оросын түлшнээс хамааралтай байдгаасаа болж ихээхэн хүндрэлтэй тулгарч байлаа.

Манай орны эрчим хүчний компаниуд болон банк хязгаарлалтад өртсөн тул нийлүүлэлтийн төлбөр хийхэд хүндрэл учирч байв.     Түүнчлэн, Европын агаарын тээврийн компаниуд Оросын нутаг дэвсгэрийг тойрч, Хойд туйл дээгүүр эсвэл өөр чиглэлээр нисэх шийдвэр гаргасан нь ч Монголын эдийн засагт нөлөөлсөн юм.

Энэ шийдвэрийн улмаас агаарын тээврийн компаниуд тухайн улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэж өнгөрснийхөө төлөө төлдөг навигацийн хураамжаас олох орлого алдагдсан.  Ингэснээр Улаанбаатар давхар хоригийн нөхцөлд орсон бөгөөд энэ нь тус улс эрчим хүч, тээврийн холбоо харилцааны салбарт Оросоос хамааралтай байдгийг дахин нэг харуулсан юм.

    Монголын эрх баригчид энэхүү хамааралтай байдлыг багасгаж, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхийн тулд Австрали зэрэг бусад орнуудтай хамтран ажиллаж, нийлүүлэлтийг солонгоруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна.

  ОХУ бол Монголын хувьд стратегийн түнш гэдгээрээ асар их ач холбогдолтой орон. Сүүлийн үед Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжих болсон нь хоёр орны хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг харуулж байгаа хэрэг.

Худалдаа, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, түүнчлэн хүмүүнлэгийн салбар гээд олон салбарт Москва Улаанбаатарын хувьд чухал гэдэг нь илэрхий байдаг. Тиймдээ ч хоёр орон тусгай хэлэлцээрт гарын үсэг зурах замаар харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг юм.

    Монгол Улс ОХУ-тай харилцах хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдгийн дээр ОХУ-ыг гадаад бодлогынхоо тэргүүлэгч чиглэлүүдийн нэг гэж үздэг. Монгол, Оросын төлөвлөгөөнд монгол мах, ноолуур, арьс, ширийг ямар нэг саад бэрхшээлгүйгээр экспортлох чөлөөт худалдааны төв байгуулах ажил багтдаг. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Эдгээр алхам нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм.

    Гэхдээ, чөлөөт худалдааны бүс тогтоох тухай хоёр талын яриа хэлэлцээ 2018 оноос эхэлсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайн үед ОХУ-ын Үйлдвэр, худалдааны сайд мэдэгдэл хийхдээ хоёр орны хоорондын бараа эргэлтийг нэмэгдүүлэх цаашдын хандлага, тээврийн харилцааг сайжруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Орос, Монголын төмөр зам байгуулахаар төлөвлөж байгаа талаар онцолж байлаа. Чөлөөт худалдааны бүс байгуулах нь бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн дээр гадаадын зах зээл дээр байр сууриа олоход нь Оросын бизнесийнхэнд туслах зорилготой юм.

Чөлөөт худалдааны нэгдсэн бүсийг яагаад байгуулж чадахгүй байгаа вэ?

    “Чөлөөт худалдааны бүсийг байгуулахад өргөн хүрээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой харилцан ашиг сонирхол байх ёстой. Харин Монголтой чөлөөт худалдааны бүс байгуулахад ийм нөхцөл бүрэлдэхгүй байна. Монголын эдийн засагт одоогоор хүнс болон түүхий эдийн үйлдвэрлэл давамгайлж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр талын ашиг сонирхол нийцэхгүй байгаа юм” хэмээн эдийн засагч Бихаил Беляев өгүүлсэн юм. Түүний үзэж байгаагаар, чөлөөт худалдааны бүс байгуулахад саад болж байгаа өөр нэг хүчин зүйл нь тооцооны асуудал бөгөөд “хоёр тал руу рубль эсвэл төгрөгийн урсгал жигд орж байхуйцаар үндэсний валютаар тооцоо хийхийн тулд худалдаа тэнцвэртэй байх ёстой” аж.

Эдийн засагчийн онцолсноор, татваргүй худалдааны тохиролцоонд хүрэхийн тулд бараа эргэлтийн хэмжээ эзлэхүүнээрээ төдийгүй нэр төрлөөрөө илрэх тодорхой нөхцөлүүдийг хангасан байх ёстой гэнэ. “Хоёр тал хэчнээн ч хэлэлцээ байгуулж болно. Гэхдээ энэ нь мөрдөгдөхгүй, хэрэгжихгүй ч байж мэднэ. Манай хоёр орны хувьд гэрээ байгуулах хэтийн төлөв бол байна, гэхдээ одоогоор цаг нь болоогүй” хэмээн Михаил Беляев өгүүлсэн юм.

    Улаанбаатар Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх боломжтой эсэх тал дээр тэр бээр байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улс одоогоор эдийн засгийн тал дээр төдийлөн бие даагаагүй, удаан хугацаанд барууныг баримталсан бодлоготой байсан, мөн урт хугацаанд Хятадын нөлөөнд байна. Евроазийн эдийн засгийн холбоо бол Орос болон хуучин ЗХУ-ын орнуудтай ойртох нөхцөлийг бий болгодог, тиймээс одоогоор ийм саад бэрхшээл байгаа юм” хэмээн онцолжээ.

 

Эх сурвалж: https://gr-sily.ru/

 

   Орос хэлнээс орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.86.38)